Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөр хийх хугацааг хойшлууллаа

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу энэ сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд төлбөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, тэдний хүсэлтээр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд гаргажээ. Коронавирусийн тархалтын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдлыг нь хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор ийн шийдсэн гэв.

Уг хөнгөлөлтөд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж буй, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй гэнэ. Дээрх вирусийн тархалтаас үүдэн бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтийн хуваарьтаа өөрчлөлт оруулах хүсэлт гаргах бол info@smefund.gov.mn цахим хаяг, шуудангаар илгээх боломжтой, биечлэн ирэх шаардлагагүйг ХХААХҮЯ анхааруулав.

Бэлтгэсэн: Ц.Ундрах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)