“Хөгшөөн, Билл Гейтс гэдэг чинь хэн билээ?”

“Хөгшөөн Билл Гейтс гэдэг чинь хэн билээ?” гэж асуусан хүн өнөөдөр танд гайхалтай тэнэг хүн санагдах байх. Тэгэхээр Билл Гейтс гэгч ямар алдартай хүн нь ойлгомжтой. Гэвч та энэ тэнэг асуултад өгөх өөрийнхөө хариултыг бодоод үз дээ. Түгээмэл хариулт “Тэр бол дэлхийн хамгийн баян хүн”, “Компьютерын эзэн”, “Тэр интернет, бейсик, виндоуз, микрософтыг бий болгосон”, овоо мэдлэгтэй нэг нь “тэр кибер орон зайн тусгаар тогтнолын тунхагыг бичсэн” гээд л бла бла бла баахан хувилбаруудыг хэлнэ. Гэсэн ч Билл Гейтс гэж чухам хэн юм бэ? Энэ асуултад хэвлэл мэдээллийнхэн ч, намтар судлаачид ч дэлгэрэнгүй хариултыг өгч чаддаггүй билээ. Билл Гейтсыг өнөөдөр дэлхийн хамгийн баян бас хамгийн нуугдмал хувийн амьдралтай нэгэн гэдэг.

Билл 1955 оны 10 дугаар сарын 28-нд Сиэтл хотод төржээ. Хуульч мэргэжилтэй эцэг эх нь түүнийг өөрсдийнхөө мэргэжлийг эзэмшүүлэх зорилготой байсан ч хүү тооны хичээл болон тооцоолон бодох машиныг илүүд үздэг байв. Тухайн үед компьютерыг ингэж нэрлэдэг байсан бөгөөд одоогийнх шиг өндөр технологид хараахан хүрээгүй байсан ажээ. Програмчлах үйлдлээр тэр өөрийн найз Пол Алентай бараг өвчлөн хичээл хунараа таслан заримдаа шөнийн 4 цаг хүртэл суудаг байсан гэдэг. Биллийн ой тогтоолт гайхмаар сайн байв. Одоогоор бол индиго хүүхэд байсан ч гэж болно. Дунд ангийх нь багш Энн Стефенсийн хэлснээр бол Гейтс гурван хуудас зүйлийг нэг уншаад л үг үсэг алдалгүй ярьдаг байсан гэдэг. Гейтс Алан хоёр бизнесийн ертөнцөд арван тавтайдаа хөл тавьсан аж. Тэд замын хөдөлгөөнийг зохицуулах программ зохион түүнийгээ зарахын тулд “Трэф-0-Дэйта” гэдэг компани байгуулжээ. Хувь заяа тэдэнд үнэхээр бэлэг барьсан байдаг. Уг төслөөрөө хоёр хөвгүүн 20 мянган долларын орлого олсон юм. Гейтс арван долоон нас хүрэх үедээ тодорхой хүрээнд нэлээд нэртэй болсон байлаа. Тэрбээр энэ үед Бонневилын усан цахилгаан станцын түгээлтийн талаар багц программ зохиох саналыг хүлээн авч хийснээр 30 мянган доллар олсон ажээ. Энэ нь Биллийн хөлсний ажил хийн олсон эхний бөгөөд сүүлийн орлого байсан юм. Энэ ажлынхаа дараа сэргэлэн Билл сургуультайгаа нэгэн тохиролцоонд хүрчээ. Хэдий тэрбээр төгсөх анги биш ч гэсэн төгсөлтийн бүх шалгалтаа тооцуулахыг хүсжээ. Түүний авьяас ухааныг мэддэг мөн хотынхоо төдийгүй мужийн хувьд үнэ цэнэтэй ажил хийж гүйцэтгэснийг нь үнэлэн сургууль нь түүнд төгсөгчийн дипломыг гардуулсан байдаг.

Билл 12 настайгаасаа эхэлж компьютерээр "өвчилжээ"

Тэр жилдээ Билл хуульч эсвэл математикч болох зорилго өвөрлөн Гарвардын их сургуулийн бэлтгэл ангид элссэн аж. Билл тэнд өөрийнх нь хэлснээр бол “сэтгэлээрээ биш биеэрээ” л сурч байжээ. Тэрбээр ихэнх цагаа компьютер дээр тоглож байгаад ердөө хэдхэн хоногийн дотор сургалтын программыг өөрөө үзэж судлаад шалгалтуудаа онц дүнтэй өгдөг байв. Гарвардад Гейтс покерын донтон бас техникийн солиотой гэсэн тодотголтой болсон байдаг. Тэр үед ирээдүйн компьютерын мангастай хамт сурч байсан одоо “Майкрософт”-ын дэд ерөнхийлөгч Стив Боллмер Биллыг “Тэр шөнөжин компьютерын ард покер тоглож суухаас гадна өрөө нь аймшгийн замбараагүй байдаг байж билээ. Билл Гарвардад сурч байхдаа хэзээ ч ороо засаж байгаагүй” гэж дурссан байдаг. 1975 онд “Popular Electronics” сэтгүүлд “MITS” компанийн бүтээсэн “Альтаир” компьютерын тухай бичсэн нийтлэл Гейтсийн анхаарлыг их татав. Тэрбээр өөрийн багын найз Алены хамтаар “MITS” компанитай холбогдон компьютерын анхан шатны Basic программ зохиох санал тавьжээ. Залуус Гарвардын лабораторид өдөрт 18 цагаар ажилласны үр дүнд бэлэн болсон программыг Аллен “MITS” руу аваад явсан аж. Харин Гейтс сургуулиасаа жилийн чөлөө аван найзынхаа хойноос Альбукерк хотыг зорив. Асар хурдтай урагшлан тэмүүлэх Гейтсийн хувьд Гарвардын их сургууль түр зуурын зогсоол л байсан бололтой. Билл программ зохиохын хажуугаар “Microsoft”-ыг байгуулах тал дээр ажиллах цаг гаргаж чадаж байв. Хоёр найзын Альбукеркээс олсон туршлага цаашид “Apple”, “IBM” , “Commodor” зэрэг фирмтай ажиллахад их нөлөө үзүүлсэн ажээ. 

Билл Гейтс, Пол Аллен нар 1968 онд танилцсан.

1970-аад оны сүүлчээр “Microsoft”-ын гаргасан үйлдлийн системүүд компьютерын технологид тэргүүлэх байр суурийг эзэлсэн байлаа. Билл зөвхөн компьютерын гайхамшигтай авьяастай төдийгүй бас алсын хараатай сэргэлэн бизнесмен ажээ. Тэр маргахын аргагүй шинэ дэвшилтэд программ зохиохоос гадна маш ашигтай гэрээнүүд хийдэг байв. Үүнийхээ ачаар Билл саятан болоод зогсохгүй компьютерын программчлал, технологийн зах зээл дээр ноёрхох буюу нэг ёсны монополь байр суурийг бий болгосон юм. 1991 оноос одоог хүртэл явагдаж байгаа Холбооны Худалдааны Комиссын шалгалт “Microsoft”-г үйлдлийн системийг үйлдвэрлэх болон дагалдах программыг зохиох гэсэн хоёр хэсэгт хуваах шийдвэрт хүрч болзошгүй болоод байгаа билээ. Компьютерын програмын дэлхийн зах зээлийн ашгийн 44% хувийг “Microsoft” эзэлж байгаа нь тухайн салбарын бусад үйлдвэрлэгчдэд багагүй бэрхшээл учруулж байгаа нь мэдээж. 

Билл 24 насатай байхдаа IBM-тай гэрээ байгуулжээ.

1995 онд “Forbs” сэтгүүл Билл Гейтсийн зургийг тэргүүн нүүрэн дээрээ хэвлээд “Түүнийг зогсоож чадах хэн нэгэн байна уу” гэсэн асуулт тавьсан байдаг. Гэвч энэ толгой эргэм амжилтад Гейтс цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөрөө хүрсэн билээ. Түүнийг хувийн амьдралгүй компьютераас өөр зүйл сонирхдоггүй хэмээн хэвлэлүүд янз бүрээр бичсэнд байдаг. Харин Гейтс энэ тухай өөрөө “Playboy” сэтгүүлд өгсөн яраилцалгандаа “Би үүрийн 4 цаг хүртэл ажиллах үе хаяа гардаг. Тэгэхдээ гадуур бичээд байдаг шиг үргэлж биш. Ерөнхийдөө би шөнийн 12 цаг хүртэл дундаа завсарлагатай шүү ажилчдынхаа хэн нэгэнтэй компани дээрээ ажиллаж байгаад гэртээ харьдаг. Гэртээ харьсныхаа дараа цаг орчим ном эсвэл “Эдийн засагч” сэтгүүл уншдаг. Маргааш ажилдаа өглөө 9 цагийн үед ирдэг” хэмээжээ. 30 тэрбум долларын хөрөнгөтэй хүн ингэж л ажиллаж байна даа. Тэрбээр хэзээ ч мөнгөний төлөө ажиллаж байгаагүй юм. Өөрийнхөө ажилд үнэн голоосоо дур сонирхолтойгоос гадна хийж буй ажилдаа бие сэтгэлээрээ уусдаг нь түүний амжилтын нэг нууц биз ээ. Билл мөн гоё ганган хувцаслахыг мэддэггүй. Хувцас бол мөнгө шиг тодорхой үүрэгтэй л байх ёстой гэж тэр үздэг. Бас тэр нэгдүгээр зэрэглэлийн ангиар нисэх дургүй.“Бид түүнийг гэрлэж хэдэн хүүхэдтэй болоосой гэж хүсэж байна. Тэгвэл ажлаасаа бага ч болов хөндийрч жоохон ч гэсэн зөөлрөх болов уу” гэж хэвлэлд өгсөн өрсөлдөгчдийнх нь яриа түүний амьдралдаа сонссон хамгийн сайхан урмын үг болсон гэдэг. Үнэхээр ч түүнийг хүнтэй суулгах гэсэн оролдлого нэг бус удаа гарч байсан аж. Гэвч Гейтс бараг 40 нас хүртлээ гоонь явсан юм. Бүр “Билл гей. . . юу? Тссс!” гэсэн түүний гоонь биеийн талаар гарсан онигоо байдаг билээ. Зарим нь үүнд итгэх нь холгүй байсан шүү. Ямар ч байсан Биллд найз хүүхнүүд байсан. Бас ч цөөн гэж хэлэхээргүй. Гэрлэлтийн тухай асуултад Гейтс “Гэрлэхийг би яарахгүй байна. Яагаад вэ гэхээр хууч хөөрч суух ч юм уу цагийг зугаатай өнгөрүүлэх найз охид байгаа учир” гэж хариулсан байдаг. 

40 настай Гейтс Дэлхийн хамгийн баян хүн болжээ

1980-аад оны үеэр Биллтэй янаг амрагийн холбоотой байсан Энн Уинблад гэгч бүсгүй “Бид аяллаар явж байхдаа ихэнх цагаа Ричард Феинманы физикийн онолын лекцийн бичлэгийг сонсон түүнтэй холбоотой ном товхимол уншиж өөрөөр хэлбэл физикээр хичээллэсээр таардаг байсан” гэж Playboy сэтгүүлийн ярилцлагадаа хэлжээ. Билл одоо болтол түүнтэй халуун дулаан харилцаагаа хадгалан үлдсэнийг бодоход Энн Уинблад уг нь их зөв зам дээрээ байсан бололтой. 1987 онд “Microsoft” компанид нэгэн шинэ ажилтан оржээ. Түүний нэрийг Мелинда Френч гэдэг агаад сэхээтэн айлаас гаралтай хоёр ч дээд боловсролтой тухайн үедээ бас ч гэж 350 мянган долларын хөрөнгөтэй чамбай бүсгүй байв. Ажилд орсныхоо ердөө хоёрхон долоо хоногийн дараа Мелинда 500 мянган долларын ашигтай гэрээг хийж чаджээ. Тун ч удалгүй хоёр дахь, гурав дахь гээд ашиг сайтай гэрээнүүд түүний гараас гарч эхэлжээ. 1988 оны 11 дүгээр сар гэхэд Мелинда бараг 100 гаруй ажилчинтай худалдааны хэлтсийг толгойлж компанийн өмнөөс олон сая долларын гэрээ хийх эрхтэй болсон байна. Худалдааны хэлтэс шинэ даргыгаа хүлээж авах бяцхан үдэшлэг оффистоо зохион байгуулж байтал хамгийн том боосс өөрөө ирэн бүсгүйд баяр хүргэн баглаа цэцэг барьсан аж. Билл энэ удаа зөвхөн сайн ажилтандаа баяр хүргэх гэсэн л зорилго агуулж байсан гэдэг. 

Билл, Мелинда хоёр.

Хэдэн сарын дараа Мелинда мөн л хэд хэдэн амжилттай гэрээ байгуулан бас л тушаал дэвшжээ. Одоо Мелинда Билл Гейтсийн хажуу өрөөнд суух болсон аж. Мелиндагийн амжилт чадварлаг менежерүүдээс гардаг л зүйл. Энд тийм их ер бусын юм байгаагүй билээ. Гагцхүү энэ амжилтыг үзэсгэлэнтэй бүсгүй гаргасанд Биллийн сонирхлыг төрүүлээд зогсохгүй түүний царайлаг бүсгүйчүүдийн тухай тогтсон үзэл бодлыг өөрчилжээ. “Microsoft” компанийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хэлтсийн дарга нарын өрөө л гадагшаа харсан цонхтой аж. Мелиндагийн өрөөний цонх компанийн ерөнхийлөгчийн өрөөний олон цонхны нэгний нь өөдөөс харсан байсан нь Билл ажилтан бүсгүйгээ царайлаг гэдгийг анзаарахад хүргэсэн гэдэг. Удалгүй тэд болзож эхэлжээ. Гейтс дурлалт бүсгүйдээ Фицджеральдын “Агуу Гэтсби” гэдэг зохиолд гол баатар нь гэрийнхээ гадаа орой болгон усан онгоцны зогсоол дээр жижигхэн ногоон гэрэл асааж, дурлалт бүсгүйнхээ дуудахыг хүлээдэг тухай ярьж өгөөд “Хэрэв чи уулзахыг хүсвэл үүнийг асаагаарай” гээд ногоон бүрхүүлтэй ширээний чийдэн авч өгчээ. Тэд болзоод бараг жил болж байлаа. Нэг орой Мелинда ширээнийхээ ногоон чийдэнг асаагаад Биллийн утастахыг хүлээж байв. Энэ өдрийнхөө хийх ажлыг дуусгасан тул Мелинда компьютер дээрээ Гейтсийн зохиосон King Battle for Windows гэсэн хөзрийн тоглоомыг тоглож байтал “Microsoft”-н шуудан гэсэн цонх гарч иржээ. Тэр цонхон дээр <Билл Гейтсаас> <Мелиндаад> . <Үзэлцэх үү?> гэсэн бичиг байлаа. Мелинда энэ тоглоомоор тун дажгүй тоглодог нэгэн байжээ. Ямар ч байсан тэр сургуульдаа хэнийг ч урдаа гаргадаггүй байсан гэдэг. Тэгэхээр мэдээж <ОК> гэсэн хариу илгээсэн аж.

<Тэгвэл 3 үе тоглоё>

<100 оноо чамд илүү өгье. Бүү татгалз>

<ОК>

Нэгдүгээр үеийг Мелинда хожжээ.

<Чи тун дажгүй тоглодог юм байна. За оноогоо бодъё. Нэг лонх оргилуун дарс тавилаа.>

<Зөвшөөрч байна.>

Хоёр дугаар үеийг мөн л Мелинда хожив. Биллээс ирсэн дараагийн майл нь

<Мелинда. Надтай гэрлээч> гэсэн үгтэй байв.

Билл Мелинда нар 1994 оны 1дүгээр сард хуримаа хийсэн юм. Одоо тэд гурван хүүхдийн аав ээж. Гейтсийн гэрийн хоймрын ханан дээр Фицджеральдын “Агуу Гэтсби” зохиолын баатар гэрийнхээ гадаа ногоон гэрэл асахыг хүлээж байгаа зураг өлгөөстэй байдаг. Компьютерын мангас, техникийн донтонгоос баргийн уран бүтээлчээс гарахааргүй романтик сэтгэл илрэх явдал байх юм даа.

2008 оны Билл Гейтс "Microsoft"-ийн Ерөнхийлөгчөөс больж буяны болон нийгмийн үйл ажиллагаанд оролцох болжээ. Тэрээр буяны үйлст 30,0 тэрбум доллар хандивласан байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)