Хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхдэд амин дэм өглөө

Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн “ЭМ”-ийн  холбооноос Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбоонд амин дэм, витамин болон асаргааны хэрэгслүүд хандивлалаа.

Энэхүү үйл ажиллагааг НЭМГ-аас санаачлан, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ”-ийн холбоотой хамтран зохион байгуулсан юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дархлааг дэмжих, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны захирал С.Сэлэнгэ хэлсэн юм.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 81 дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” нийслэлийн дэд хөтөлбөр, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл"-ийн 2019 оны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах "Өгөх өдөр" хэмээх нэг сарын хугацаатай аяныг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулжээ. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дархлааг дэмжих зорилгоор эмийн сангууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амин дэмийн бүтээгдэхүүн өгсөн байна.

Энэ талаар тодруулбал “Нийслэлийн хэмжээнд 200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн сард эдгээр эмийн сангийн 50 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй хүүхдэд амин дэм өгсөн. Харин өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхдэд амин дэмийг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ”-ийн  холбооноос өнөөдөр албан ёсоор өгчээ. Мөн 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирэхэд хүндрэлтэй байсан учраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны захирал С.Сэлэнгэд төлөөлөл болгон өгч байна” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)