Хөгжлийн банкийг хохироосон компаниудыг шүүхэд өгч эхэлжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан зарим компанийг Иргэний хэргийн шүүхэд өгөхөөр болжээ. Тодруулбал, ЗГХЭГ, Үндэсний аудитын газраас УЕПГ-т хандаж, Хөгжлийн банкийг хохироосон зургаан компанийн зээлийн түүхийг судалж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өгнө үү гэх хүсэлт гаргасан байна. Үүнээс гадна Хөгжлийн банкныхан ч төрийг хохиролгүй болгож өгнө үү хэмээн прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлж, таван зээлдэгчийн материалыг хавсаргажээ. Харин “Капитал” банкнаас өрөө авах талаар хүсэлтэд дурдаагүй гэнэ. УЕПГ-аас “Капитал” банк, “Эрэл”, “Монгол драй милк”, “Кью Эс Си” ХХК болон төрийн өмчит ТОСК, “Хөтөл” компанид холбогдох зээлийн асуудлыг судалж буй аж. Үүний дагуу УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах албанаас хоёр нэхэмжлэл гаргаад байна. Тодруулбал, “Монгол драй милк” компаниас 49 тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгчээ. Тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “Кью Эс Си” компани төрд 71 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг гаргуулах нэхэмжлэл бичжээ. Одоогоор шүүх эл хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн, эсэх нь тодорхойгүй байна.

ТОСК-д холбогдох зээлийн асуудалд нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэн прокурор нэхэмжлэл бичих, эсэх нь тодорхойгүй байна. Прокурорын байгууллагын хуульд зааснаар төрийн хоёрбайгууллагын хоорондох маргаанд оролцохыг хориглодог. Тиймээс “Шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаарай” гэх зөвлөгөөг Хөгжлийн банкныханд өгчээ.

Компаниуд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн тус банкнаас зээл авсан ч импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоо биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагууд авсан зээлээ хугацаандаа төлөөгүй, мөн тогтоосон хугацаандаа төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусгаагүй аж. Зарим компанийн зээлээ төлөх хугацаа болоогүй ч графикийн дагуу төлөөгүйгээс төрд хохирол учирчээ. Тиймээс прокурорын байгууллага дээрх компаниудын төрд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд хандаж эхлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)