Хөл хорионы үеэр “хормойн” өвчин гаарлаа

Хүн төрөлхтөнд яг одоо коронавирусээс өөрсдийгөө хамгаалах л амин чухал хэрэгцээ байна. Бусад нь “Ковид-19”-ийн давлагаанд хэдийн дарагдсан. Манай улс ч гэсэн дэлхий нийтийн жишгээр бүх салбарынхаа үйлчилгээг хумьж, эрүүл мэндийн байгууллагууд ч шаардлагагүй тохиолдолд иргэдийг хэвтүүлэн эмчлэхгүй, эмнэлэгт аль болох олон хүн цуглуулахгүй, эрхтэн шилжүүлэн суулгах болон төлөвлөгөөт хагалгаануудыг хойшлуулсаар буй. Гэхдээ цар тахал байгалийн хуулиараа хэзээ нэгэн өдөр намжиж, дэлхий нийт хачиг шиг наалдсан энэ муухай өвчнөөс салах нь гарцаагүй. Харин тэр үед улс орнуудад бусад асуудал мундахгүй “ургана” гэдгийг судлаачид хэлж байна.

Тэр нь юу вэ гэхээр хүн амын дунд амьсгалын замынхаас бусад халдварт болон халдварт бус өвчин эрүүл мэндийн салбарт нь хүнд ачаа үүрүүлэх төлөвтэй. Эрхтэн шилжүүлэх хагалгаа оройтсоны сөрөг үр дагавар, төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулсны уршиг, архаг, суурь өвчтэй хүмүүсийн жил бүр тогтмол хийлгэдэг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ тасалдсаны гор зэрэг нь үүнд багтах аж. Мөн бэлгийн замын халдварт өвчин ч асуудал дагуулах хэмжээнд хүрэх гэнэ.

Харин манайд “хормойн” өвчин хэзээнээс л нийгмийн үзэгдэл болтлоо дэлгэрснийг бид олон ч цуврал нийтлэлээрээ хөндсөн билээ. Тэр дундаа тэмбүү өвчин нөхөн үржихүйн насныхны тулгамдсан асуудал болчихоод буй юм. Бэлгийн замын халдварт өвчин эдүгээ “түүхэнд” байгаагүйгээрээ нэмэгдсэнийг удахгүй өгүүлэх тул ингээд орхиё.

Шинэ вирусийн халдвар дэлхийд бүртгэгдсэнээс хойш манай улс хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн, үе шаттайгаар тогтоож байгаа. Үүний нөлөөгөөр бүх салбарт эерэг болон сөрөг үр дагавар гарсаар байна. Сайн мэдээг нь эхлээд дурдвал, он гарснаас хойш буюу өчигдрийн байдлаар улсын хэмжээнд амьсгалын замын халдварт өвчин өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 13 хувиар буурчээ. Үүний дотор томуу, томуу төст өвчин өнгөрсөн оныхоос 3.1, сүүлийн гурван жилийн дунджаас 2.2 хувиар багассаныг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгааг харвал энэ оны эхний гурван сард улсын хэмжээнд амьсгалын замын халдварт өвчний 2630 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын 27.9 хувийг эзэлжээ. Энэ нь өмнөх оны 1-3 дугаар сарынхтай харьцуулахад 1485-аар буюу 36.1 хувиар буурсан дүн юм байна. Өнгөрсөн өвөл ханиад, томууны өвчлөл оргилдоо хүрч, хорон вирусийн уршгаар хүүхэд, том хүнгүй уушгины хатгалгаа тусаж байв. Нэгдүгээр сарын 7-нд томуу, томуу төст өвчний тархалт 10 мянган хүн тутамд 53 байсан бол хоёрдугаар сарын 4-нд оргилдоо хүрч, 104 болсныг эргэн сануулъя. Харин үүнээс хойш өвчлөл эрчимтэй буурсаар, уг үзүүлэлт 15 болтлоо цөөрсөн. Үүний шалтгаан нь ч тодорхой. Иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болж, гараа тогтмол угаан, амны хаалт зүүж хэвшсэн нь өвчин буурахад хамгийн их нөлөөлснийг эмч, мэргэжилтнүүд хэлж буй. Цаашид ч улирлын томуу дэгдэх болгонд нийтээрээ энэхүү дадал, хэвшлийг үргэлжлүүлэн сахиснаар халдварт өвчний тохиолдлыг бууруулан, улмаар хүүхдүүд уушгины хатгалгаагаар эндэхгүй гэсэн үг.

Улс нийтээр хөл хорио тогтоосноос хойш нөхцөл, байдлыг ерөнхийд нь авч үзвэл, зөвхөн ханиад, томуу ч биш, бусад халдварт өвчин үлэмж хэмжээгээр буурчээ. Тухайлбал, он гарснаас хойш ялангуяа нийслэлийн хэмжээнд салхинцэцэг, гар, хөл, амны өвчин, улаан эсэргэнэ, цусан суулга, хоолны хордлого болон гэдэсний бусад халдвараар өвчлөгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 120-800-гаар цөөрсөн байна. Харамсалтай нь, эдгээр сайн мэдээ бэлгийн замын халдварт өвчинд “үйлчлэхгүй”. Тодруулбал, улс коронавирусээс сэргийлж, хорио цээрийн дэглэм тогтоосон ч бэлгийн замын халдварт өвчин буураагүй байна. Бүр өнгөрсөн жилийн тайван байх үеийнхээсээ ч нэмэгдсэн нь хачирхалтай.

Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар 23 төрлийн халдварт өвчний 9434 тохиолдол бүртгэгдсэнээс 4883 нь бэлгийн замынх байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт аж. Энэ нь өнгөрсөн оныхоос 1123-аар буюу 30 орчим хувиар нэмэгдсэн дүн юм байна. Ингэснээр “хормойн” өвчин нийт халдварын 51.8 хувийг эзлэх болжээ. Бэлгийн замын өвчин өнгөрсөн хугацаанд нийт халдварын 40-өөс илүү хувийг эзэлж байгаагүйг судалгааны олон баримтаас харж болно. Түүний дотор тэмбүү 39.8, заг хүйтэн 31.1, трихомониаз 29.1 хувийг тус тус эзэлжээ.

Бэлгийн замын халдварт өвчин “түүхэн” үзүүлэлтээ давахад тэмбүү өвчин голлон нөлөөлснийг судлаачид хэлэв. Энгийн үед бүртгэгддэг байснаасаа уг өвчин 600 орчим тохиолдлоор нэмэгдсэн байна. 10 мянган хүн тутамд уг өвчний тархалт Сэлэнгэ, Баянхонгор, Увс, Хөвсгөл, Дорнод, Дундговь аймаг болон Улаанбаатарт улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа аж. Өвчтөнгүүдийн олонх нь ид хийж бүтээх насны залуус байна. Түүнчлэн он гарснаас хойш төрөлхийн тэмбүү өвчнөөр хоёр хүүхэд эндсэн бол ХДХВ/ДОХ-ын халдварын тохиолдол мөн хоёроор нэмэгдэж, нийт 288 болсон талаарх таагүй мэдээг албаныхан дуулгасан.

Манай улс бэлгийн замын халдварын тандалт, судалгааг хийхдээ дөрвөн өвчний тархалтад үндэслэдэг. Үүнд тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ХДХВ/ДОХ багтдаг. Эдгээр өвчин буурвал халдвар багаслаа гэж үздэг. Харамсалтай нь, уг дөрвөн өвчний тохиолдол бүгд нэмэгдсэн байгааг уншигч та А1 нүүрний графикаас харсан биз ээ. Бэлгийн замаар дамждаг халдварт өвчин нэмэгдсэн шалтгааныг эмч нар нэг талаар илрүүлэлт сайн байгаатай холбон тайлбарласан. Тодруулбал, 2019 оны зургадугаар сараас улс даяар “Тэмбүүг устгая” кампанит ажлыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх болсон билээ. Үүний хүрээнд жирэмсэн эхчүүдийн хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг бууруулан, хүн амын дундах халдварыг илрүүлж, устгах зорилт тавьсан. Мэргэжлийн байгууллагууд ч нийслэл, орон нутагт тэмбүүгийн үзлэг, шинжилгээ, эмчилгээг тодорхой хэмжээнд хийсээр байгаа аж. Гэсэн ч бэлгийн замын халдварт өвчин 100 хувь шахам тухайн хүний хариуцлага, сахилга баттай холбоотой байдаг тул албаныхан хүчирдэггүйгээ нуудаггүй. Хөл хорионы үеэр “хормойн” өвчин нэмэгдсэн бас нэг шалтгаан нь олон салбарт ажилгүйдэл нүүрлэж, ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ.

Иргэд амны хаалт зүүж, гараа тогтмол угаадаг болсноор амьсгалын замын аливаа халдвараас сэргийлж болдгийг эдүгээ мэддэг болсон. Гэтэл хүний удамшлын мэдээллийг өөрчилж, үр хүүхдийнх нь цусанд хүртэл “хар тамга” дардаг тэмбүү өвчнөөс нийтээрээ ангижирч чадахгүй гэж үү. Аливаа юмыг амархан хүлээн авч, дасан зохицох чадвартай монголчууд харин ч чадна гэдгийг эмч нар баттай хэлсэн. Хамгийн гол нь тохиолдлоор бэлгийн харьцаанд орохгүй байх, бэлгэвч хэрэглэж хэвших нь халдвараас өөрийгөө, үр удмаа хамгаалах энгийн, үр дүнтэй арга гэдгийг мэргэжлийнхэн зөвлөлөө. Тэмбүү өвчин улаанбурхан, салхинцэцэг шиг нэг тусаад дархлаа тогтдоггүй учраас эмчлүүлээд эдгэрсэн ч дахин өвдөхгүйн төлөө өөрсдийгөө хамгаалаарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)