Хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөөх “хөөцөлдөөн”

Халуун нар, жихүүн салхитай аль ч нөхцөлд шавар, шороо болсон нүүрээ үл тоон, блок өрж, бетон зуурч, төмөр өргөн, амьжиргаагаа залгуулахын төлөө хөдөлмөрлөдөг барилгачдын эрх ашгийг ажил олгогч нар нь хамгаалдаг уу. Эсвэл тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангуулахын төлөө ажил олгогчдоо шаардлага тавьдаг уу. Эл асуултад үгүй гэж хариулъя. Учир нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ынхны хяналт шалгалт үүнийг гэрчлэв. Уг нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй барилгынханд мэргэжлийн хяналтын байцаагч нар, хэнэггүй ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь цаг үргэлж анхаарч, тэдэнтэй “хөөцөлддөг” аж. Гэвч барилгын компаниудын үйл ажиллагаа дутагдалтай, хүний амь эрсдэх нөхцөл бүрдсэн хэвээр байна.

...379 барилгын үйл ажиллагаа орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй гэсэн дүгнэлтийг нийслэлийн НМХГ-ынхан энэ сарын эхээр танилцуулсан. Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, орчны аюулгүй байдал алдагдуулсан гурван байгууламжид л судалгаа явуулахад нэг өдрийн дотор дэргэдүүр нь автомашинтай болон явган 15 мянган иргэн зорчсон гэдгийг ч анхааруулав...

Эрсдэлтэй мэргэжлийн жагсаалтад багтдаг эл салбарынхан уг нь өндөр хариуцлага хүлээдэг. Гэвч хариуцлагаа ухамсарлаж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс хэчнээн хүн хорвоог орхисныг хэлэхэд элэг эмтрэм. Мөн барилгынхан орчны аюулгүй байдлаа хангаагүйгээс хэдэн зүрх цохилохоо болив. Одоогоос найман жилийн өмнө үйлдвэрлэлийн 60 осол бүртгэгдэж, үүнээс болж 30 хүн амиа алдсан нь барилгын салбар дахь гашуун түүх байсныг НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс хэлсэн. Түүнээс хойш ослын тоо буурсаар, өнгөрсөн жил долоо бүртгэгдэж, дөрвөн иргэн амиа алджээ. Гэвч ийм осол огт гарах ёсгүй.

2020 он гарснаас хойш нийслэл дэх 379 барилгын үйл ажиллагаа орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй гэсэн дүгнэлтийг нийслэлийн НМХГ-ынхан энэ сарын эхээр танилцуулсан. Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, орчны аюулгүй байдал алдагдуулсан гурван байгууламжид л судалгаа явуулахад нэг өдрийн дотор дэргэдүүр нь автомашинтай болон явганаар 15 мянган иргэн зорчсон гэдгийг ч анхааруулав. Үүгээр ч зогсохгүй НМХГ-ын байцаагчид барьж буй 400 шахам барилгыг шалгаж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах зөвлөмж өгч, гурван удаа мэдэгдэл хүргүүлжээ. Харин энэ долоо хоногоос төлөвлөгөөт шалгалт явуулж, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч эхэлсэн аж. Ийн хэд хэдэн удаа анхааруулга, мэдэгдэл хүргүүлж, зөвлөмж өгсний дараа, стандарт хангаж, ажиллаж буй, эсэхийг дээрх газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул өчигдөр туршилтаар шалгалаа. Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй гурван барилгын нэгийг нь шалгахад дэндүү “түүхий” байгааг байцаагч дүгнэв.

Тэрбээр “Барилгын гаднах зай, талбайгаас эхлээд хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Энэ барилгыг нийтийн эзэмшлийн зам, талбайтай ойр, иргэдийн амьдрах бүс буюу эрсдэлтэй орчинд барьж байна. Гадна талдаа хэний захиалгаар, ямар байгууллага барилга барьж, хэдий хугацаатай төсөл хэрэгжүүлэхийг дурдаад зогсохгүй, ойр орчимд ямар эрсдэл үүсэж болзошгүй, асуудал гарвал хэнтэй холбогдох тухай мэдээллийн хуудас байршуулсан байх ёстой. Гэвч алга. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайн хэсэгт бат бөх хамгаалалтын саравч барьж, анхааруулах дохио, санамж тэмдгүүд ойрхон байрлуулах учиртай. Эдний хамгаалах саравч нь бат бөх бус, дээр нь зарим хэсэгт огт байршуулаагүй байна. Үүгээр ч зогсохгүй талбайн зохион байгуулалтын болон өргөгч цамхгийн үйлчлэх хүрээний зураг, хажуу дахь барилгад эрсдэл учруулах, эсэх тухай хүртэл мэдээлэл байршуулах ёстой. Мөн хэр хүчтэй салхилахад өргөгч цамхгийн үйл ажиллагааг зогсоох зэрэг үүсэх бүх эрсдэлийг тооцож, ажиллах нь зөв” гэв.

Барилгын хажуу дахь багахан талбайд ажиллаж байсан 10 гаруй хүний олонх нь хамгаалалтын малгайгүй байв. Тэгсэн хэрнээ тэд өргөгч цамхгийн дор ажиллаж байлаа. Барилга руу гарах түр шатыг нь нимгэн хавтангаар хийсэн, зориулалтын бус аж. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хүн бүрийн тухайн өдөр ажиллах нөхцөлийн эрсдэлийг тооцож, шийдвэрлүүлэх ёстойг байцаагч хэлэв. Түүнчлэн барилгын захын хийц, шатнууд нь хамгаалах хавтангүй, талбайн цэвэрлэгээ хийгээгүй, цахилгаан хангамжийн түр самбар нь шаардлага хангаагүй, сантехник, цахилгаан холболтын нүхийг бат бөх зүйлээр таглаагүй зэрэг зөрчил илэрлээ. Өөр барилгын компани аюулгүй байдлынхаа ийм нөхцөлийг хангаагүйгээс хүн осолдож, амиа алдсан тохиолдол өмнө нь олон давтагдсаныг байцаагч тэдэнд сануулж, хариуцсан ажилтан нь дутагдлыг арилгахаа хэлэв.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу барилгын нийт төсвийн 1.5, томоохон төсөл бол Барилгын тухай хуулийн дагуу гурваас доошгүй хувийг компаниас ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой аж. Тэдний хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь “Би энэ албан тушаал дээр өнгөрсөн арваннэгдүгээр сараас томилогдсон. Аюулгүй байдлын зааварчилгааг өглөө бүр бүх ажилчиндаа өгч, хамгаалах хувцас, хэрэгслээр хангадаг. Шаардлагатай зүйлсийн жагсаалтыг захиралдаа танилцуулан, авчруулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдалд 70 орчим сая төгрөг төсөвлөсөн. Манай захиалагч компани хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй учир зөвлөх хүнгүй” гэв.

Энэ удаад шалгалт бус, туршилтаар зөвлөгөө өгч ажилласан тул торгууль ногдуулахгүйг байцаагч хэллээ. Хэрэв шалгалтаар явсан бол, тухайлбал, шатны хаалтгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу гурван сая төгрөгөөр торгох ёстой аж. Гэхдээ байцаагч хяналтын хуудсандаа зөрчлүүдийг бүртгэн, зургаар баталгаажуулж, нийслэлийн Прокурорын газарт хүргүүлснээр барилгын компанид хариуцлага тооцох гэнэ. Хэрэв ийм нөхцөлд осол гарвал ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, талбайн инженерийн аль буруутайд нь арга хэмжээ авдаг юм байна.

Уг нь барилгын ажил эхлэхээс өмнө хашаа, хамгаалалтын саравчаа барьж, ажилчдад зориулсан сургалт явуулж, хамгаалах хэрэгслийг нь бэлтгэн, эрсдэлийг тооцоолж, төсөв тусган, барилгын ажлын явцад шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстой аж. Дээрхийн адил зөрчилтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлын төсвөө танадаг байгууллага олон бий бол дүрмээ ягштал баримталдаг компани ч байдгийг байцаагч хэлэв. Тухайлбал, “Жунсон”, “Номин”, “Монкон констракшн” зэрэг компани аюулгүй байдлаа сайн хангаж, шалгалтад онц үнэлгээ авдаг байна. Тодруулбал, эдгээр компанийн барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчид нь баг болж, шаардлагатай төсвөө гаргуулж чаддаг аж.

“Баянзүрх” дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц барьж буй нэгэн барилгын компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан С (компанийнхаа нэрийг нууцлав) “Манай захирал хөдөлмөрийн аюулгүй байдлын төсвийг танадаг. Үүнээс болж өнгөрсөн намар цахилгаан шатны хонгил руу хүн унаж, бэртэн, эмчилгээнд нь 20 гаруй сая төгрөг зарцуулсан. Ажилчид маань боловсролын түвшин доогуур учир аюулгүй байдлаа хангуулах шаардлага тавьдаггүй. Хамгаалах хувцас, малгайгаа тайлаад ажилладаг тохиолдол ч цөөнгүй. Байнга сануулдаг ч хэрэгжүүлдэггүй. Тиймээс сахилгын арга хэмжээ авч, цалингаас нь хасахаас өөрөөр шийдэхэд бэрх. Бид үнэхээр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ч амьжиргаагаа залгуулахын тулд удирдлагадаа хандаж зүрхэлдэггүй” гэсэн юм. Тус компани туслан гүйцэтгэгчээр нэг байгууллага шалгаруулж авсан ч ажилчдаа хамгаалах, хувцас хэрэгслээр хангаагүй аж. Энэ дутагдлаа “Манайх жижиг компани учир хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөв муутай” гэж тайлбарладаг байна.

НМХГ-аас ирэх сарын 1 хүртэл барилгын компаниудад шалгалт явуулж, зөрчил илэрвэл нийтэд нээлттэй зарлахаа хэлсэн. Нэг байцаагч жилд 30 орчим объект хариуцаж төлөвлөгөөний болон иргэдийн гомдлын дагуу очиж шалгадаг аж. Барилгын компаниудын үнэт хөрөнгө нь тэдний ажилчид. Гэвч ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдалд төсөв зарцуулж чадахгүй байгаа нь харамсалтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)