Хөдөлмөрийн насныхан “амьгүй албат” болж байна

Иргэн Болд 37 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хосууд хүүхдээ бараг өөрсдөө өсгөөгүй, Болдын ээж, аав нь л хүн болгосон гэж тэд ярьдаг юм. Өнгөрсөн хугацаанд Болд тогтсон ажил, хөдөлмөр эрхлээгүй. Эхнэр нь түүнтэй хамт өнгөрүүлсэн 15, 16 жилийн хугацаандаа цайны газарт тогооч, бэлтгэгч, худалдааны төвд үйлчлэгч гээд хийгээгүй ажил бараг үгүй. Дээр нь нөхрийнхөө агсам, тавтиргүй зан, өөрт нь үе үе гар хүрдэг байсныг тэвчиж иржээ. Эцэст нь амьдралаа өөрчлөхийн тулд байдгаа шавхан, өр зээл тавьсаар нөхөртэйгөө БНСУ-ыг зорьсон байна. Тэд хэсэг хугацаанд эв түнжинтэй, шаргуу ажилласан ч нөхөр нь дахиад л архи уун, ажлаасаа хөөгджээ. Аргаа барсан бүсгүй нөхрөө нутаг буцааж, өөрөө тэнд үлдэн ажиллаж буйгаа хэлсэн. Болд урьдын адил ажил хийхгүй хэвээр. Эхийнхээ тэтгэврийн мөнгөнөөс хумсалж, эсвэл эхнэрээ харааж, зүхэн хэдэн төгрөг “зулгааж” суух аж.

Манай нийгэмд Болд шиг, түүнээс ч “айхавтар” залуус олширсон учраас ийнхүү эшлэв. Тодруулбал, эрүүл чийрэг, идэр насны, хөдөлмөр эрхлэх бүхий л бололцоо нь байсаар атал ажил хийдэггүй өчнөөн мянган хүн байна. Бэлэнчлэх сэтгэлгээ нь дийлдсэн, ажилгүй, залхуу, ядарсан эцэг, эхээ шулж, мөлжиж амьдардаг ийм “арми” бий болсон нь харамсалтай.

Ажил хайдаг ч үгүй, хаана нэгтээ бүртгэл ч үгүй хөдөлмөрийн насныхныг судлаачид “идэвхгүй хүн ам” гэх юм билээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-аараа дамжуулан улс орнуудад өрх бүрийн амьдралыг сайжруулж, хөгжлийн гадна нэг ч хүнийг үлдээхгүй байхыг уриалсан. Уг хөтөлбөрийн ерөнхий зорилтын наймдугаарт “Бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлэх, бодлого, хөтөлбөр боловсруулах”-ыг шаарджээ.

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ныхон 2006 оноос хойш ажиллах хүчний судалгаа (АХС)-г өргөн хүрээнд хийж ирсэн. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, ажиллах хүч, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтыг нийгэм, эдийн засгийн бусад хүчин зүйлтэй уялдуулан судалж, нарийвчлан үнэлдэг аж. Гэвч өнөөдрийг хүртэл нийтээр шахам бүртгэлтэй ажилгүй иргэдийн болон идэвхтэй ажил хайгсдын тоог өгсөж, уруудах төдийхөнд ач холбогдол өгч, хөдөлмөрийн зах зээлийг үнэлж, дүгнэдэг байсан нь худал биш. Зах зээл дэх хөдөлмөрийн насны идэвхгүй хүмүүсийг хөдөлмөрийн дутуу ашиглалт гэж үзэн, эрэлт, нийлүүлэлтийг тооцдог байна. “Ажиллах хүчний судалгаа-2020”-д өгүүлснээр, улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 201 634 болж, ажилгүй хүмүүсээс 1.6 дахин нэмэгдсэнийг онцолжээ. Үүнд ажилгүй 127 736, боломжит ажиллах хүч буюу хөдөлмөр эрхлэхэд бэлэн 58 800, албан бус хөдөлмөр эрхлэгч 15 098 иргэнийг хамруулан тооцсон байна. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүмүүс ажлын байргүй, эсвэл хангалттай цалин, орлогогүй, ажил хийх сонирхолгүй зэрэг шалтгаанаар “сул зогсжээ”.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2.1 сая гаруй хүн бий. Үүнээс ажиллах хүч нь 1.2 сая, ажилгүй нь 127 736, бусдыг нь ажиллах хүчнээс гадуурх бүлэгт хамааруулдаг юм билээ. Ажилгүй хүний тоо өнгөрсөн оныхоос 20 мянгаар нэмэгджээ. Эдгээр үзүүлэлтийг харгалзаж, судлаачид ажилгүйдлийн түвшнийг 10, хөдөлмөрийн дутуу ашиглалтынхыг 15.1, ажиллах хүчний оролцооныхыг 60.5 хувь гэж дүгнэсэн байна. Хөдөлмөрийн насныхны идэвх зүтгэл орон нутагт нийслэлийнхээс 14.2 хувиар өндөр байдаг аж. Судлаачид хөдөлмөрийн насныхны 39.5 хувь нь буюу 832 мянган хүнийг дээр өгүүлсэнчлэн ажиллах хүчнээс гадуурх бүлэгт хамааруулдаг. Тэдний дөрөвний нэг нь ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой 25-49 насныхан байдаг нь бүр ч хачирхалтай.

Эл бүлгийн хүмүүс яагаад ажиллах хүчнээс ангид бүртгэгддэгийг судлахад, шилжсэн, ар гэрийн гачигдлаар, цэргийн албанд татагдсан, суралцаж буй, ажиллах орчин нөхцөл тохирохгүй, цалин бага, өөрийн хүсэлтээр, байгууллага татан буугдсан, ажил мэргэжил тохирохгүй болон бусад шалтгаантай байна. Хамгийн сонин нь, ажиллах хүчнээс ангид 832 мянган хүний 85.5 хувь нь ямар нэг байдлаар цалинтай ажил хайх, бизнес эрхлэх оролдлого хийгээгүй, хөдөлмөр эрхлэх хүсэлгүй, бэлэн биш байгаа гэх. Шалтгаан нь өвчинтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, сургалтад хамрагдаж байгаа, ажил олгогчдын зүгээс залуу, эсвэл хэт хөгшин хэмээн нас заадаг, ажил хайж залхсан, туршлагагүй зэргээр судлаачдын амыг тагладаг аж.

Энэ олон мянган хүн ажилгүй яаж амьдардаг юм бэ гэж та сонирхож байна уу. ҮСХ-ныхны судалгаагаар, тэдний орлогын гол эх үүсвэр нь эцэг, эхийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж, асаргааны мөнгө, нөхөр, эхнэр, хүүхэд, ах, дүүгийн цалингаар аж төрдөг. Нарийвчилбал, ажиллах хүчнээс ангид хүмүүсийн 37 орчим хувь нь эцэг, эх, асран хамгаалагчийнхаа тэтгэвэр, тэтгэмжээр өл залгуулдаг бол хоёр хүн тутмын нэг нь эцэг, эх, нөхөр, эхнэр, хүүхэд, ах, дүүгийнхээ цалингаас хумсалж амьдардаг байна. Бусад нь нийгмийн халамж, тусламжаар амьжиргаагаа залгуулдгийг судалгаагаар тогтоожээ.

Монголд ажил хийхгүй байсан ч амьдарч болдгийн бэлээхэн жишээ, шалтгааныг дээр дурдлаа. Дахин нэг жишээ сонирхуулъя. Зургаан хүүхэдтэй иргэн Энхийнх албан байгууллагын хашаа манаж, олон жил суурьшсан. Эхнэр нь хүүхдүүдээ хардаг тул ажил хийх боломжгүй. Ерөнхийдөө өрхийн найман гишүүн 600 мянган төгрөг буюу нэг хүний цалингаар амь зуудаг. Дээр нь улсаас бусад дэмжлэг, хүнсний талон, хүүхдийн мөнгөн тэтгэмж өгнө. Хүүхдүүд нь том болж, эхнэр нь ажил хийх боломж бүрдсэн ч тэр хөдөлмөрлөх дургүй гэнэ. “Олон жил гэрт суусан болохоор ажил хийхээс залхуу хүрдэг. Тэгээд ч 40 гаруй насны мань мэтийг авах газар олдохгүй юм” гэх. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хэрэгсэл, хувцас хунарыг нь бэлдэх болоход ах, дүү, хамаатан саднаасаа тусламж, дэмжлэг авчихдаг тул иргэн Энх, түүний эхнэрт ажил хийх, өсөж, хөгжих хүсэл, сонирхол үгүй аж.

Улсын хэмжээний 897.8 мянган өрхийн 77.9 хувьд нь ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж буй гишүүд байна. Гэхдээ 5-8 ам бүлтэй өрхийн гишүүдийн дунджаар 1-3 нь л ажилтай. Мэргэжлийн зэрэгтэй залуус цалин, хангамж голж, ажилгүй “хэвтдэг”. Дунд эргэм буюу ид насныхан нь ажил олгогчдод хөгшнөөрөө “цоллуулан”, ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр. ҮСХ-ны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны ахлах статистикч Н.Өлзийхандын танилцуулснаар, энэ оны эхний зургаан сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 38.3, зуучлуулж ажилд орсон нь 36.3 хувиар буурчээ. Он гарснаас хойш 3.6 мянган хүн ажил хайхаа больж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тооноос хасагдаж, “идэвхгүй бүлэг”-т шилжсэн байна. Иргэд ажил хайхаа больж буйг илтгэх өөр нэг үзүүлэлт бол бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн жилийнхээс 15.1 хувиар буурсан явдал юм. Ажилтай болоод бүртгэлээс хасагдсан юм уу гэхэд тийм биш байв.

Хөдөлмөрийн зах зээл дэх боловсон хүчин нь хангалттай ч хөдөлгөж, дайчлах төрийн нэгдсэн бодлого байхгүйгээс цөөнгүй монгол хүн өдгөө “амьгүй албат” болжээ. Тиймээс хавтгайрсан халамжийг цэгцэлж, хөдөлмөрийн зах зээлийн шалгуур үзүүлэлтийг уян хатан болгож, өргөтгөх арга хэмжээ авахгүй бол улс орон ажилгүй иргэдээр дүүрч, ядуурлын түвшин улам л дээшилнэ гэдгийг судлаачид анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)