“Хөгжлийн зогсолт”

- Хайгуулын лицензийн тоо хэд дахин цөөрч, уул уурхайн салбарын хөгжил зогсох нь -

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл ирэх хоёр жилд олон дахин цөөрөх нь. Эдийн засагч Ч.Отгочулуу хайгуулын лиценз 300-400 орчим болж буурна гэсэн таамаг дэвшүүлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоож байв. Тухайн үед улс төрд танил талтай бүхэн хайгуулын лиценз авч, түүнийгээ дамлан худалдаж ашиг олж байлаа. Үүнийг лицензийн наймааны үе гэж нэрлэдэг. Лицензийг замбараагүй олгосноор Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30 хувь хайгуулын талбай болсон юм. Гадаадын хөрөнгө оруулагчид монголчуудаас хайгуулын тусгай зөвшөөрөл олныг худалдаж авсан. Улмаар тэд ямар ч хараа хяналтгүйгээр цааш нь дамлан борлуулж байв. Энэ нь манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас лиценз олгохыг зогсоосон хэрэг.

...Ашиглалтын зарим лиценз нөөцгүй учраас олборлолт хийдэггүй гэж ярих эх сурвалжтай таарав. Нөөцийг нь тогтоогоогүй, эвсэл нөөцтэй гэж худал мэдүүлсэн аж ахуйн нэгжид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож буй нь хууль зөрчсөн үйлдэл...

Хайгуулын лиценз олгохыг таван жил зогсоосны эцэст 2015 оноос цахимаар хэн түрүүлж санал ирүүлсэнд нь эзэмшүүлэх эрх зүйн зохицуулалт хийсэн юм. Маш шударга зарчим гэж тухайн үед үзэж байсан ч цахим орчинд хамгийн түрүүнд санал өгсөн аж ахуйн нэгжид биш, мэдээллийн санг хөгжүүлэгчдэд нөлөөлж чадсан нь лиценз авсан нь хожим илэрхий болов. Ингээд лиценз олгохыг дахин зогсоолоо. Хайгуулын лицензийг 2018 оноос сонгон шалгаруулалтын журмаар дахин олгохоор болсон. Энэ зохицуулалт үр дүн муутай байгаа. Гэтэл Засгийн газраас өнгөрсөн оны эцэст хайгуулын лиценз нэг жилийн хугацаанд олгохыг хориглов. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг гурав дахь удаагаа зогсоосон нь энэ.

Тусгай зөвшөөрөл олгохыг өнгөрсөн хугацаанд олон удаа зогсоосон нь лицензийн тоо буурах гол шалтгаан болсон юм. Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн мэдээллээр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо өнгөрсөн оны эцэст 1119-д хүрчээ. Уг лицензүүдийн дийлэнхийг нь 2008-2010 онд олгосон аж. Өнөөгийн мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар аж ахуйн нэгжүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг 12 жил хүртэлх хугацаагаар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Тэгэхээр 2008-2010 онд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа ирэх хоёр жилд дуусна. Энэ нь тусгай зөвшөөрлийн тоо огцом буурахад нөлөөлнө гэж шинжээчид үзжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс харвал, 2009 онд хайгуулын 3659 тусгай зөвшөөрөл олгосон байжээ. Одоогоор гурав дахин цөөрч, ашиглалтын лицензээсээ ч багасаад буй юм (графикаас ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлийн тооны өөрчлөлтийг харах боломжтой).

Лиценз олголтыг зогсоосноор л хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо цөөрөхөд дангаар нөлөөлсөн гэвэл өрөөсгөл. Хайгуул хийсэн ч эдийн засгийн үр ашигтай нөөц олдоогүй тохиолдолд лицензийг буцаан олгож байгаа. Мөн зарим тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж цуцлагдаж буй нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр, лицензийн тоо нэмэгдэхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаа больсонтой ч холбоотой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр энэ талаар “Хайгуулын лиценз ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө 2-3 дахин их байвал шинэ орд нээх магадлал логикийн хувьд өснө. Харамсалтай нь тогтолцоо нь алдагдаад хайгуулынх нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос цөөрчихөөд байна. Ерөнхийдөө хайгуулын үйл ажиллагаа зогсонги байдалд орчихлоо. Энэ нь манай хууль, эрх зүйн орчноос хамаарч байгаа. Зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байна. Энэ нь тусгай зөвшөөрөл олныг олгох, үр дүнтэй зохицуулалт биш. Хайгуулын тусгай зөвшөөрөл жилд 70-80-аар буурч байхад, 20-30-ыг шинээр олгож байна. Ингэхээр цөөрөхөөс өөр аргагүй. Салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор хайгуулд зарцуулах хөрөнгө оруулалт ч багаслаа” гэж ярив. Тэрбээр нэмж “Хайгуулын салбар зогсонги байдалд орсны үр дагавар 2-3 жилийн дараа шууд харагдана. Шинэ ордууд нээгдэхгүй, үүнийг дагаад баяжуулах үйлдвэр хөгжихгүй. Эдийн засаг нь уул уурхайн салбарт тулгуурладаг орны хувьд хайгуулын салбар зогсонги байдал орсон нь эрсдэлтэй” гэлээ.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нэмэгдсээр байгаа. Ашиглалтын лиценз 2009 онд 1085 байжээ. Тэгвэл 2019 онд 1670 болж өссөн. Мөнөөх хайгуулын олон тусгай зөвшөөрлийн 500 орчим нь ашиглалт руу шилжсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хайгуулын үр дүнд орд нээгдэн, нөөцийг нь тогтоож, олборлолт хийх зөвшөөрөл авсан хэрэг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд жил бүр Ашигт малтмал, газрын тосны газарт уулын ажлын төлөвлөгөөгөө илгээдэг. Тэд тухайн жил тэдэн шоо метр хөрс хуулж, төдий хэмжээний ашигт малтмал олборлоно гэсэн төлөвлөгөө гаргадаг юм. Үүнийх нь дагуу Ашигт малтмал, газрын тосны газрынхан зохих хяналтаа тавьж, салбарын яам бодлогоо боловсруулдаг. Өнгөрсөн оны байдлаар 336 компани уулын ажлын төлөвлөгөө гаргажээ. Тэгэхээр нийт ашиглалтын лицензтэй талбайн 1300 гаруйгаас нь олборлолт хийхгүй байна гэсэн үг.

Ашиглалтын лицензтэй талбайгаас аж ахуйн нэгжүүд яагаад олборлолт хийхгүй байна вэ. Энэ бол тавих ёстой асуулт яах аргагүй мөн. Ашиглалтын зарим лиценз нөөцгүй учраас олборлолт хийдэггүй гэж ярих эх сурвалжтай таарав. Нөөцийг нь тогтоогоогүй, эвсэл нөөцтэй гэж худал мэдүүлсэн аж ахуйн нэгжид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож буй нь хууль зөрчсөн үйлдэл. Иймээс ардаа ямар нэгэн атгаг санаа агуулсан байж мэдэх юм. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл эдийн засгийн ямар ч үр ашиггүй ордын техник, эдийн засгийн үндэслэлийг баталдаг гэх явган яриа ч бий. Б.Мөнхтөр “Ашиглалтын лицензтэй дийлэнх талбайгаас олборлолт хийхгүй байгаа нь үнэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан төслүүдийн дийлэнх нь эргэлтийн хөрөнгөө шийдэж чадахгүй байна. Уул уурхайн төслүүдийн 50-60 хувь нь ийм бэрхшээлтэй тулгарсан. Манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгж цөөрсөнтэй энэ нь холбоотой. Бид уурхайн салбарыг цэгцлэх том зорилт тавьж ажиллаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлдэг. Тодруулбал, төр, засаг нь гэнэтийн шийдвэр гаргаад зогсоочихно, хэвийн үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байж магадгүй. Уурхай нээхээр ажиллаж буй зарим төсөл төлөвлөлтийн шатандаа явна. Техник, эдийн засгийн үндэслэлдээ тодотгол хийх гэх мэт ажлаа амжуулж байгаа. Ашиглалтын лицензтэй талбайн 30-40 хувиас ийм шалтгаанаар олборлолт хийхгүй байна. Тэгэхээр хууль зөрчсөн гэж харж болохгүй” гэв.

Бодлого боловсруулагчид уул уурхайн салбарын хөгжил зогсонги байдалд орж буйг хүлээн зөвшөөрч буй бололтой. Монгол Улсын иргэдийн хөгжил маш сул байгаа. Тиймээс ойрын 10-20 жилдээ газрын хэвлийн баялгаа ухаж “идэх”-ээс өөр замгүй. Тиймээс хэдхэн том төсөлдөө найдаад уул уурхайн салбарыг зогсонги байдалд оруулж болохгүй болов уу. Үнэхээр орд нээгээгүй, нөөцтэй гэж худал мэдүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бол яах вэ. Ашигт малтмал, газрын тосны газрынхан энэ талаар илүү дэлгэрэнгүй, нарийвчлалтай мэдээлэл өгөх биз ээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)