Хөгжлийн зээлийг шуурхай олгохгүй бол оюутнууд хичээлгүй хоцрох нь

“Энэ намар шинэ оюутантай, сургалтын төлбөрийг нь яах билээ. Банкнаас л зээлнэ дээ” хэмээн сэтгэл зовних эцэг, эхчүүд хаа сайгүй. Амьжиргааны түвшин тааруухан айл өрхөд их, дээд сургуулийн сургалтын төлбөр толгойны өвчин болдог. Монголчуудын олонх нь хамаг цалингаараа жилийн 18-20 хувийн хүүтэй зээл арилжааны банкнаас авчихаад “Үр хүүхэд минь мэргэжилтэй л болчихвол бусад нь бүтнэ дээ” хэмээн найдаж суух. Эцэг, эхийн ачааг хөнгөлж, оюутан, суралцагчдыг илүү хариуцлагатай болгосон ажил бол оюутны хөгжлийн зээл. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцагчийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 болон түүнээс дээш бол уг зээлд хамрагдаж болдог.

Мөн бакалаврын түвшинд суралцаж буй бол голч оноо нь 2.8, магистр, докторынх 3.2 болон түүнээс дээш, улиралд 10-аас цөөнгүй кредитийн хичээл сонгосон, зорилготой, өөртөө итгэлтэй оюутан байх гэсэн ерөнхий шаардлага хангасан хэн бүхэнд энэ зээл нээлттэй юм билээ. Боловсролын зээлийн сангаас олгодог уг зээлийг авсан оюутан сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор эргэн төлөх нөхцөлтэй. Энэ зээл нь хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгч шаарддаггүй давуу талтай. Сурлага сайтай ч мөнгөгүй оюутнуудад сургуулиасаа хасагдана гэх айдасгүйгээр сурах боломж олгодог. Тодруулбал, оюутнууд банкаар дамжуулан, барьцаа, хүү төлж зээл авч байсныг 2018 оноос өөрчилсөн юм. Гэвч Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг жилийн жилд танаж, багасгасаар энэ удаа бүр хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад хэрхэх нь тодорхойгүй байна. “Боловсролын зээлийн сангийн санхүүжилт гэж 2020 оны төсөвт 76 тэрбум төгрөг баталсан ч хэрэгжүүлэх явцад цар тахал гарсан тул 33 тэрбум төгрөг болгон бууруулсан. Одоогоор үүнээс 10 орчим тэрбум төгрөгийг нь зарцуулсан” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр саяхан мэдээлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд суралцсан нийт 156 000 оюутны 13 000 нь Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт гаргасан гэнэ.

Уг зээлийн санхүүжилт болон хэзээ олгох талаар БШУЯ-ны албаны хүмүүсээс лавлахад “2020-2021 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь өмнөх оныхоос бага. Сангийн болон БШУ-ы сайд хамтран оюутнуудад олгох зээлийн хэмжээг тогтоодог. Энэ оныхыг хэзээ тогтоохыг мэдэхгүй” гэсэн юм. Их, дээд сургуулийн оюутнууд энэ сарын 1-нээс цахимаар хичээллэсэн бол аравдугаар сарын 5-наас танхимд хичээлээ үзнэ. Гэтэл оюутны хөгжлийн зээлээр суралцдаг олон мянган оюутан яах учраа олохгүй гацаанд оржээ. Сургуулийнх нь Сургалтын албанаас өнгөрсөн сарын сүүлчээр төлбөрөө төлөхийг шаардаж, төлөөгүй тохиолдолд хичээлээ сонгох эрхийг нь нээхгүй гэдгийг мэдэгдсэнээр оюутнууд үймж эхэлсэн юм. Өмнөх шигээ зээлээр сурна хэмээн найдаж явсан тэд гэнэт л доод тал нь нэг сая төгрөг төлөх “өр”-нд уначихаар аргагүй биз. “Хичээл сонгоход долоо хоног дутуу байхад Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт орж ирээгүй. Гэтэл сургуулиас сургалтын төлбөрөө бүрэн төлсний дараа хичээлээ сонго гэсэн нь олон оюутанд маш хүнд туссан. Энэ зээл бол амьжиргааны түвшин доогуур айлын сурах хүсэлтэй оюутнуудыг дэмжсэн маш том боломж” хэмээн цөөнгүй оюутан хэлэв. 

Зарим оюутан нэгдэн, нөхцөл байдлаа сургуулийнхаа удирдлагад уламжилсан ч олонх нь үр дүнд хүрээгүй гэнэ. Тухайлбал, ХААИС-ийн цөөнгүй оюутан сургалтын төлбөрөө төлөх боломжгүйгээс нэг жилийн чөлөө авах тухай ярьсан бол, МУБИС-ийн зарим суралцагч цахим хичээлд хамрагдаж чадахгүйд хүрчээ. Харин МУИС сургалтын төлбөрийн асуудалд уян хатан хандаж, оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт орж иртэл уг зээлээр суралцдаг хүүхдүүд төлбөр төлөхгүй байж болно гэжээ. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн III курсийн оюутан эхний ээлжид сургалтын төлбөрөөсөө 500 000 төгрөг төлж, цахим хичээл үзэх эрхтэй болжээ. Тэрбээр нэгдүгээр курст орох үеэсээ л эхлээд уг зээлд хамрагдсан аж. Гэтэл “Өнгөрсөн хаврын сургалтын төлбөрийн санхүүжилт Боловсролын зээлийн сангаас орж ирээгүй, найдаад хэрэггүй” гэж сургуулиас нь мэдэгдэж. Өнгөрсөн хавар, энэ намрын сургалтын төлбөр нь нийт гурван сая орчим төгрөг болжээ. Үүнийг хоёр хувааж, цаад тал нь арваннэгдүгээр сарын 30-нд тушаахыг сургуулийн Сургалтын албанаас нь шаардсан байна. Түүний ээж өрх толгойлсон эмэгтэй бөгөөд дүү нь мөн оюутан гэнэ. Тулгамдсан асуудлаа оюутнууд ийн ярьж байна.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ УЧИР ЦАХИМ ХИЧЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ

(МУБИС-ийн III курсийн оюутан М):

-Оюутны хөгжлийн зээлийг хоёрдугаар курсээсээ авч эхэлсэн. Энэ намар санхүүжилт орж ирээгүй гээд төлбөрөө төлөхийг сургуулиас шаардсан. Өнгөрсөн хаврын сүүлийн улирлын сургалтын төлбөр сургуулийн дансанд одоо хүртэл ороогүй юм билээ. Миний дүү МУБИС-д аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг. Нэг гэрээс хоёулаа сурдаг учраас энэ зээл бидэнд маш их хэрэгтэй байна. Сургалтын төлбөрөө төлөөгүй учир дүү бид хоёр цахим хичээлдээ хамрагдаж чадаагүй. Сургалтын төлбөрөө төлсөн хүүхдүүд нь онлайнаар лекц сонсож байгаа. Эхний улирлын төлбөр 1.1 сая орчим төгрөг болсон. Үүнийг төлсний дараа хичээлээ сонгох ёстой гэсэн. Миний хоёр дүү ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Аав, ээж минь тусдаа амьдардаг юм. Ээж тогтсон орлогогүй учраас дүү бид хоёрын сургалтын төлбөрийг төлж хүчирдэггүй. Тиймээс нэн хэрэгтэй байгаа зээлийг шуурхай олгож, биднийг хичээлдээ явах боломжоор хангахыг хүсэж байна.

СУРЛАГА САЙТАЙ ОЮУТНУУДЫГ ТҮЛХҮҮ ХАМРУУЛААСАЙ

(МУИС-ийн IV курсийн оюутан Н):

-Би сэтгүүлч мэргэжлээр суралцдаг. Ах минь АШУҮИС-д сурдаг. Аав, ээж минь малчин болохоор төлбөрийн дарамтад оруулахыг хүсээгүй. Тиймээс би хоёрдугаар курст орохдоо оюутны хөгжлийн зээлд хамрагдсан. Манай сургуулийн цөөнгүй оюутан энэ зээлд хамрагддаг. Миний сурлагын голч дүн 3.5 байдаг учраас материалаа бүрдүүлээд өгөхөд ямар ч асуудалгүй зээл авч чаддаг. Гэтэл Боловсролын зээлийн сангийн санхүүжилт орж ирээгүй гээд өнгөрсөн хавар, энэ намрын сургалтын төлбөрийг төлөх шаардлагатай боллоо. Харин манай сургуулийн захиргаанаас сургалтын төлбөрийг зохицуулж өглөө. Гэхдээ санхүүжилт нь орж ирэхгүй бол энэ намрын сургалтын төлбөрийг эхний улирал дуусахаас өмнө төлөөрэй гэсэн. Голч дүнгийн доод хязгаар 2.8 байгаа нь энэ зээлд маш олон оюутныг хамруулах боломж нээсэн. Гэтэл олгож буй зээлийн хэмжээ нь жилээс жилд багасаж байна. Тиймээс голч дүнгийн доод хязгаарыг өндөрсгөн, сурлага сайтай, амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдийг түлхүү хамруулаасай. Мөн эргэн төлөх хугацааг богиносгож болох юм.

ЖИЛИЙН ЧӨЛӨӨ АВНА ГЭСЭН ОЮУТАН ЦӨӨНГҮЙ

(ХААИС-ийн III курсийн оюутан О):

-Манай сургуульд 10 000 гаруй оюутан суралцдагаас 300 орчим нь оюутны хөгжлийн зээлд хамрагддаг. Сургалтын төлбөрөө төлж чадахгүй учир хэдэн хүүхэд жилийн чөлөө авна гэж байсан. Энэ жил төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг сургуулиуд руу яаралтай хуваарилаасай. Тэгэхгүй бол сургалтын төлбөрөөс болж олон хүүхэд хохирч байна. БШУ-ы сайд III, IV курсийн оюутны сургалтын төлбөрийг нэмэхгүй гэж мэдэгдсэн ч манай сургуулийн нэг кредит цагийн төлбөр 5000 төгрөгөөр нэмэгдэж, 107 000 болсон. Төлбөрөө төлсөн оюутны хичээл сонгох эрхийг нээж байгаа. Оюутны хөгжлийн зээл авдаг нь санхүүжилт хүлээгээд хичээл сонгох эрхээ нээлгэж чадахгүй байна.

ААВ, ЭЭЖИЙНХЭЭ АЧААНААС ХӨНГӨЛМӨӨР БАЙНА

(АШУҮИС-ийн V курсийн оюутан М):

-Өнгөрсөн хавар нэг улирлын сургалтын төлбөрөө оюутны хөгжлийн зээл авч төлсөн. Дүү минь энэ намар оюутан болсон учраас хоёр хүүхдийн сургалтын төлбөр төлөх гэж аав, ээж минь зүдэрч байна. Манай сургуулийн хичээлийн нэг кредит цагийн төлбөр 90 000 төгрөг. Жилд сургалтын төлбөрт дөрвөн сая гаруй төгрөг төлдөг. Төлбөр төлсөн, эсэхээс үл шалтгаалж цахим хичээлийг оюутнуудад нээлттэй хүргэж байгаа. Аав, ээж минь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч, миний сургалтын төлбөрт өгдөг учраас оюутны хөгжлийн зээлд хамрагдаж, сургуулиа төгсөөд ажил хийж, өөрөө төлмөөр байна. Би сурлагын голч дүн болон бусад шаардлагыг хангасан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)