Хөлбөмбөгчин, дуучин хоёрын хайрын түүх

Дэлхийн хамгийн алдартай хосын нэг “Барселона” багийн хамгаалагч Жерар Пике болон дуучин Шакирагийн тухай зарим баримтыг сонирхуулъя.

•2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Waka Waka”-гийн клипний зураг авч байсан Испанийн Мадрид хотод тэд анх танилцжээ. Ж.Пике уг клипэнд оролцож байхдаа Шакирагийн утасны дугаарыг авсан аж. Үүнээс өмнө поп од маань Аргентины Ерөнхийлөгч асны хүү Антонио де ла Руатай 10 жил дотно холбоотой байсан бол хөлбөмбөгч залуу жүжигчин Нури Томастай үерхээд нэг жил орчим болсон байв.

ДАШТ-ий нээлтэд дуулахаар Шакира Испанийн шигшээ багаас түрүүлж ӨАБНУ-д ирэв. Тиймээс тус улсад цаг агаар ямар байгааг асуусан мессеж бичихээс өөр “мэх” Ж.Пикед байсангүй. “Миний асуусан энгийн асуултуудад тэр их урт, маш дэлгэрэнгүй хариулдаг байлаа” хэмээн Ж.Пике дурсжээ.

•“Дэлхийн аваргын тэмцээний төгсгөлийн арга хэмжээ хүртэл Шакиратай уулзах боломж надад байгаагүй. Хэрэв дахиж уулзахын тулд шигшээд шалгарах ёстой юм бол би тэгэх л болно гэж түүнд хэлсэн” хэмээн Пике өгүүлэв. Испанийн шигшээ баг аваргын төлөө тулаанд Нидерландын багийг нэмэлт цагт 1:0-ээр буулгаж авснаар Пике амласандаа хүрэх боломжтой боллоо.

Харин Шакира “Дэлхийн аваргын тэмцээний үеэр нэг насныхаа хайртайгаа уулзсанаа би огт мартахгүй. Надтай дахин уулзахын тулд финалд шалгарна гэж Жерар хэлсэн. Тэр бол хэлсэндээ хүрдэг жинхэнэ эр хүн” гэж дурссан байна.

• Залуус харилцаагаа эхэндээ олноос нууж байсан ч нэг жилийн дараа Шакира олон нийтийн сүлжээнд хамтдаа авхуулсан зургаа байрлуулж, “Та бүхэнд нарханаа танилцуулж байна” гэж бичсэнээр тэдний харилцаа хүмүүст ил болсон.

• 2012 онд Пике, Шакира нарын рафтингаар уралдаж буй зураг “Барселона” багийн дасгалжуулагч П.Гвардьолагийн уурыг ихэд хүргэв. Багийн үндсэн хамгаалагч нь эрүүл мэндээ үл хайхран экстрим спортоор хичээллэснээс гадна зургаа интернэтэд тавьсан нь Пепэд таалагдаагүй юм.

• Ж.Пике багтайгаа зөрчилдөх бүрт Шакира нөхрөө дэмжиж буйгаа олон нийтэд илэн далангүй илэрхийлдэг. “Тэр “Барса”-д үнэнч. Одоо тоглогчид цагийн ажилчидтай адилхан болж, багаа байнга сольж байна. Харин Жерар бол энэ багт өсөж хүмүүжсэн, энэ багийн төлөө төрсөн тоглогч. Ямар ч багийн хувьд үнэнч тоглогч шиг үнэ цэнтэй зүйл үгүй болов уу” гэж колумб дуучин нэгэнтээ ярьж байв.

• Испани болон Колумбын хэвлэл мэдээллээр Пике, Шакира нар салсан тухай мэдээлэл үе үе цацдаг. Тухайлбал, 2017 оны аравдугаар сард Испанийн “Cotilleo” вэб сайт дуучин бүсгүйг хөлбөмбөгчтэй хамт амьдрахаа больсон гэж бичиж байв. Тэдний салалтын шалтгаан нь Жерарын үнэнч биш зантай холбоотой бөгөөд Ж.Пике хуучин найз бүсгүй Н.Томастай уулзахын тулд Барселонагаас Мадридад байнга очдог гэж тус сайт баталж байлаа.

• Тэд хамтдаа амьдраад олон жил болсон ч хурим хийхээр яарахгүй байгаа гэнэ. Ж.Пике өнгөрсөн хавар Италийн “Pomeriggio 5” шоу нэвтрүүлэгт оролцохдоо “Ойрын үед бид хоёр хуримаа хийнэ” гэж хэлж байсан бол Шакира “Сайхан харилцаа, хайр, хүүхэд гээд бид хоёрт хэрэгтэй бүхэн бий. Гэрлэлээ гээд бидний харилцаа өөрчлөгдөхгүй биз ээ” гэж ярьсан.

• Тэд хоёр хүүхэдтэй. 2013 оны нэгдүгээр сард ууган хүү Милан нь төрсөн бол хоёр жилийн дараа Саша хүүгээ өлгийдөж авав. “Милан төрөөд бүх зүйл өөрчлөгдсөн. Хүүгээ харахад түүнд өчүүхэн төдий ч сөрөг зүйл байдаггүй. Аваргуудын лигийн хагас шигшээд бид “Байерн”-д 0:3-аар ялагдсан. Үнэхээр муухай тоглолт. Би сэтгэлээр маш их унасан. Харин гэртээ ирээд Миланыг харахад хамаг гуниг маань мартагдсан” гэж Ж.Пике дурсжээ.

• “Амьдралд минь Пике орж ирэх хүртэл хөлбөмбөгчтэй уулзана гэж төсөөлж ч байгаагүй. Түүндээ найдаж болно гэдгийг би үргэлж мэдэрдэг. Миланыг төрсний дараа бид хоёрыг Пике их сайн халамжилж, живхийг нь сольдог байлаа” гэж Шакира хөвгүүдийнхээ аавыг магтсан удаатай.

• Шакира гэр бүлийнхээ төлөө дуучны карьераа золиосолж, долоон жилийн турш концерт тоглоогүй. Тэрбээр хамгийн сүүлд 2011 онд “The sun comes out world tour” аялан тоглолтоо хийсэн юм. Ахин дуулахгүй гэж шийдээд байсан эхнэрээ Ж.Пике ятгаснаар колумб дуучин 2017 оны арваннэгдүгээр сард “El Dorado” хэмээх шинэ аялан тоглолтоо эхлүүлэх болов. Гэвч хоолой нь хүнд өвдөж, ахин дуулна гэдэгт эргэлзэх хүмүүс гарч ирлээ. Түүнийг улаан хоолойны хорт хавдартай болсон гэсэн цуурхал ч дэгджээ. Гэвч бүх зүйл сайхнаар эргэж, Шакира “El Dorado” аялан тоглолтоо өнгөрсөн оны зургадугаар сарын 3-нд Германы Хамбург хотоос эхлүүлж жилийн сүүлчээр эх орондоо өндөрлүүлсэн.

• Жерартай учрахаас өмнө хөлбөмбөг огт сонирхдоггүй байсан Шакира эдүгээ эл спортын учир начрыг ойлгодог болсон гэнэ. “Хөлбөмбөг байнга үзээд байхаар зөвхөн бөмбөг хөөсөн спорт биш гэдгийг нь ойлгох болно. Хөлбөмбөг бол ухаан шаардсан, тактикийн спорт. Заримдаа сонирхолтой санагддаг болохоор Пикегийн оролцоогүй тоглолтыг ч үздэг. Гэхдээ би одоо хүртэл отон тоглолтыг сайн ойлгодоггүй. Жерартай амьдраад найман жил болсон ч үүний учрыг олохгүй байна” хэмээн Шакира ярьжээ.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)