Хөлбөмбөгийн АНХНЫ…

Хөлбөмбөг хэмээх гайхамшигт спорт дэлхийн нийтийг соронз мэт татдаг. Тиймээс түүний талаарх мэдээлэл бүр сонин байдаг учир хөлбөмбөгийн түүхэнд “анхны” хэмээн тодотгогдож мөнхөрсөн үйл явдлуудыг түүвэрлэн хүргэе.

Анхны дүрэм /1848 он/

Хөлбөмбөг XIX зууны эхэн үед Английн оюутнуудын дунд эрчимтэй түгэн дэлгэрлээ. Гэвч дунд сургууль бүр өөр өөрийн дүрэмтэй байснаас хүүхэд залуус түүний талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэхгүй байв. Үүнээс болж оюутнууд өөрсдийн дүрмээр тоглож бантан хутгадаг. Чухам энэ асуудлыг нэг тийш шийдэх үүднээс Кемрбижийн их сургуулийн оюутнууд өөрсдийн багийг байгуулах санааг гаргажээ. Тэд янз бүрийн дунд сургуулиас ирсэн залуусыг багтаа элсүүлэн, өөрсдийн баталсан дүрмийг зааж зааварлажээ. Үүгээр зогсохгүй бусад сургуулийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийн тэдний санааг дүрмэндээ шингээснээр түүхэнд “Кембрижийн дүрэм” нэрээр мөнхөрсөн хөлбөмбөгийн анхны дүрэм бий болов. Энэ дүрэм 15 жилийн дараа орчин үеийн хөлбөмбөгийн үндэс болсон билээ. Английн хөлбөмбөгийн холбоо байгуулагдахдаа уг дүрэм дээр тулгуурлан тус спортын ирээдүйн хөгжлийн өнгө төрхийг бий болгосон юм.

Анхны клуб /1857 он/

Хөлбөмбөг дөнгөж цэгцэндээ орж байх тэр үеийн Английн үндэсний спорт нь крикет байв. Энэ спорт нэгдсэн дүрэмтэй, клубүүдтэй, тэмцээнүүдтэй байлаа. Гэвч үүнийг өвлийн улиралд тоглож боломгүй байсан тул хүйтний цагуудад крикетийн хөгжил бүрэн зогсоно. Тоглогчид нь формоо ямар нэг хэмжээгээр барьж байх үүднээс өөр спортоор хичээллэж байсны нэг нь хөлбөмбөг юм. Тухайлбал, Шеффилд хотын крикетийн багийнхан ширэн бөмбөг хөөх замаар бэлтгэлээ базаадаг байсан байна. Гэтэл тэдний хоёр нь болох Натаниэль Кресвик, Уильям Пест шинэ спортын амтанд дэндүү орсоноос үндсэн ажлаа орь тас орхин хөлбөмбөгийн баг байгуулахаар хөөцөлдсөн гэдэг. Удалгүй энэ зорилгодоо ч хүрчээ. Кресвик, Пест баг байгуулах процессыг Английн бүх дүрэм журмын дагуу явуулсан тул хөлбөмбөгийн анхны албан ёсны клуб бол “Шеффилд” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн юм. Түүгээр зогсохгүй өөрсдөө тоглолтын дүрмийг зохиосон бөгөөд тэдний журам 1878 оныг хүртэл Английн хойд зүгийн хотуудад түгээмэл хэрэглэгддэг байсан гэнэ.

Олон улсын анхны тоглолт /1872 он/

Шигшээ баг гэсэн нэрийн дор зохиогдсон анхны тоглолт 1870 онд Англи-Шотландын хооронд боллоо. Гэвч түүхчит үүнийг “анхных” гэж хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл Шотландын шигшээ гэгдсэн тэрхүү баг зөвхөн Лондон хотод амьдарч байсан шотландуудаас бүрдсэн юм. Тиймээс Шотландын хөлбөмбөгтэй ямар ч холбоо сүлбээ байхгүй ийм багийг шигшээ хэмээн нэрлэх нь учир дутагдалтай байх нь мэдээж. Ингээд шигшээ багуудын анхны тоглолт 1872 оны арван нэгдүгээр сард Шотландын Патрки хотод болов. Англи, Шотландын хөлбөмбөгийн холбоо олон нийтийн дарамт шахалтын дүнд бие биедээ буулт хийн дээрх тоглолтыг зохион байгуулахад тоглолтыг дөрвөн мянган үзэгч үзжээ. Харин тоглолт 0:0-ээр өндөрлөсөн.

Шилбэний анхны хамгаалалт /1874 он/

Эхэн үеийн хөлбөмбөгчид бие биенээ хайр найргүй балбадаг байв. Өрсөлдөгчийнхөө хөл рүү айхтар хүчтэй өшиглөх нь энгийн үзэгдэл. Тоглогчид үүний эсрэг байсан ч асуудлыг шийдэх гарцыг олохгүй л байлаа. Харин Сэм Уиддоусон гайхалтай мэргэн санааг сэдэв. Тэрбээр хөлбөмбөгөөс гадна крикетийн “Ноттинхэм Форест” багт тоглодог байсан бөгөөд тус спортын хэрэглэл болох шилбэний хамгаалалтыг бөмбөг өшиглөхдөө өмсөж иржээ. Сэмийг харсан олон нийт анхандаа шоолон инээлдэж байсан бол удалгүй бүгд түүний жишгийг дагасан байна. Өдгөө тэрхүү хамгаалалтын хэмжээ мэдэгдэхүйц багасаад хөлбөмбөгчдийн зайлшгүй хэрэглээний нэг болоод байна.

Анхны гэрэлтүүлэг /1878 он/

Үзэгчид бол ямар ч үйл ажиллагаа, тэмцээнд эрхэм. Тэдэнгүйгээр хэн ч, юу ч супер байж чадахгүй. Хөлбөмбөгийнхөн үүнийг тэртээх XIX зуунд ухаарсан байжээ. Тиймээс тоглолтоо яавал аль болох олон хүнд хүргэх вэ, яаж байгаад зөндөө үзэгчийг авчрах вэ гэдэгт толгойгоо гашилгасан байна. Тэднийг ингэж бодоход, тунгаахад хүргэсэн зүйл бол гэрэлтүүлэггүй орчин юм. Үүнд ингэж их анхаарал хандуулахад хүргэсэн гол шалтгаан нь англи түмний ажлын цаг байв. Тухайн үед англичууд долоо хоногийн таван өдөр бүтэн ажиллаж, хагас сайнд хагас хөдөлмөрлөдөг байж. Нямд болохоор залбирал үйлдэх гээд бүгд сүмд өнжинө. Зав чөлөөгүй амьдардаг ийм ард түмэнд хөлбөмбөгийг үзүүлэх ганц л орон зай үлдэж байгаа нь бямба гаригийн үдэж юм.

Ингээд тэмцээн зохион байгуулагчид үдшийн бүрийг гэрэл гэгээтэй болгох оролдлогуудыг зоригтой хийж эхлэв. Анхдагч нь Шеффилд хотынхон. Тэд 1978 оны аравдугаар сард “Брэмолл Лэйн” ордондоо гэрэлтүүлэг суурилуулжээ. Гэвч тухайн үеийн Англи орон цахилгааны нэгдсэн сүлжээгүй байсан тул цэнгэлдэхийн ажилчид гэрэлтүүлгээ гар аргаар асаасан байна. Гэвч тэр технолог дэндүү найдваргүй байсан тул гэрэлтүүлэг тоглолтын үеэр тасрах нь олонтай байв. Тиймээс энэ чиглэлийн ажил олон нийтийг хамарч чадаагүй юм. Ингэж явсаар 1950 оноос л эхлэн тоглолтыг үдшийн цагаар гэрэлтүүлэг дор зохион байгуулах явдал моодонд орсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)