Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТУНХАГ бичигтэй болно

Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх IV конгресс Улаанбаатар хотноо эхэллээ. Тус конгрессыг 2009 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохион байгуулдаг ба энэ жилийнх Монгол Улсад болж байгаагаараа онцлог юм. Конгресст 21 аймгийн төлөөллүүдээс гадна 43 орны нийт 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Өмнөх удаагийн конгрессын сэдэв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх асуудал байсан бол энэ удаа тус бүлгийн иргэдийг бүх талаар нь хөгжүүлэх тухай хэлэлцэнэ. Мөн тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, шийдэл хайх, ололт амжилтаа хэрхэн бэхжүүлэх зэрэг асуудлаар ч санал солилцох юм. Ингэснээр дэлхийн тогтвортой хөгжлийг хангах, хөгжлөөс хэнийг ч хоцроохгүй байхад ахиц гарна гэж үзэж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Басхүү бүс нутгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ямар асуудлуудад түлхүү анхаарах, дэлхийн нийтийн чиг хандлагад хэрхэн нийцэх, уялдаж ажиллах зэргийг тусгасан тунхаг бичиг гаргах ажээ.

Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуультай, Засгийн газрын агентлаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төвүүдийг ажиллуулж байгаа. Мөн 500 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий төв нээсэн бөгөөд тус төв нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх бус, асран хамгаалагчийг сургах, бэлтгэх, хөгжүүлэх гээд цогц үйлчилгээг өгөхөөрөө онцлог юм. Цаашид зургаан аймагт тус иргэдэд зориулж хөгжлийн ордон, спорт цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа аж.

Тус үйл ажиллагааны хүрээнд гадаадын зочид, төлөөлөгчдөд зориулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүтээлээ танилцуулсан үзэсгэлэн яармаг зохион байгуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)