Хөгжмөөр дамжуулсан тэмцэл

Зөвлөлт болон Америкийн суртал ухуулга хоорондын хүйтэн дайнд жааз хөгжим, энэ төрлийн уран бүтээлчдийг ашиглаж байсан тухай “Жаазын элч төлөөлөгчид” кино ВВС телевизээр гарсны дараа сэтгүүлч А.Кан уг үйл явдлын бодит байдлыг дурсжээ.

АМЕРИКИЙН СУРТАЛ УХУУЛГЫН  ЭМЗЭГ “ГАЗАР”

ЗХУ зөвхөн атомын төдийгүй устөрөгчийн бөмбөгтэй, үзэл суртлын дайснууд хоорондын “халуун дайн” нийт хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх нь тодорхой болсон 1950-иад оны эхээр хүйтэн дайн буюу дэлхий нийтийн санаа бодолд ноёлохын төлөөх тэмцэл тэргүүн эгнээнд тавигдсан.

Даян дэлхийн хүмүүсийн санаа бодлыг татах зорилгоор 1953 онд Ерөнхийлөгч Эйзенхауэрийн зарлигаар АНУ-ын Мэдээллийн агентлаг (АМА)-ыг байгуулжээ. “Дэлхийн олон оронд хүмүүс эрх чөлөө, боолчлол хоорондын тэмцэлд алиных нь талд орох сонголтоо хараахан хийгээгүй байна. Эдгээр улсын аль нь ч чухал. Учир нь бид тэднийг алдвал стратегийн бүс нутгууд, орлуулашгүй баялаг алга болно” гэж тус агентлагийн төлөвлөгөөт мэдэгдэлд дурдсан байв. Эл байгууллагын нэг хэсэг нь дэлхийн янз бүрийн хэлээр богино долгионоор нэвтрүүлгээ дамжуулдаг “Америкийн дуу хоолой” радиостанц. Гэхдээ АМА болон “Америкийн дуу хоолой”-г дурсахгүй байхыг хичээдэг Америкийн амьдралын нэг тал нь арьсны өнгөөр ялгаварлах үзэл байв. Харин үүнийг Зөвлөлтийн суртал ухуулагчид ихээхэн анхаарч, ЗСБНХУ-ын иргэдэд төдийгүй дэлхий нийтэд их сэтгэл хөдлөлтэйгөөр өгүүлдэг байсан гэнэ.

Миссисипи муж улсад цагаан эмэгтэйтэй чөлөөтэй ярьж зүрхэлсний төлөө 14 настай, өнгөт арьст Эммерет Тиллийг 1955 онд Линчийн шүүхээр (Сэжигтний шүүлгүйгээр олны өмнө дүүжлэн хороохыг хэлдэг) оруулсан, дараа нь түүнийг хөнөөсөн этгээдийг зөвтгөж буй тухай түүх дэлхий даяар тархаж, гадаад ертөнц рүү чиглэсэн Зөвлөлтийн суртал ухуулга болжээ. Түүхийн үнэн мөнийг няцаах боломжгүй бөгөөд энэ нь АНУ-ын олон улсын имижэд ноцтой хохирол учруулсан байна. Арьсны өнгөөр ялгаварлах нь Америкийн дипломат бодлого, суртал ухуулгын эмзэг асуудал билээ.

“ЖААЗЫН ЦАГ” БА УИЛИС КОНОВЕР

“Америкийн дуу хоолой” 1955 оны нэгдүгээр сарын 6-нд англи хэлээр “Жаазын цаг” шинэ хөтөлбөрийн анхны нэвтрүүлгээ явуулжээ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудад тэр үед бараг л хориглосон хөгжмийн энэ урсгалыг Төрийн департаментад АНУ-ын үнэт зүйл, соёлыг түгээх үзэл суртал, соёлын хамгийн нөлөө бүхий “зэвсгүүд”-ийн нэг хэмээн үзэж байв.

“Жаазын цаг”-ийн хөтлөгч нь хөтөлбөрийн эхний дугаараас 35 настай Уилис Коновер болжээ. Үүнээс өмнө жаазын мэргэжилтэн, эсвэл их мэдлэгтэн байгаагүй ч тэрбээр өөрийн үеийн залуус шиг тухайн үед Америкт хамгийн алдартай хөгжмийг сонсох дуртай байв. Армид 1942 онд татагдсан тэрбээр Вашингтоны ойролцоох цэргйн клубт идэвхтэй очиж, тоглуулагч дээр нь жаазын пянз идэвхтэй тавьдаг нэгэн. Шинэ цэргийн сэтгэлийг их татдаг зөөгч бүсгүйчүүдийн нэг нь радиостанцын менежер нөхөртөө түүнийг танилцуулсан аж. Албаа хааж дууссаны дараа Уилис Америкийн нийслэл дэх тухайн үедээ ганц байсан жааз хөтөлбөрийн ди-жей болов. Тэр үед “Америкийн дуу хоолой”-н удирдлага жаазын хөгжмийн нэвтрүүлэг явуулахаар шийдсэнээр Уилис Коновер хөтлөгчөөр сонгогджээ. Тус радиостанцын англи хэлээр явдаг хөтөлбөрүүдийн бусад хөтлөгчийн адил тэрбээр маш удаан ярьж, дэлхийн янз бүрийн орны сонсогчид ойлгоход зориулж, үг бүрийн өргөлтийг маш нарийн дууддаг байлаа.

Уилисийн дур булаам байдал, баргил хоолой, сонсогчдод Америкийн хөгжмийг танилцуулан хүргэх чадвар эцэсийн эцэст ялжээ. Дэлхий даяарх жааз хөгжмийг сонирхогч олон сая хүн радио хүлээн авагчдаа “шингэж”, Уилис Коноверийн ачаар шинэ бичлэгүүдтэй танилцаж, жаазын хуучин сонгодгуудыг ч сонсож байв. Студидээ тэрбээр жаазын оддыг урьж, ажил, хөгжмийнх нь талаар яриулдаг байлаа.

Хөтөлбөртөө Уилис улс төрийн сэдэв хөнддөггүй байсан ч жааз хөгжмийн гол утга, агуулга, Америкийн амьдралын гол санаа түүний нэвтрүүлэг бүрээр дамжиж байв. “Жааз бүх хөгжимчдөд үнэмлэхүй эрх чөлөөний баталгаа болж байна. Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны эрх чөлөө. Энэ бол Америкийн гол санаа” хэмээн тэрбээр ярьдаг.

“ЖААЗЫН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ”

Тус хөтөлбөрийн анхдагч нь Луи Армстронг. 1956 оны тавдугаар сарын 23-нд агуу бүрээч, дуучин Луи Армстронг, түүний “All stars” тухайн үед Британийн колони Алтан эргийн нийслэл Аккра хотод 100 мянган үзэгчийн өмнө тогложээ. Хагас жилийн дараа энд тусгаар тогтносон Гана улс бий болсон. Африкт анх удаа тоглосон ч Луи Армстронг алс хол орших тивийн зүрх сэтгэлийг эзэмдсэнийг харсан Вашингтоны хамгийн түрэмгий улстөрчид жаазыг хуучин колони байсан улсуудыг татах хүчтэй зэвсэг болгож болохыг ойлгожээ. Эл хөгжмийг зөвхөн радио долгионоор гэлтгүй дэлхий нийтэд хүргэхийг харсан байна. Гэхдээ аялан тоглолт зохион байгуулахад радио станцын хөтөлбөрт зориулдгаас илүү их мөнгө хэрэгтэй байв.

“КОММУНИЗМЫН ЭСРЭГ АРДЧИЛАЛ”

Арьсны өнгөөр ялгаварлах үзэл газар авсан өмнөдийнхөн олонхын суудал эзэлсэн Конгресс жааз хөгжмийг дэмжин, хөрөнгө оруулахад бэлэн бус байв. Эсэргүүцлийн мөсийг нэг л хүн хагалсан нь Адам Клейтон Пауэлл. Тэрбээр Америкийн түүхэн дэх Конгрессын өнгөт арьст анхны гишүүн, “Жаазын элч төлөөлөгчид” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч. Ерөнхийлөгч Эйзенхауэр, Төрийн нарийн бичгийн дарга Жон Фостер Даллес нь хориглож байсан ч тэрбээр сэтгүүлчийн эрх авч, 1955 онд Индонезийг зорьжээ. Тэнд Ази, Африкийн 28 орны төлөөлөгчид оролцсон Бандунгийн бага хурал болсон нь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний эхлэлийг тавьсан юм. Вашингтон болгоомжилж байсан ч Адам Америкийн шүүмжлэлгүй, харин ч хамгаалсан байна. “Манай орны өнгөт арьстан цөөнхөөр дамжуулан бид коммунист нөлөөний эсрэг Африк, Азийн орнуудтай бат бөх харилцаа тогтоож болно” хэмээн тэрбээр аяллын зорилгоо тайлбарлажээ. Адам бодлогоо “Коммунизмын эсрэг ардчилал” хэмээн нэрлэсэн байна.

“СOOL WAR” ВМЕСТО “COLD WAR”

Вашингтонд эргэж ирэхэд нь Адамыг халуун алга ташилтаар угтжээ. Ерөнхийлөгч, Төрийн департаментын түшмэдийг ятгаж, Конгрессоос “Жаазын элч төлөөлөгчид” хөтөлбөр бий болсныг зарлаж чадсан байна. “Миний бүрээ миний зэвсэг. Хүйтэн дайныг “cool war” буюу сэрүүн төдийгүй гайхамшигтай дайн болгоно” хэмээн анхны элч Диззи Гиллеспи мэдэгджээ.

Өнгөт болон цагаан арьстнуудаас бүрдсэн Гиллеспи чуулга Турк, Сири, Иран, Пакистанд аялан тоглосон аж. Туркт байхад нь Грекийн нийслэл дэх АНУ-ын ЭСЯ руу тэдний эсрэг үзэлтэй оюутнууд дайрах гэж буй тухай мэдээлэл авчээ. Диззийг их сургуульд тусгайлан үг хэлүүлэхээр томилсноор Америкийн эсрэг уриа, лоозон барьж, ЭСЯ руу чулуу нүүлгэж, уур хилэнгээ гаргах гэж байсан оюутнууд Америкийн жааз хөгжимчнийг баяртайгаар угтсан байна.

Элвис Преслигээс өмнө, 1950-иад оны дундуур дэлхийд хамгийн алдартай америк хүн байсан Луи Армстронгийг АНУ-ын Мэдээллийн агентлаг жаазын гол хөзөр болгож, ирээдүйн Гана улсад концерыг нь маш амжилттай зохион байгуулжээ. Европоор хийсэн аялан тоглолт нь ч амжилттай болж, АМА-тай ямар ч холбоогүй “Columbia records” компани концертын бичлэгийг “Ambassador satch” гэж нэрлэсэн байна. “New York times” сонин тэргүүн нүүрэндээ “АНУ-д жааз гэдэг нууц дуут зэвсэг бий” гэсэн нийтлэл хүртэл гарчээ. Армстронг тийм ч дуулгавартай утсан хүүхэлдэй байгаагүй бөгөөд тусгаар тогтносон Гана улсын анхны Ерөнхийлөгч болох хүний дэргэд өнгөт арьстнуудын гашуун үнэний тухай дуу дуулж байсан гэнэ.

1956 оны эцсээр Армстронгийг ЗХУ руу илгээх хэлэлцээ эхэлж, 1957 онд Америкийн арьсны өнгөтэй холбоотой ээлжит мөргөлдөөн гарах хүртэл үргэлжилжээ. Есдүгээр сард нь Арканзас муж улсын Литл-Рок хотын сургуульд африк гаралтай есөн сурагчийг оруулаагүйн улмаас мөргөлдөөн дэгдэв.

Ерөнхийлөгч Эйзенхауэр өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах цэрэг илгээгээгүй тухай Америкийн төдийгүй дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ. Армстронг ч дуу хоолойгоо нэгтгэж, хэвлэлд ярилцлага өгөхдөө “Литл-Рок хотод болсон явдал Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Надаас хүсвэл ОХУ-д ч үүнийг хэлнэ” хэмээгээд, Ерөнхийлөгчөө “хоёр нүүрт”, муж улсын захирагчаа “боловсролгүй гөлөг” гэсэн байна. Үүгээр ЗСБНХУ-д түүнийг аялан тоглуулах тухай бүх хэлэлцээ дуусаж, “Жаазын элч төлөөлөгчид” хөтөлбөрийг хаахдаа тулсан аж.

АНУ-ын нэр хүндэд ноцтой цохилт болсон эл явдлаас хойш нэг сар өнгөрөөгүй байхад буюу 1957 оны аравдугаар сарын 4-нд ЗХУ анх удаа тойрог замд хиймэл дагуул гаргаж, спутник (хиймэл дагуул) гэдэг орос үгийг Америкт төдийгүй дэлхий даяар алдартай болгожээ. Америкийн урлагийн хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, өнгөт арьст хөгжимчин, хөгжмийн зохиолч Дюк Эллингтон Литл-Рокт болсон үйл явдлыг ч, спутникийг гайхсанаа “Race for space” нийтлэл бичсэн аж. Үүний race гэдэг үг нь англиар хоёр утгатай бөгөөд “Сансрын төлөө өрсөлдөөн”, эсвэл “Сансрын төлөө арьстан” гэж орчуулж болох. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл Америкт саад болох бөгөөд сансрын өрсөлдөөнд ЗСБНХУ-аас хоцорсон шалтгаануудын нэг нь гэдэгт тэрбээр итгэлтэй байжээ. “Арьсны өнгө, гарал үүслээс үүдэлтэй мөргөлдөөн АНУ-ыг тушсан гэдэгт би болон бусад олон негр итгэлтэй байдаг. Энэ хооронд оросууд бидний асуудлаа шийдэх чадваргүйг ашиглан хөгжсөөр байна” гэж Дюк Эллингтон бичжээ.

Армстронг татгалзсаны улмаас Төрийн департамент хүнд байдалд орсон ч “Жаазын элч төлөөлөгчид” хөтөлбөрт асар их хүчин чармайлт, хөрөнгө мөнгө зориулсан байна.

Уилис Коновер 1996 онд нас нөгчжээ. “New York times”-т гарсан, түүнд зориулсан эмгэнэлийн бичигт “Коммунизм, ардчилал хоорондын урт хугацааны тэмцэлд тэрбээр жааз хөтөлбөртэйгөө бөмбөгдөгч нисэх онгоцны бүхэл бүтэн эскадрилаас илүү үр нөлөө үзүүлсэн” болохыг тэмдэглэсэн байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)