Хөл, толгойгүй харилцаа

Засгийн газрын ...дүгээр байрны угтагчийн хэсэгт болсон яриа:

-Ах аа, ... даргатай уулзах гэсэн юм.

-Миний дүү, цаг авсан уу?

Нэгэн банкны харуул:

-Хүүе, эндээс дугаар аваад, дарааллаараа үйлчлүүл.

-Чи хэн юм бэ...

Монголын нийгмийн албан харилцаанд “ах, эгч, дүү, чи” зэрэг үг бүр “дархлагдчихжээ”. Гэр бүл, ахуйн хүрээнд хэрэглэдэг “агаа, аниа” гэсэн тодорхойгүй, ойлгомжгүй үг ч албан байгууллага, автобус, дэлгүүр, зах гээд хаа сайгүй “тэнэж”, нийгмийн олон талт харилцаанд “хүндлэлийн” илэрхийлэл болчихож. Таних, танихгүй хэн бүхнийг ах, эгч, эмээ, өвөөгөө “болгон” дотносдог ийм “соёлтой” харилцаа Монголоос өөр газарт байдаг болов уу. 

Нэг талаас бидний онцлогийг харуулах зүйл гэж зарим нэг маань өмөөрч болох ч, нөгөөтээгүүр бол албаны, ажил хэргийн харилцаанд дэндүү назгай, бүдүүлэг, үл хүндэлсэн дүр төрхийн илэрхийлэл гэхэд хатуудахгүй. Ийм “заваан” байдлыг халахгүй бол горьгүй нь.

Хүн ахтай, дээл захтай гэсэн сайхан үг бий. Бусдыг, ахмадыг хүндэл гэсэн эл үгний утга учрыг ухаад үзвэл бас эрэмбэтэй, зах замбараатай бай гэж сануулсан хэрэг. Ахан дүүс, найз нөхөд, өөрөөр хэлбэл, хувийн харилцаанд “ах, эгч, аниа, агаа” өөр хэн гэдэг юм, дураараа байж болох ч олон нийтийн, албаны, өдөр тутмын ажил үүргийн, нийгмийн харилцаанд хэрэглэх үг, хэллэг тусдаа баймаар санагдана. Энэ бол хэдхэн үгийн тухай ойлголт биш, харилцааны ёс зүй гэсэн өргөн агуулгатай ухагдахуун гэдгийг соёлтой хүн бүхэн мэднэ. 

Үүнд нэг зүйлийг онцлоход, байгууллага, хамт олны найрсаг уур амьсгалаас үүдэлтэй харилцааны хэм хэмжүүрийг энд хөндөх гэсэнгүй. Хамгийн гол нь олон нийтийг хамарсан, тодруулбал, нийгмийн олон талт харилцаанд хэрэглэдэг үг, хэллэгийг цэгцлэх шаардлагатай гэсэн санаа юм.

Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдыг шоолох, хоорондоо шивнэлдэх, инээх, доромжлох нь аль ч газар, албан байгууллагад хориотой. Мөн харилцагч талууд ямар зайнаас, хэрхэн ярилцах талаарх харилцааны бүс гэсэн ойлголт ч бий. Үүнтэй адил энэ хүрээнд буюу харилцагч, үйлчлүүлэгч хоорондын хэрэглэх тогтсон үг, хэллэг гэж байх ёстой. Дэлхийн жишиг ч тийм. Хэдэн сарын өмнө өөрийн харсан зүйлээр жишээлье.

Монголын хил, гаалийн ажилтан залуу нэг зорчигчийг хуруугаараа чичлэн, “Эгч ээ, энэ хаалгаар орчих” гэлээ. Орц, гарцаа “ялгахгүй” сандрах эмэгтэй “Баярлалаа, дүү хүү” л гэж байна. Харин Монголоос гараад, дээрхтэй адил нөхцөлд “мистер, мисс, миссис, мадмуазель” зэрэг үг сонсохын зэрэгцээ чичилснийг бус, бөхийж, мэхийсэн ажилтнуудын эелдэг, инээмсэглэсэн дүр төрхийг л харна. 

Ер нь дэлхийн аль ч оронд олон нийтийн болон албан харилцаанд түгээмэл хэрэглэдэг эдгээр үгийг манайхан “нутагшуулж”, хэвшүүлж болохгүй гэж үү. Заавал гадаадаар хэлдэггүй юм гэхэд орчуулаад хэрэглэж болмоор. Болохгүй гэвэл олон нийтээрээ хэлэлцээд энэ талын харилцаанд хэрэглэхэд оновчтой, үндэснийхээ онцлогийг харуулсан үг, хэллэг сонгож ч болно шүү дээ. Ингэхдээ бусад улс, үндэстний соёлын ялгаанд “торохгүй”, аль ч улсын иргэн ойлгохоор үг хэллэг байхыг бодолцох нь зүйд нийцэх буй за.

Бас нэг чухал зүйл нь тэр үгээ хэрэглэж, хэвшүүлэх. Эс бөгөөс бид хэдий болтол улс даяараа ах, эгч, өвөө, эмээ “бололцох” юм бэ. Ингэж олон нийтийн үгэн харилцааны буюу хоёр талыг холбох албан ёсны гүүр болсон үгтэй болсноор нийгмийн харилцаанд нэг соёл нэвтрүүлнэ. Үүнийг ярианы ёс зүйн хувьсгал ч гэж болмоор.

БНСУ-д очиж үзсэн хэн боловч нийгмийн харилцаа, хүндлэлийг нь шагшин магтдаг. Хэлд орж байгаа “жулдрайгаас” эхлээд ахлах сургуулийн сурагчид нь хүртэл хоорондоо мэндлэхдээ мэхийн ёсолж, хүндлэлийн үг хэрэглэдэг. Ингэхдээ манайхан шиг “ах, эгч” гэдэггүй, насны эрэмбээрээ нэгнийгээ хүндлэн “гуайлах” тогтсон үг хэллэгтэй. Дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний байгууллагаар нь орж, гарах бүх л хүнийг “үйлчлүүлэгч, зочин” гэж дуудаж, харилцдаг. 

Мөн өндөр настай хүмүүсийг “настан” гэдэг. Манайхан бол “өвөө, эмээ” гээд л “авчихдаг” шүү дээ. Францчууд, мөн хойд хөршийнхөн энэ тал дээр бас их туршлагатай. Жишээ нь, оросууд хамжлагат нийгмийн үед “господин, сударь, барин” буюу утгачилбал “эрхэм ээ” гэхчлэн гуайлдаг байснаа Зөвлөлт засгийн үед бүгдийг ялгалгүй “нөхөр, иргэн” хэмээдэг болсон.

Энэ бол хэдхэн үгний тухай ойлголт биш юм. Ингэж бусдыг, харилцагчаа, нэгнийгээ адил, тэгш хүндэлж, харилцах нь хойч үеийнхний төлөвшилд чухал үүрэгтэйг солонгос судлаачид онцолсон байдаг. Гэтэл бид аль нэгэн албан газраар үйлчлүүлэхээр орохдоо зарим тохиолдолд мал ч юм шиг, эсвэл хэн ч биш болчих нь бий. Миний мэдэхээр, монголчууд адуу малдаа явахдаа л “Хүүе, хөөе, хаая” гэж дуу чимээ гаргадаг. Гэтэл манайхан онгоцны буудал, орон гэртээ гээд хаа саагүй л нэгнийгээ ингэж “гуайлдаг” нь хэвийн үзэгдэл.

Нэг талаас албаныхан, үйлчилгээний байгууллагынхан, нөгөө талаас иргэд оролцдог олон нийтийн үгэн харилцаа холбоог тодорхой болгосноор хүмүүсийн хандлага өөрчлөгддөг болохыг ХХ зууны дунд үед Английн гүн ухаанч Ж.Остин, Америкийн эрдэмтэн Ж.Серль, Г.Грайс нар онцлон тэмдэглэсэн.

Соёлтой иргэн байхын үндэс нь харилцааны соёлоос эхтэй гэсэн үг бий. Энэ нь мэндлэх хүндлэх соёл, бусадтай зөв сайхан харилцах, албан болон хувийн харилцааны заагийг ялгах соёл гэж тайлбарлажээ. Үүнийг цааш лавшруулбал нийгмийн харилцааны соёл гэсэн том сэдэв рүү “халтирах” учраас энэ хүрээд цэг тавья. Эргээд нөгөөх “ах, эгч” гэсэн элгэмсүү яриандаа оръё.

Олон нийтийн харилцааны албан ёсны, дагаж мөрдөх үг хэллэгтэй болчихвол наандаж үл ойлголцол үүсэхгүй. Цаашилбал нийгмийн дэг журамд ч нааштай өөрчлөлтүүд гарах болов уу. Ийм хүндлэл байхгүйгээс бусдыг үл тоосон янзаар “чи” гэж хэлэхдээ сэтгэл зовохгүй. Тэгж байгаа улс гахай, нохойгоороо дуудалцах, төрийн ордондоо ч, цахим ертөнцөд ч элдвээрээ хэлэлцэж, нэгнээ “алах” бол юу ч биш болсныг бид өнөөдөр бэлхэн харж байна. 

Ердөө ганц, хоёрхон үгнээс нийгмийн харилцаа ямар их өөрчлөгдөж болохыг япончууд эрт үеэс судалсан байдаг. Тийм ч учраас олон нийтийн харилцаа үүсгэж байгаа талууд харилцан хүндлэлийн илэрхийлэл болсон үгсийг харамгүй хэлж, биеэрээ ч үүнийгээ батлан мэхийн ёслох ёстой гэсэн бичигдээгүй хууль арлын орныхонд үйлчилдэг.

Бид тэднийг дуурайж “тонгойж”, бөхөлзөж сүйд болдоггүй юм гэхэд ядаж л үйлчлүүлэгчээ “чи, ах, эгч, авгай, өвгөн”-өөр нь дуудаж, чичлээд байхгүй, гуайлж харилцдаг болчихвол зүгээр сэн. Хөл, толгойгүй харилцаагаа халах тал дээр хаана хаанаа бодох цаг болжээ. Албан харилцаанд “агаа, аниа” гэдэг үг хэр зохимжтой, ямар сонсогддог талаар дор бүрнээ эргэцүүлэхэд илүүдэхгүй буй за.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)