ХӨЛӨГ БААТРУУДЫН “ДЕСАНТ БУУВ”

Хөлөг баатрууд хөө хуягаа өмсөж, нум сэлмээ агсан дайлаар мордоход бэлэн зогсох нь сонин, бас сүрдмээр. Дархан Ц.Отгонбилэг түүхийн нарийн судалгаанд үндэслэн XIII зууны үеийн хөлөг баатрын хувцсыг монгол дархны аргаар бүтээснээ үзэгчдэд толилуулахаар “Монгол цэргийн хувцас” үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музейд дэлгэсэн нь энэ. Зураач мэргэжилтэй ч дархан аавынхаа ажлыг үргэлжлүүлж яваа тэрбээр уг үзэсгэлэнг гаргахын тулд 10-аад жил гадаад, дотоодын эх сурвалжаас судалгаа хийжээ. Дархан Ц.Отгонбаяр “Эртний монгол цэрэг, баатруудын хувцас хэрэглэл хийж буй хүмүүс их хялбарчилж, бодит байдлыг харуулахаас илүүтэйгээр хүмүүсийн анхаарлыг татах гэж сүртэй хийдэг. Манай баатруудын хувцас яг ийм байсан гэх тоймтой архилеогийн олдвор байдаггүй болохоор ийм байх ёстой гэж барин тавин хэлэхэд хэцүү. Би энэ талаар судалдаг гадаад, дотоодын судлаачдын бүтээл, түүхэн эх сурвалжид дүрсэлсэн байдал зэргийг арваад жил судалж байж бодит байдалд хамгийн ойр болов уу гэсэн хувилбарыг гаргаж байна” хэмээв. Эл үзэсгэлэнд тавьсан хуяг, дуулга, сэлэм, нум, сум гээд бүх зүйлийг үзмэр төдий бус бодит байдалд ойр хийжээ. Эдгээр бүтээлээ ямар үнээр худалдахыг нь сонирхоход тэрбээр “Би мөнгө олохыг бус монгол баатруудын хувцсыг урлагийн бүтээл болгохыг зорьсон. Бүтээлийг маань авах хүн гарахгүй бол гэртээ аваачаад залчихна” гэв.

Х.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)