Хөдөлмөрөөс хойш суугчдыг хүнсний талоноор тэжээсээр байх уу

Олон ам бүлтэй, хүүхдийн тэтгэмжээс өөр орлогогүй өрхөд олгодог хүнсний талон ийм гэр бүлд бодит дэмжлэг болдог. Гэхдээ уг эрхийн бичиг зорилтот бүлэгтээ хүрдэггүй, хороо, дүүргийн халамж, үйлчилгээний мэргэжилтнүүд, эсвэл тэдний ах, дүү, хамаатан садных нь “идэш” болдог гэх шүүмжлэл нэг хэсэг олны дунд байсан. Амьжиргааны түвшнээс доогуур орлогтой гэж итгэх аргагүй хүмүүс дэлгүүрүүдэд талоноор үйлчлүүлдэг байсан бөгөөд уг асуудлыг хоёр жилийн өмнөөс цэгцэлжээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны нэгдүгээр сарын А/13 дугаар тушаалаар, Хүнсний эрхийн бичиг олгох тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эл үйлчилгээ зорилтот эздэдээ хүрч эхэлсэн гэнэ.

...Энэ оны эхний найман сарын байдлаар хүнс, тэжээлийн дэмжлэгийг 44 643 өрхийн 243 403 хүнд үзүүлж буйгаа ХНХЯ-ныхан хэлсэн. Уг үйлчилгээнд 2020 онд 42.2 тэрбум төгрөг төсөвлөжээ...

Хүнсний эрхийн бичиг олгох тушаал, журамд зааснаар, нийслэлд амьжиргааны түвшин нь 292.5, орон нутагт 310 ба түүнээс доош оноотой буюу нэн ядуу өрхөд талон өгдөг болжээ. Үүнийг Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд зохицуулдаг бөгөөд шалгуур нь ч өндөрссөн юм байна. Монголд өдгөө эрүүл чийрэг, идэр насны, хөдөлмөр эрхлэх бүхий л бололцоо нь байсаар атал ажил хийдэггүй өчнөөн мянган хүн бий болсон. Өөрөөр хэлбэл, ажил олдохгүй гэсэн үгээр ацаглаж, халамж, тэтгэмжээр амьдрах сонирхолтой “шимэгчдийн бүлэг” хүн амын дунд жин дарж буйг судлаачид хэлдэг. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээлснээр, хөдөлмөрийн насныхны 39.5 хувь нь буюу 832 мянган хүн ажиллах хүчнээс ангид бүртгэлтэй байна. Энэ олон мянган хүний орлогын эх үүсвэр нь дээр хэлсэнчлэн нийгмийн халамж, эцэг, эхийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж, асаргааны мөнгө, гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийх нь цалин аж.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан иргэдийн бэлэнчлэх, халамжлуулах сэтгэлгээг халах, ажил хийх хүсэлгүй, хөдөлмөр эрхлэхээс татгалзаж байгаад нь хүнсний талон олгохоо больжээ. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хүнсний эрхийн бичгийг зохих шалгуур, нөхцөлийг хангасан өрхөд өгч буй юм. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, олон ам бүлтэй тухайн өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийнх нь аль нэг нь ажил хийдэг, хүүхдүүдээ сургуульд хамруулсан тохиолдолд л хүнс, тэжээлийн дэмжлэг авч байгаа аж.

Баянгол дүүргийн XX хорооны иргэн Г.Ариунаагийнх хүнсний талон олгож эхэлснээс хойш алдаг оног авч иржээ. 2018 онд хөтөлбөрөөс хасагдаад, хүсэлт тавьснаар дахин хамрагдах болж. Учир нь тэднийх өөрийн гэсэн хашаагүй, ам бүл наймуулаа. Хэдийгээр амьжиргааны түвшнээс доогуур орлоготой ч нөхөр нь ажилтай, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс завсардуулаагүй нь тэднийг хүнсний талонтой байлгадаг гэсэн юм. Г.Ариунаа хүнсний эрхийн бичгээ сар бүрийн 20-ноос хойш харьяа хорооноосоо авч, эрх бүхий дэлгүүрээр үйлчлүүлдэг аж. XX хорооны талонтой иргэд “Дүүхээ” бөөний төвөөр үйлчлүүлдэг бөгөөд хиам, утсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо, архи, согтууруулах ундаа, тамхинаас бусдыг худалдан авдаг.

Г.Ариунаагийнх өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс сар бүр 160 мянган төгрөг (өмнө нь 80 000 байж)-ийн хүнсний эрхийн бичиг авдаг болжээ. Коронавируст халдварын үед нэн ядуу иргэдийн нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор Засгийн газраас 167 дугаар тогтоол баталж, 2020 оны тавдугаар сараас аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хүнсний эрхийн бичгийн санхүүжилтийг хоёр дахин нэмсэн нь энэ. Түүнээс хойш тэднийх будаа, гурилаа шуудайгаар, ургамлын тосоо таван литрээр нь, бусад хүнсээ ч боломжийн хэмжээгээр авах болсон гэнэ. Гэсэн ч олон ам бүлтэй болохоор хаанаа ч хүрэлцдэггүйгээ хэлсэн. Өмнө нь 80 мянган төгрөгийн эрхийн бичгээрээ заримдаа хэдхэн хоногийн хоолны мах залгуулдаг байснаа ч нуугаагүй.

Хүнсний талоныг тухайн хорооны идэвхтэн, эсвэл намын гишүүд хүртдэг талаар иргэд мэр сэр гомдоллосон. Гурваас олон хүүхэдтэй, гэр оронгүй болон хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх, хүүхдээ асарч буй хүмүүст хүртэл хүнсний эрхийн бичиг хүртээлгүй байдгийг Баянзүрх дүүргийн иргэн М.Цэцэг хэлэв. Тэрбээр 2009 оноос хойш орох оронгүй, түрээсийн гэр, байранд амьдарч, таван хүүхдээ ганцаараа өсгөхдөө хүнсний талонд нэг ч удаа хамрагдаж байгаагүй гэлээ. Харьяа хороо, дүүргийнхээ халамж, үйлчилгээний ажилтнуудад энэ талаараа олонтоо хэлсэн ч хүнсний талон хүрэлцэхгүй, өөрөөс нь ядуу амьдралтай хүн цөөнгүй байдгийг учирлаж, буцаадаг байж. Энэ мэт олон шалтгаанаар хүнсний талонд хамрагдах хүсэлтэй хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч нэгдүгээрт, тоо нь хязгаартай. Хоёрдугаарт, хөдөлмөрийн насны иргэдийг ажилтай, орлоготой, хариуцлагатай болгохын тулд эл үйлчилгээг хумьж, нэн шаардлагатайд нь талон өгч байна.

“Дүүхээ” бөөний төвийн худалдагч нараас ямар хүмүүс хүнсний талоноор үйлчлүүлдгийг тодруулахад “Нэг үеэ бодвол хүнсний эрхийн бичгийг хүрэх ёстой хүмүүст нь олгодог болсон нь ажиглагддаг. Ихэвчлэн олон хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон аавууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд талоноор үйлчлүүлж байна. Хүнснийхээс бусад төрлийн бараа олгодоггүй. Нэг ширхэг гялгар уутны үнийг хүртэл эрхийн бичгийн тооцоонд оруулах ёсгүй. Хяналт, шалгалт ч чангарсан. Зарим дэлгүүрийнхэн жагсаалтад байхгүй барааг орлуулж, гүйлгээ хийснээсээ болж арга хэмжээ авхуулсан нь бий. Талоноор авч болох хүнсний бүтээгдэхүүний нэр, төрлийг бид аль болох олшруулж, иргэдэд сонголт хийх боломж олгодог. Талонтой иргэдийн олонх нь гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос түлхүү авдаг бол цөөнгүй нь тараг, сүү, найруулдаг чацаргана, аарц, жүүс, боорцог, жигнэмэг зэргийг хүүхдүүддээ өгнө гэж хэлдэг” хэмээсэн.

ҮСХ-ноос гаргадаг “Ядуурлын дүр төрх” судалгаанд манай улсад 905 мянган хүн ядуу амьдарч буйгаас 63.5 хувь нь нийслэлд бүртгэлтэй байна. Эдийн засгийн багахан хямрал үүсэхэд үүн дээр нэмэгдээд 475 мянган хүн ядуурлын шугам руу уруудахад бэлэн буйг дээрх судалгаанд дурдсан. Ядуу иргэн сарын хүнсний хэрэгцээндээ 53 488 төгрөг зарцуулдаг аж. Тэд улсын нийт хэрэглээний дөнгөж найман хувийг бүрдүүлдэг бөгөөд хүнсэнд хоёр, хувцсанд гурав, боловсрол, тээвэр, харилцаа холбоонд тус бүр дөрөв, эрүүл мэндэд зургаа дахин бага зардал гаргаж буйг эл судалгаагаар тогтоосон билээ. Тиймээс ядуу амьдарч буй иргэн бүрт хүнсний талон олгох боломжгүй ч ядаж өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээнд тохирсон хоол, хүнсээр хангах зорилгоор Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа албаныхан хэлсэн.

2018 он хүртэл уг хөтөлбөрт 52 000 өрх хамрагдаж байж. Тэдний 31 мянгыг нь ажил, мэргэжилтэй болгох сургалт, зөвлөгөөнд хамруулан, 23 мянгыг нь олон нийтийн ажилд зуучилж, 3.7 мянган хүнийг МСҮТ-д сургасан аж. Энэ оны эхний найман сарын байдлаар хүнс, тэжээлийн дэмжлэгийг 44 643 өрхийн 243 403 хүнд үзүүлж буйгаа ХНХЯ-ныхан хэлсэн. Уг үйлчилгээнд 2020 онд 42.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүнсний эрхийн бичиг олгох тушаал, журамд зааснаар хүүхдийн сарын хүнсний хэрэгцээнд 8000, насанд хүрэгсдэд 16 000 төгрөг төсөвлөдөг аж. Дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа бол сар бүр 64 000 төгрөгийн талон авна гэсэн үг. Дээр хэлсэнчлэн эл санхүүжилтийг “Ковид-19”-тэй холбоотойгоор хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд хугацааг нь дахин хоёр сараар сунгаж, он дуустал үргэлжлүүлэх болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)