Хөл хориогоо сулруулсан 30 оронд өвчлөл эрс нэмэгджээ'

“Ковид-19”-ийн сүүлийн үеийн зарим судалгааны үр дүнгээс хүргэе.

Европын 25 оронд “Ковид-19”-ийн оргил үе тохиосон дөрөвдүгээр сард 582 хүүхдийг хамруулсан судалгааг Британийн эрдэмтэд хийжээ. Европ хүүхдүүдийн дунд нас баралт бага байсан бөгөөд шинж тэмдэг хөнгөн илэрч, 10 хүүхдийн нэг нь эрчимт эмчилгээнд оржээ. Тэдний 65 хувьд ходоод, гэдэсний хямрал илэрсэн гэнэ.

Европын Холбооны улсуудад хөл хориог сулруулж эхэлснээс хойш 30 оронд “Ковид-19”-ийн өвчлөл эрс нэмэгджээ. Ялангуяа Герман, Польш, Испани, Израил, Британид сургууль, нүүрсний уурхай, махны үйлдвэрт халдвар голомтлон тархжээ.

Британийн эрдэмтэн Бенедикт Майкл тэргүүтэй судлаачид “Ковид-19”-өөр хүнд өвчилсөн 125 хүнийг судалгаанд хамруулжээ. Хүнд өвчтөнүүд цус харван, зөнөглөх өвчинд өртөж болзошгүй гэж судлаачид үзсэн байна. Учир нь судалгаанд хамруулсан 77 хүний тархинд цус харваж, 39 өвчтөнд зөнөглөх шинж тэмдэг илэрчээ.

БНХАУ-ын нийслэл Бээжинд “Ковид-19”-ийг илрүүлэхэд зориулж өндөр хүчин чадалтай явуулын лаборатори ажиллуулж байна. Оношилгооны хэсэгт бүрэн автомат 14 төхөөрөмж ажилладаг. Нэг төхөөрөмж нь нэг удаад 96 сорьц шинжлэх хүчин чадалтай.

Ямар нэг суурь өвчингүй, залуу хүмүүс ч коронавирусийн улмаас нас барах магадлал нэмэгдсэнийг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс анхааруулав.