Хөлдөө тушаатай хөрөнгийн зах

Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө шинэ шат өөд авирсан он улирч байна. Монголын хөрөнгийн биржид 2011 онд арилжааны “Миллениум АйТи” систем суурилуулсны дараа хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгосон. Энэ бол хөгжлийнх нь суурийг цутгасан ажил байв. Гэсэн ч хөрөнгийн зах зээлийн лангууг шинэ бараа бүтээгдэхүүн “зорихгүй” хэдэн оныг үдэв. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээс өнөөг хүртэл Монголын хөрөнгийн биржийн лангуунд тавих бүтээгдэхүүн тасрахгүй байна. Өмнөх жилийн намар “Айтүүлс” компани хувьцаагаа олон нийтэд худалдсан. Түүний араас “ЛэндМН ББСБ”, “Монгол базальт”, “Мандал даатгал” зэрэг 10 орчим компани хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоод байна. Монголын хөрөнгийн биржийн арилжааны самбарын нэг, хоёрдугаар ангилалд багтдаг “Говь”, АПУ, “Талх чихэр”, “Сүү”, “Монгол шуудан”, “Тавантолгой”, “Багануур”, “Шарын гол” гэсэн 20 орчим компанийн хувьцаа л өмнө нь өөдтэй, өнгөтэй нь байлаа. Тиймээс хөрөнгө оруулагчид хөрөнгийн биржид бүртгэлтэй дээрх компаниудын хувьцааг худалдан авч, ханш нь өсөхийг хүлээдэг байсан юм.

Товчхондоо, Монголын хөрөнгийн бирж хэмээх супермаркетын лангуу бараа бүтээгдэхүүний сонголт муутай байсан хэрэг. Тэгвэл сонголт арав орчим шинэ бараагаар өргөжлөө. Супермаркетын лангууны өнгө төрх өөрчлөгдсөн нь дамжиггүй. Монголын хөрөнгийн зах зээл хэмээх ай савд сүүлийн жил гаруй хугацаанд хөл нийлүүлсэн компаниуд дунд “мундаг амьтан” байхгүй. МАК, “Шунхлай”, “Петровис” гэсэн Монголдоо л толгой цохидог компаниуд биш гэсэн санаа юм. Гэхдээ жижиг, дунд компаниуд олноороо хөрөнгийн зах зээлийг зорьж буй нь хөгжлийн шинэ үеийн эхлэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Өндөг үйлдвэрлэдэг “Түмэн шувуут” компанийнханд хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум төгрөг босгох зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн зохицуулах хороо олголоо. “Ард кредит ББСБ” компани хувьцаагаа олон нийтэд худалдаж, таван тэрбум төгрөг босгох зөвшөөрөл авахаар хүлээж байгаа. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд арилжихаар хэд хэдэн компани хандаад буй сураг сонсогдож байна. Тухайлбал, “Монос” группийн хоёр охин компани хувьцаагаа олон нийтэд худалдахаар биржид хандаад буй гэнэ. Цаашлаад MCS группийн хоёр гурван охин компани хувьцаа гаргахаар ярьж буй бололтой. Ирэх жил дахиад л 10 орчим компани Монголын хөрөнгийн зах зээлд шинээр хөл тавьж мэдэх нь. Хөрөнгийн зах шинэ цусаар сэлбэгдэж, хөгжил нь хурдсах нь дамжиггүй. Энэ зах зээл хөгжихгүй байна, компаниуд тоохгүй нь гэж улиг болтол ярьсан. Тэгвэл компаниуд тоож эхэллээ, хандлага нь өөрчлөгдлөө. Одоо ташуур өгөх цаг болсон.

Гэвч Санхүүгийн зохицуулах хорооныхон ташуур өгөх нь бүү хэл, чөдөр тушаа болж буй гэх харамсалтай мэдээлэл чих дэлсэх болов. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд тушаа болж буй шалтгааныг мэргэжилтнүүд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн ажлын арга барилтай холбон тайлбарлах аж. С.Даваасүрэн нь аливаа ажилд зөвхөн хувийн өнцгөөс хандаж, өөрийн зан араншиндаа нийцүүлэх гэж оролддог хэмээн ярихыг олон удаа сонсов. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Л.Энхтайван нэгэн ярилцлагадаа энэ талаар нэлээд дэлгэрэнгүй дурдсан байна лээ. Ажлын арга барил нь санхүүгийн зах зээлийн хөгжилд саад болж байна гэж үзэн, төрийн бус дөрвөн байгууллага С.Даваасүрэнг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлт УИХ-д даргад өнгөрсөн хавар хүргүүлсэн. УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгалт хийгээд, түүний албан тушаалд нь хэвээр үлдээсэн юм. Гэтэл өмнөхтэй адил шалтгаанаар С.Даваасүрэнг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ Албан журмын даатгалын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн бус таван байгууллага УИХ-д хүргүүлжээ.

Хөрөнгийн биржээс өнгөрсөн тавдугаар сард үнэт цаасны төлбөр тооцооны Т+2 горимд шилжих журмыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байдаг. Гэвч энэ асуудлыг өдий хүртэл шийдээгүй байгаа. Биржийнхэн хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоолол, зэрэглэл тогтоох чиглэлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч, Английн FTSE группийн “Хөгжиж буй зах зээл” ангилалд Монгол Улсыг багтаахаар сүүлийн жилүүдэд ажиллаж буй. Улмаар “Хөгжиж буй зах зээл” ангилалд орох ажиглалтын жагсаалтад багтсан юм. Гэвч өнгөрсөн онд төлбөр тооцооны Т+3 горимд шилжээгүй гэсэн үндэслэлээр ажиглалтын жагсаалтаас хасагдсан байна.

Тиймээс дахин ажиглалтын жагсаалтад багтахаар шинэ журам боловсруулаад, түүнийгээ батламжлуулах гээд буй хэрэг. Монголын хөрөнгийн бирж төлбөр тооцооны Т+2 горимд шилжвэл гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас Монголд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. Ямар ч зэрэглэлгүй, салан задгай зах зээлд хөрөнгө оруулахыг сангуудын хувьцаа эзэмшигчид зөвшөөрдөггүй. Харин “Хөгжиж буй зах зээл” ангилалд шилжвэл манайх сангуудын хараанд өртөх юм. Хөгжиж буй зах зээлд сангууд тав орчим тэрбум ам.доллар эргэлдүүлдэг гэсэн тооцоо бий. Үүний нэг хувь нь буюу 50 сая ам.доллар Монголын хөрөнгийн зах зээлд орж ирэхэд л дээш нь татаад явчих юм. Цаашдаа монголчуудын хуримтлалын хэмжээнээс хамаараад хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход бэрхшээлтэй болно гэж шинжээчид таамаглаж буй. Ийм тохиолдолд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд гадаадын эх үүсвэрийг татахаас өөр замгүй. Тэгэхээр төлбөр тооцооны Т+2 горимд шилжих нь яаралтай хийх ажил мөн.

Үүгээр зогсохгүй “дараа төлбөрт” горимд шилжсэнээр зах зээлийн хөрвөх чадвар сайжирна. Одоо бол хувьцаа зарах болон авах захиалгын үнэ ижил тэнцүү тохиолдолд хэлцэл биелж байгаа. Т+2 горимд шилжсэнээр хөрөнгө оруулагч өмнө нь захиалга өгөхгүйгээр арилжааны явцад хувьцаа худалдаж авах нөхцөл бүрдэх юм. Нэгэн эмэгтэй АПУ компанийн цөөн хувьцааг худалдан авчээ. Анх удаа хөрөнгө оруулсан нь тэр. Хэсэг хугацааны дараа хувьцаагаа худалдах захиалга өгөөд 10 хоног хүлээсэн байна. Түүний хувьцаагаа худалдах захиалгын үнэ өөр хэн нэгний худалдан авах үнэтэй дүйхгүй байсаар 10 хоночихсон хэрэг. Тэрбээр “Хувьцаа зарахад аймаар уддаг юм байна лээ” хэмээн залхсан шинжтэй ярьж байв. Энэ бол хөрвөх чадвар муу байгаагийн тод жишээ. Хөрөнгө оруулагч хувьцаагаа хүссэн цагтаа арилжих нөхцөл бүрдүүлэхэд Т+2 горимд шилжих нь зайлшгүй чухал юм.

Монголын хөрөнгийн биржийнхэн Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны шалгалтыг хуулийн хугацаанд хийхийг хүсэж буй. Үнэт цаасны тухай хуульд түүнийг бүртгүүлэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянан, шийдвэрлэх хугацаа нь ажлын 20 хоног байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, шинээр үнэт цаас бүртгүүлэх шийдвэр 28 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэх ёстой аж. Шинээр үнэт гаргасан “Айтүүлс” компани 104, “Эрдэнэс ресурс девелопмент” 48, “Мандал даатгал” 86, “Ард даатгал” 49 хоногт хүсэлтээ шийдүүлжээ. Нэмж үнэт цаас гаргах гэж буй “Баян-Алдар”, “Хорго хайрхан” компани өнгөрсөн зургадугаар сард материалаа Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн ч одоо болтол ямар нэг шийдвэр гараагүй байгаа аж. Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасах “Зоос гоёл” компанийн хүсэлтийг 350, “Монгол шир”-ийнхийг 72 хоногт шийдвэрлэжээ. Тэгвэл “Буян”, “Машин механизм” компани жилийн өмнө хүсэлтээ өгсөн ч өдий хүртэл шийдсэнгүй. Бодит байдал ийм байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ үнэт цаас бүртгэхэд нийт хувьцааныхаа 25 хувийг арилжих шаардлага тавьж байгаа. Хувьцааны хөрвөх чадвар талаас нь харвал энэ бол зөв шаардлага. Харин хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд санал болгоход өндөр босго, бас нэгэн тушаа байж мэднэ. Хөрөнгийн зах зээлд тушаа биш, ташуур хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)