Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувийн хэвшлийнхэнд даатгана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс (зөвлөгөөн) өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор эл конгрессыг зохион байгуулж буй. Үндэсний дээл хувцсаар ижилссэн сайн дурын ажилтнууд “Шангри-Ла” зочид буудлын үүдэнд зогсож, 43 орны 600 орчим зочныг угтан авсан. Мөн шар, цэнхэр өнгийн монгол цамцаар гангарсан охид, хөвгүүд зочдод газарчилж, хурал болж буй танхимыг заан, брайл үсгээр бичсэн хөтөлбөр тарааж байв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх конгрессыг нээж “Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй ажиллаж, амьдрах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаатай болох, боловсролд тэгш хамруулах чиглэлээр олон ажил хэрэгжүүлсэн. Харин тэдний бие даан амьдрах эрхийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг сайжруулахад та бүхний туршлагаас суралцах хэрэгтэй” гэв. Салбар хуралдаануудыг англи, монгол хэлээр хөтлөн явуулсан. Мөн 12 ажилтан оролцогчдод дохионы хэлээр мэдээлэл хүргэсэн. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресст оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй бол үлдсэн нь тэдний эрх ашгийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхан. Эл конгрессыг өмнө нь Бангкок, Манила, Токио хотноо иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр зохион байгуулсан гэнэ. Эдгээр улсын төлөөлөл энэ өдөр өмнөх конгрессоор хэлэлцсэн асуудлыг эргэн сануулж, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан. Үүнээс гадна “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сайн туршлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа”, “2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн гурван нэгдсэн сэдвээр 18 салбар хуралдаан хийж, нийт 72 илтгэл хэлэлцэнэ.

Ази, Номхон далайн орнуудаас гадна Энэтхэг, Нидерланд, Пакистан, Иран, Турк, Итали улсаас зочид иржээ. Оролцогчид конгрессын зохион байгуулалт хийгээд Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Ази, Номхон далайн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн тэргүүн Тиж Буннаг гол зочдын нэг байв. Тэрбээр “Энэ удаагийн конгресс манай салбарт томоохон өөрчлөлт авчрах нь дамжиггүй. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны конгресс юм. Зөвхөн энэ хуралд оролцохын тулд хоёр жил бэлдлээ. Тиймээс конгрессын үр дүн сайн гарч, үр өгөөжийг нь олон жил ярих байх” гэсэн юм.

Манай улс өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 3.6 тэрбум төгрөг зарцуулж, 5600 иргэн хамруулсан. Өдгөө хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн орон сууцаар хангах үүднээс Төрийн орон сууцны корпорацын түрээсийн орон сууцны таван хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох бодлого баримталж буй. Өнгөрсөн гурван жилд түрээсийн орон сууцны 6.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгожээ. Харин Филиппинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бодлого, төсөв, хөтөлбөр байдаггүй. Тэднийг оюуны болоод биеийн эрүүл мэндийн хувьд энгийн иргэнтэй адил түвшинд авч үзэн, нийгмийн асуудлыг тэнцвэртэй шийддэг аж. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай биш энгийн сургуульд сургаж, нас, сэтгэхүй, хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн хөгжүүлж, нийгэмшүүлдэг юм байна.

Г.ӨНӨРБАЯР: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас конгрессоос хүлээж буй үр дүнгийн талаар тодрууллаа.

-Энэ удаагийн конгрессоор ямар асуудлыг голлож хэлэлцэх вэ?

-Эл конгрессыг зохион байгуулснаар Монгол орноо олон улсад амжилттай сурталчилж чадлаа. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх бодлогын түвшин, хамгийн сайн жишиг, өмнөх конгрессоос гарсан уриалга, тунхаглалыг бусад улс хэрхэн хэрэгжүүлэв зэргийг анхааралтай сонсож байна. Цаашид зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ бус, хүн бүрт өгөөжтэй нийгмийг бүтээхэд салбарын яам тодорхой ажлууд хийж, хэрэгжүүлнэ.

-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага, иргэнийг яамнаас хэрхэн дэмждэг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг иргэний нийгмийн байгууллага олон. Тэд өөрсдийн санаачилгаар төрийн бус байгууллага байгуулж, амжилттай ажиллаж буй. Сайн жишиг тогтоосон тэдгээр байгууллагыг төр, засаг дэмжинэ. Тэднээр дамжуулж, төрийн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр төлөвлөж буй. Өнөөдрийн чуулганаар Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг нэгтгэн, нэгдсэн холбоо байгуулахаар хэлэлцэж байна. ХНХЯ нийгмийн хамгааллыг сайжруулахаар олон хөтөлбөр хэрэгжүүлж буй. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй хүмүүсийн халамж, тэтгэврийг нэмсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарч ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуульд хөдөлмөрийн харилцааны талаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж эхэлсэн. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд онцгой анхаарч байна гэв.

Конгресс үргэлжлэх хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан болон онцгой байдал, цагдаагийн алба хаагч, эмч сувилагч нар 24 цагаар ажиллана.

Бэлтгэсэн: Г.Тэлмэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)