Хөгжлийн банкны шалгалтын дүнг нууцын зэрэглэлээс гаргахыг хүслээ

УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, мөн тус банкны шалгалтын дүнтэй холбоотой асуудлаар хэлэлцлээ. Түүнчлэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүдээс тодорхой мэдээлэл авсан. Үүнээс бүлгийн гишүүд Хөгжлийн банкны шалгалттай холбоотой асуудлаар түлхүү санал бодлоо солилцов. Учир нь, Хөгжлийн банкны шалгалттай холбоотой 200 гаруй хуудас баримтыг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаан тарах үеэр Засгийн газраас УИХ дахь МАН-ын бүлэгт нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хөгжлийн банкны шалгалтын нууцын зэрэглэлтэй материалыг гишүүд чуулганы танхимаас шууд олон түмэнд цацаж байгаа нь хууль зөрчиж байна гэж бид үзлээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай холбогдсон шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргахад тодорхой үйл ажиллагаатай байдгийг бид мэднэ. Өнөөдөр шалгалтын дүнг олон түмэнд нэгэнт цацаж байгаа учраас бид удаа дараа шаардлага тавьж байгаа. Иймд холбогдох байгууллагууд нь шалгалтын дүнг энэ долоо хоногтоо нууцын зэрэглэлээс гаргаж тавихыг бүлгийн гишүүд хүслээ. Мөн эхний ээлжинд Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт хуулийн хүрээнд явагдсан эсэхийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулж байгууллаа. Яг одоо мөрдөж байгаа Хөгжлийн банкны хуулийн дагуу төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн үү, АН-ынхны яриад байгаа шиг МАН-ын тодотголтой компаниуд санхүүжилтыг нь авсан уу, эсвэл улс төр хийгээд байна уу гэдгийг ард түмэнд ил гаргаж тавих тал дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Яагаад ингэж үзэв гэхээр “Монполимет”, “МАК”-ийн төслүүд дээр голлож “МАН-ынхан зээл авсан” гэдэг зүйлийг ярьж байна. Та бүхэн анзаарч байсан бол УИХ-ын сонгуулийн өмнө “МАК”, “Монполимет” цементийн үйлдвэр дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг очиж тууз хайчлаад “Хөгжлийн банкнаас олгосон хамгийн үр дүнтэй төсөл боллоо” хэмээн уриалж олон нийтэд онцолж байсан. Тиймээс бид өнөөдөр олон түмэнд энэ мэдээлэл үнэн байсан уу, худал байв уу гэдгийг нээлттэй болгох ёстой” гэв. Харин Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлаар өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг буюу Тавантолгойн ордын 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байна уу, үүнд Засгийн газар ямар байр суурьтай байгааг Засгийн газрын гишүүдээс тодруулав. Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхайн сайдын зүгээс Тавантолгойн төслийн хувьд эхлэлийн шатандаа явж байна. Өнөөдөр гадна, дотнын компаниуддаа бүх саналаа өгч, өөрсдийн санал бодлоо хэлж байгаа аж. Мэдээллийн төгсгөлд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан агуулгын хувьд товч тайлбар хийлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)