Хөл хорьсон ч тархи хоригдоогүй

“Титэм” хэмээх сайхан нэртэй, муухай вирусийн улмаас дэлхийн хүн амын бараг тал хувь нь хөл хорионд ороод байна. Тэдний 1.7 сая нь хүүхэд, залуус гэсэн тоон мэдээлэл бий. Харин Монголд албан мэдээллээр сургууль, цэцэрлэгийн насны 903 мянган хүүхэд гэртээ өнжиж байна. Тэд өдрийг хэрхэн өнгөрүүлж буй бол.

Хорио цээрийн үеэр гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, хүүхдийн тусламжийн дуудлага өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн. Гэртээ галгүй, гэдсэндээ хоолгүй зутруухан суугаа хүүхэд ч цөөнгүй. Эцэг, эх нь ажилдаа явсан хойгуур нялх дүү нараа асарч тойлох “том” ах, эгч ч бишгүй. Найз нөхөдтэйгөө уулзах нь бүү хэл, байрныхаа дэргэдэх дэлгүүрт ч орох эрхээ хасуулсан тэдний үүрэг, хариуцлага харин эсрэгээрээ огцом нэмэгдсэн. Цахим багш, цахим найз, цахим сургалт гээд өдөр тутам байнга л цахимтай нөхөрлөх болов. Хичээл, сургалт нь хүртэл зурагтаас хамааралтай болоод байгаа энэ үед хүүхдүүд гар утсанд донтох нь нэмэгджээ. Энэ бүх саар мэдээний хажуугаар сайн зүйл ч бас бий. Ялангуяа ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар сайтай монголчууд хөл хорионы үеийг илүү үр бүтээлтэй өнгөрөөх аргад суралцсаар байгаа юм. Онлайнаар гадаад хэл сурч, ажлаа гэрээсээ амжуулж, хүүхэд хүмүүжлийн шинэ аргуудад ч суралцаж буй. Хамгийн сайхан нь эцэг, эхчүүд бага насны хүүхдүүддээ үлгэр уншиж өгч, тэднийг номтой нөхөрлүүлэх болжээ. Номын дэлгүүр болон элдэв зарын группэд хүүхдийн ном хайсан, худалдаж авах гэсэн аав, ээж цөөнгүй.

Зарим эцэг, эх, төрийн бус байгууллагынхан өөрсдийн санаачилгаар хүүхдүүдэд цахимаар ном уншиж өгч, түүнээс сурч, мэдсэнээ бусдад хуваалцах боломж олгож байгаа юм. Тухайлбал, “Амар өргөө” хэмээх номын худалдаа эрхэлдэг компанийн хамт олон өөрсдийн эрхлэн гаргадаг бүтээлийг хэн сайн уншиж, ойлгосноо ярих вэ гэсэн аян өрнүүлэв. Хувь хүний хөгжил, сэтгэл зүй, хүүхдэд зориулсан ном эрхлэн гаргадгаараа онцлог тус байгууллагынхан аянд оролцсон бүх хүүхдийг урамшуулан, ном бэлэглэсэн нь тэдний унших сэдлийг улам нэмж өгснийг эцэг, эхчүүд онцолсон. 

Тус компанийг үүсгэн байгуулагч П.Амарсанаа “Дэлхийн хүүхдийн номын өдрүүдийг тохиолдуулан мөн цар тахлын улмаас гэрийн хорионд байгаа хүүхдүүд номтой илүү нөхөрлөөсэй гэсэн зорилгоор энэ аяныг өрнүүллээ. Гэртээ ихэвчлэн зурагт үзэж, утас шагайж буй хүүхдүүд түр ч болов завсарлаж, ном шимтэн уншаасай, уншсан зүйлийнхээ талаар бусадтай хуваалцаасай гэж хүссэн юм. Сэтгэгдэл явуулсан хүүхдүүдийн олонх нь 6-7 настай байсан. Энэ нь ийм насны хүүхдүүдэд эцэг, эхийн нөлөө илүү байдгийг харуулж буй. Уншсан номынхоо талаар тэмдэглэл болон сэтгэгдэл бичих уралдаан дахин зохиох байгуулна” гэв. Эцэг, эхчүүд хүүхдэдээ ном унших дадал хэвшүүлэхгүй бол багачууд өсвөр насандаа номтой нөхөрлөх нь бага болдгийг тэрбээр хэллээ.

Мөн хөл хорионы үеэр хүүхдүүдийг ном унших, сонсоход уриалсан өөр нэг хүн бол Ж.Бадамзул гэх эмэгтэй. Тэрбээр нөхөр, хүүхдүүдийнхээ хамт цахимаар ном уншиж өгдөг юм. Тэд гарт тааралдсан номоо аваад л дуржигнатал унших биш, номыг маш өндөр шалгуураар сонгож, жүжигчнээс дутахгүй ур чадвар гарган уншдаг учраас хүүхдүүд сонсох дуртай юм билээ. Уншиж өгөх номоо сонгоод, текстийг нь эх болгон бэлтгэж, үйл явдалд нь тохирсон зураг гаргадгаар онцлог. Ж.Бадамзул “Манай хүү, ах, эгчийн минь хүүхдүүдтэй хамт уншиж эхлэхэд бусад нь “Би ном уншиж өгч болох уу” гэж асуусан. Тэд гэртээ уншсан номынхоо бичлэгийг бидэнд явуулдаг боллоо. Одоогоор хүүхдүүд минь 16, нөхөр бид хоёр 10 удаа ном уншиж өгсөн. Мөн англи хэлээр эхэлж уншаад, түүнийгээ орчуулж өгдөг.

Ингэснээр хүүхдүүд англи хэлний авиа зүй сурах, үгсийн сангаа баяжуулах, үг нүдлэх, зөв дуудлагатай болоход нэмэртэй юм. Харин монгол хэлээр хэвлэсэн номоос хүүхдэд сургамжтай, танин мэдэхүйд нь тустайг сонгодог. Биднээс санаа аваад эцэг, эхчүүд хүүхдэдээ ном байнга уншиж өгөөсэй гэж бодож байна. Хүүхдийг нялх үеэс нь зөв хүмүүжүүлж, өсгөхөд ном их тустай. Сайн бичсэн үлгэр, номоор дамжуулан хүүхэд тухайн дүрийн оронд өөрийгөө тавьж мэдрэх гээд бяцхан ертөнцөө шинээр нээдэг юм. Өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн суурь боловсрол, хөгжлийг багачуудад зориулсан тусгай номоор дамжуулан олгодог” гэж ярьсан юм.

Хөл хорионы нэг ололт нь эцэг, эхчүүд хүүхдүүдээ ном уншихад уриалж, худалдан авч өгч буй явдал. Хэдийгээр номын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 50 хувь буурсан ч зорьж очоод хүүхдэдээ ном авч буй аав, ээж цөөнгүйг “Мажестик” номын дэлгүүрийн зохион байгуулагч хэлсэн. Тус дэлгүүрийн хүүхдийн номын тасагт багагүй саатан, хичээнгүйлэн ном хайж яваа нэгэн бүсгүйтэй уулзлаа. Түүнийг Т.Очирдарь гэдэг бөгөөд “Боловсролд суурилсан хөгжил” ТББ-ын тэргүүн аж. Ном сонгохдоо ямар шалгуур тавьж буйг нь тодруулахад “Хүүхдийн номын үг хэллэг, найруулгыг хянах зөвлөл байдаггүй нь харамсалтай. Гаднаас нь харахад гял цал, сайхан ч агуулга муутай ном цөөнгүй болж. Би хоёр, 12 настай хүүдээ ном авахаар явж байна. 

Номын хийц, агуулга, хүүхдэд зориулсан хэлбэрээр бичигдсэн байх нь их чухал. Тухайлбал, хоёр настай хүүд минь сонирхолтой, хурц ирмэггүй, зураг олонтой, хэдхэн өгүүлбэрээр гол санааг нь гаргасан ном тохиромжтой. Мөн ийм насны хүүхдүүд ном хайрлах төлөвшилгүй учраас гарын аяыг нь даах бат бөх байвал зүгээр. Би хүүдээ ном уншиж өгөхдөө тухайн үлгэрийн дүрд орж, дуу хоолойгоо өөрчилдөг. Харин том хүүдээ “Өндөр бүтээмжтэй өсвөр насныхны долоон дадал” гэдэг номыг санал болгосон. Хүү минь амтархан уншиж байгаа. Том хүүдээ төдийлөн ном уншиж өгч чаддаггүй байсан учраас өсвөр насандаа унших сонирхол багатай байгаа нь анзаарагдсан. Хоёр настайгаас нь эхлэн ном авч өгсөн ч хүчээр номд дуртай болгож чадаагүй. Номд дуртай болгоход эцэг, эхийн оролцоо маш чухал юм билээ” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)