Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын анхны бакалавр зэрэгтнүүд төгслөө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль энэ жил Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бакалавр зэрэгтэй мэргэжилтүүдийг анх удаа төгсгөлөө. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас аливаа компани, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд нь бакалавр, магистрын зэрэгтэй байх ёстой гэсэн зөвлөмж өгсний дагуу манай улсад ийнхүү анх удаа дээрх мэргэжлийн бакалавр, магистр зэрэгтэй ажилтнууд төрөн гарч байна. 

Эдгээр төгсөгч мэргэшүүлэх дадлагаа ИНЕГ, “Голомт констракшн”, Мах импекс, Зүтгүүрийн депо, И-март зэрэг томоохон аж ахуйн нэгж, компанид хийж, бүгд тухайн байгууллагуудад ажиллах санал хүлээн авчээ. 26 жилийн түүхтэй Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн төгсөгчид нийгэмд хэрэгцээ, шаардлагатай мэргэжил эзэмшдэг учраас нийт төгсөгчийн 95 хувь нь ажлын байранд шууд гардаг юм байна. Харин энэ жилийн буюу 22 дахь удаагийн төгсөлтөө хийж буй тус сургуулийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтнүүд ийнхүү ажлын байртай болсноор тэднийг ажиллуулж буй үйлдвэр, компаниудад үйлдвэрлэлийн осол, зөрчил харьцангуй бага гарна гэдэгт удирдлагууд нь итгэлтэй байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн энэ жилийн төгсөлтийн баяр, диплом гардуулах арга хэмжээ МҮЭСТО-нд болж, эрдэмтэн багш, эцэг эхчүүд, төгсөгчид оролцсон бөгөөд МҮЭХ-ны болон сургуулийн удирдлага төгсөгчдөд ромбо, дипломыг нь гардуулан өгч, цаашдынх нь ажил амьдралын замыг гэрэл гэгээтэй, дардан байхыг ерөөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)