Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд арилжжээ

Хөгжлийн банк олон улсын зах зээлд уржигдар 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа арилжжээ. Бондыг таван жилийн хугацаатай, 7.25 хувийн купонтой арилжсан байна. Хөрөнгө оруулагчид нийт 4.1 тэрбум “ногоон”-ы бонд худалдан авах санал ирүүлсэн аж.

Энэ нь Хөгжлийн банкны санал болгосноос найм дахин их гэсэн үг. Хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтыг Нью-Йорк, Лондон, Бостон, Хонконг, Сингапурт хийжээ. Ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг багасгах зорилгоор шинээр арилжсан бондын хөрөнгөөр тус банкны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх нь.

Олон улсын зах зээлийн жишиг хүү өсөх хандлагатай байгаа нь Хөгжлийн банкны хүлээх хүүгийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байсан гэлээ. Тус банк 2012 онд 580 сая ам.долларын бондыг 5.75 хувийн хүүтэй арилжсан бөгөөд Засгийн газрынхаар сольж байсан билээ. Тодруулбал, Хөгжлийн банкны 476 сая ам.долларын (580 сая ам.долларын 82 хувь) бонд эзэмшигчид Засгийн газрын өнгөрсөн жил гаргасан “Хуралдай” бондоор солихыг зөвшөөрч байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)