Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хамтын ажиллагаа чухал гэв

“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2019” сэдэвт хурал “Corporate” зочид буудлын “Convention Centre”-д хоёр өдөр болж, өчигдөр өндөрлөлөө. “Аюулгүй байдалд уриалах нь” сэдэвтэй уг үйл ажиллагааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн мэргэжилтнүүдийн холбооныхны санаачилгаар найм дахь удаагаа зохион байгуулж буй юм. Ивээн тэтгэгчээр “Оюутолгой” компани ажиллажээ. 

Худалдаа, үйлчилгээ, эрүүл мэнд, уул уурхай, барилга, зам, тээвэр зэрэг салбарын төрийн болон төрийн бус 200 байгууллагын төлөөлөл хуралд оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар зөвлөлдөв. Гол шийдэл нь байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ чиглэлийн үйл ажиллагаагаа уялдуулж, харилцан туршлага солилцох нь үр дүнтэйг талууд онцоллоо. Түүнчлэн ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагаа чанд биелүүлж, ажилтнуудаа ч уг чиглэлийн сургалтад тогтмол хамруулж, хөгжүүлэх нь чухал гэв. 

Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн мэргэжилтнүүдийн холбоо болон “Оюутолгой” компанийн төлөөлөл хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр хөдөлмөр хамгааллын хэрэгслийн үзэсгэлэн ажиллав. Мөн МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн ХАБ-ын чиглэлээр сурч буй оюутнууд флаш моб үзүүлсэн нь хуралд оролцогчдын сонирхлыг татлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)