Хөгжилд нэмэргүй “хачир”

Хөшөө бол өнөө цагт хөгжилд хөшүүрэг бус, хачир болох зүйл. Гэхдээ хачир төдий гээд хаяж, үл тоож болохгүй чухал эд боловч хэзээ, хаана, хэрхэн бүтээж, байршуулах, ач холбогдлыг нь анхаарахгүй бол асуудал дагуулах “хүндхэн сэдэв”.

Юуны түрүүнд нэг зүйл онцлоход, Монголын түүх, уламжлал, ахуй байдлын гэрч, хойч үедээ өв соёл болсон “өвгөн” хөшөө, дурсгалуудын талаар энд хөндөөгүй болно. Хэдэн зуун, мянганы түүхийн цаглавар болсон дурсгалуудаа хүн төрөлхтөн хамгаалж, өвлүүлэх үүрэгтэй. Орчин цагийн монголчуудын хувьд, ялангуяа хөгжих гарц, гаргалгаагаа тоймтой тодорхойлж ч чадахгүй “мунгинаж” буй өнөө үед зарим хөшөө дурсгал илүүц санагдана. Энэ утгаараа хөшөөг хөгжилд хөг, өнгө нэмэх хачир хэмээснийг болгооно буй за.

Хэдэн жилийн өмнө цахим ертөнцөөр нэлээд “тэнэж”, олон улсын байгууллагаас хийсэн судалгаа мэтээр олныг төөрөгдүүлэхэд хүргэсэн нэгэн хошин өгүүлэлд “Хөшөөнд хөшөө босгох дутаж байна” хэмээгээд “Монгол Улс 1990 оноос хойш 2500 сургууль, 6000 цэцэрлэг, 4000 гаруй эмнэлэг байгуулах мөнгөөр морины 1032, бөхийн 538, төр, нийгмийн зүтгэлтний 341, хонь, ямааны 1652, аргаль, янгирын 123, үхэр, тэмээний 756, Чингис хааны 27, Өэлүн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтны 26, тарваганы 25 хөшөө босгожээ” гэж дурджээ. Мэдээж энэ бол барим тавим баримт биш ч гэсэн дэгсдүүлсэн үнэн гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Яагаад гэдгийг бараг бүх аймаг, сумд “дүнхийх” хүн, мал, амьтны хөшөө, бас хаалга нэртэй “сүрлэг” зүйлүүд гэрчилнэ.

Нэгэн уран барималчийн тооцоолсноор хамгийн олон хөшөөтэй аймгийн төв нь Дорнодын Чойбалсан юм гэсэн. Дараа нь Говь-Алтайн Алтай жагсаж магадгүй. Тэнд зөвхөн мазаалайн хөшөө зургаа байдаг талаар нэгэн судлаач ярив. Монголын 21 аймгийн зөвхөн төвд хэчнээн “чулуу” байгааг энэ мэтээр жагсаавал өчнөөн хуудас жагсаалт болно. Уг нь хөшөө, баримал гэдэг урлагийн бүтээл байх ёстой. Олон оронд энэ шаардлагын үүднээс хөшөөний стандарт асар өндөр бөгөөд тэр хэрээр үнэ цэнтэй өв соёл хэмээдэг. Гэтэл монголчууд бид хайш яайш “юм” хийчихээд хөшөө, баримал гэж нэрлэдэг. Тиймээс егөөдөн “чулуу” гэж бичлээ, уучлаарай.

Хөшөө босгоход хэчнээн ихийг зарлагаддагийг бид мэднэ. Ялангуяа улсын халааснаас төсөв, мөнгийг шийдэх хөшөө, баримлыг босгохоосоо өмнө ёстой л барилдахаасаа таахалзана гэгчээр бөөн оршил болдог. Хэзээ бодитоор бий болох нь тодорхойгүй, цаасан дээр төлөвлөсөн хөшөө, суваргынхаа шавыг тавих нэрээр нэг хэсэг бужигнана. Тухайн арга хэмжээнд албаны машин хөлөглөсөн олон дарга “цэргүүдтэйгээ” морилно. Тэгээд ч зогсохгүй бөөн хөл хөөр, дуу хуур болоод явчихна. Заримдаа бүр бэсрэг наадам уу гэж андуурмаар ёслол хийнэ. Нэлээд хэдэн жилийн өмнө нэг суваргын шав тавихаар хачин их сүржигнэж, газарт хэдэн зуун кг буудай булж, “наадамласан” юм даг. Сүүлийн үед хөшөөнөөс илүү суварга “моод” болсон бололтой хот, хөдөө гэлтгүй шатрын бэрс шиг зүйл босгодог болсон байна лээ. Монголын үзэсгэлэнт газрын нэг Элсэн тасархай дөнгөж даваад 10 гаруй “бэрс” бий. Бүгд л нэр, алдартай хүмүүсийн “бүтээн байгуулалт” гэдгийг дээр нь дурайх нэрээр мэдэж болно. Нэг нь лав Д.Дагвадорж аваргынх юм билээ. Том, жижиг хэмжээтэй иймэрхүү зүйлүүдийг хот, аймаг, сум, баг, суурин газарт бүү хэл ойн гүнд ч харж болно. Архангай аймгийн Жаргалант сумын нутагт дээр “төөрчихсөн” тийм нэгэн зүйл бий. Нутгийн хүний ярьснаар тэр нь эртнээс гөрөөчдийн “мэдлийнх” буюу зам нь бартаа ихтэй, нэлээд бөглүү буйд газар юм гэсэн. “Тэр бунхан шиг зүйлийг шөнө, харанхуйд харахаар их эвгүй байдаг. Юу билээ гэж зогтусдаг” гэж хэдэн анчин ярихыг ч сонссон. Бодвол хэн нэгэн эцэг, эхдээ зориулсан ариун зүйл байх. Гэхдээ энэ мэтээр хүмүүсийн сэтгэлийг тавгүйтүүлэн газрын мухарт суварга босгох нь утгагүй санагдана.

Аавдаа, ээждээ, ах дүүдээ, хайртай, дуртай амьтандаа хөшөө, суварга босгох санал, санаачилга гаргадаг хүмүүсийг буруутгахгүй. Хүндэтгэх шалтгааныг нь ч үгүйсгэхгүй. Гэхдээ аль нэг уулын бэл, бөглүү газарт хөшөө, бунхан, чулуу босгож байхын оронд арай өргөн хүрээтэй, далайцтай, олон түмэнд өгөөжтэй, хүртээмжтэй ажил, ядаж л бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, мод, сөөг таривал хэн хэндээ буян болох буй за. Дэлхийд хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг хүмүүс хэн нэгэнд хөшөө босгохыг бус, хэрэгтэй салбарт, ялангуяа боловсролд хөрөнгө оруулдгаараа алдартай. Үүнтэй адил манай чинээлэг хүмүүс, үндэсний бүтээн байгуулагч хэмээдэг том захирлууд, Нутгийн зөвлөлийнхөн хөшөөнд хандивлах мөнгөө нийлүүлээд нэг том үйлс бүтээвэл ямар вэ. Ялангуяа аймаг, сумын дарга нар, Нутгийн зөвлөлийнхөн малчдаас “албан гувчуур” авч хөшөө, хаалгандаа хандивладаг шигээ орон нутагтаа нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат, түргэний тэрэг зэрэг хэрэгтэй зүйлд сэтгэл дэвсээсэй. Аялагч, жуулчдыг ая тухтай, аюулгүй бие засуулах жорлон барьчихвал ёстой л нүдээ олсон ажил болох нь мэдээж.

Нутгийн хөгжлийг, улсын зүс царайг хөшөөгөөр бус, аюулгүй, аз жаргалтай амьдралаар хэмждэг. Харанхуй гудамжинд бүдчин явахад, хөдөө төөрчихөөд мунгинаж байхад өнөөх хэдэн суварга, хөшөө ямар ч хэрэггүй шүү дээ. Түүний оронд гэрэлтүүлгээ нэмэгдүүлж, замаа сайжруулж, тэмдэг, тэмдэглэгээ тавьчихвал төөрөхийн, айж ичихийн зовлонгүй амар тайван явна. Өнөөдөр Монголын хүн амын 28.4 хувь нь ядуу (2018 онд Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн олон хэмжүүрт ядуурлын индекс), үүнээс 7.2 хувь нь нэн ядуу амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин ч харанга дэлдэх хэмжээнд хүрсэн. Энэ чинь л улсын хөгжлийг илтгэх үзүүлэлт. Хоногийн хоолоо дөнгөж ядан байгаа айл өрхүүд, тэдний үр хүүхдэд хандсан бодлого, үйлчилгээ үгүйлэгдэж байхад өнөөдөр Налайх зэрэг хэд хэдэн газарт бэлгэдлийн утга агуулгатай хөшөө барихаар ярьж байгаа сурагтай. Гэхдээ энэ бол албан бус эх сурвалжийн мэдээлэл. Албаныхнаас асуухад “Иргэд өөрсдийн хөрөнгөөр хөшөө босгохыг хуулиар хориглодоггүй. Гагцхүү хуулийн хүрээнд, тухайн орон нутгийн засаг захиргаа, холбогдох газраас зөвшөөрөл авах ёстой” гэлээ.

Америкийн биологич, хүн судлаач, 1998 оны Пулитцерийн шагналт Жаред Мейсон Даймонд “Нийгэм бүтэлгүйтэл, амжилтыг хэрхэн сонгодог вэ” номдоо уралдаж хөшөө босгосоор эцэст нь мөхөлд хүрсэн нэгэн арлынхны тухай өгүүлсэн байдаг. Магадгүй энэ номд өнөөгийн бидний дүр төрхийг өгүүлсэн байж мэднэ. Тиймээс хөшөө бол шийдэл бус, “зангилаа” байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед цахим хуудсуудаар Хэнтий аймгийн Батноров сумын нэгэн “бүтээн байгуулалтын” талаар түлхүү шуугьж байна. “Андлалын өргөө” цогцолбор хэмээсэн, эв хавгүй тэр зүйлийг босгоход улсын төсвөөс 5.7 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларыг ч тийш нь “цутгасан” гэж байгаа. Ийм хэмжээний мөнгөөр цэцэрлэг барьсан бол хэдэн багачууд гэртээ цоожлогдохгүй, аав, ээж нь амар тайван ажиллах байсан бол. Аймаг, сумдад эмнэлэг барьж, орчин үеийн техник, төхөөрөмжөөр тоноглосон бол нийслэлийг зорих иргэдийн ачаалал, чирэгдэл хэр хөнгөрөх байв гээд олон асуулт ургана. 2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг тэрбум шахам төгрөгөөр нохойн хөшөө босгосноор хүүхдийн эндэгдэл, гэмт хэрэг “бууруулсан”-ыг хэн хүнгүй мэднэ. Тэр мөнгөөр эмнэлэг, цагдаад нэн шаардлагатай төхөөрөмж аваад, гудамж, талбайгаа камержуулсан бол бодит үр дүн гарах байлаа. Энэ мэтээр тоочвол дарга, эрх мэдэлтнүүдийн зоргоор босгосон хөшөөнд хэчнээн төгрөг, тодруулбал хэдэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг “шатаасан” бол. Хэдэн жилийн өмнө АСЕМ зохион байгуулах хүрээнд 670-аад сая төгрөгөөр “Тэнгэрийн өрх” хэмээх, хүрэл хөшөө бүтээсэн. Ингэхдээ түүхий эдийг нь урд хөршөөс оруулж ирээд, гаалийн татвараас хүртэл чөлөөлж байлаа. Өнөөдөр тэр хөшөө бидэнд юу өгч байна вэ. Хэчнээн хүн түүнийг үзэж, юу мэдэж, таньсан бол. Түүний оронд Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г бүтээсэн эрдэмтдээ дэмжсэн бол өдгөө сансарт илүү өргөн хүрээтэй судалгаа хийх байсан нь мэдээж. Энэ мэтээр тоочвол өчнөөн тооцоолол хийх биз ээ.

Хөшөө асуудлыг шийдвэрлэхгүй, хөрөнгө мөнгийг арвижуулахгүй зүгээр л бэлгэдлийн чанартай, магадгүй зарим нэгний хувьд сүсэг бишрэлийн агуулгатай эд. Харин дэд бүтэц, зам, гүүр, орон сууц бол иргэдэд нэн чухал бүтээн байгуулалт, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр, ядууралгүй аймаг, сум болох зорилгод хүрэх шат гэдгийг ухаармаар юм. Бид хөгжингүй орнуудыг дуурайж гоё, сүрлэг хөшөө босгоход мөнгө цацах цаг нь одоо биш гэдгийг л хэлэх санаатай олон зүйл нуршлаа. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэж монголчууд зүгээр нэг хэлээгүй байх. Цаг үеэ, өөрийгөө мэдрэх хэрэгтэйг л сануулсан хэрэг.

Эцэст нь хэлэхэд, монголчуудад зам, гүүр нэн шаардлагатай байна. Нийслэлчүүдийн хувьд эрүүл, амар тайван амьдрал чухал. Улаанбаатарын бараг төвдөө чимээгүй хотоо байлгасаар байх уу, гэр хорооллыг тэлсээр, утаа “униар” дундаа, харанхуй гудамж, талбайдаа бүдчисээр амьдрах уу гээд шийдвэрлэх асуудал мундахгүй. Босгосон хөшөө, суваргууд нь үүнийг шийдэхгүй нь лавтай.

Хөшөө тойрсон өөр нэг асуудал нь өндөр үнэ, өртөгтөө жулдсан “бүтээн байгуулалт” гэдгийг бид мэднэ. Монголд төрийн ажлыг “цавчаагүй” хийх нь номонд хазгай гэсэн хоржоонтой, эмгэнэлтэй “онч” үг бий. Угтаа бол хөгжлийн түгжээ, гацааны хамгийн том шалтгаануудын нэг нь энэ. Хөшөө босгоход ч энэ хамаатай тул хэдэн тэрбум төгрөгөөр “хог” хийж, хөгөө чирдэг жишиг манайд байсаар.

Хөшөөний эргэн тойронд хөндөх өөр нэг асуудал нь иргэдийн сүсэг бишрэл. Эрэлт нь байгаа учраас “бүтээн байгуулалт” нь тасрахгүй байгааг хаана хаанаа анхаарах цаг нь болжээ. Тодорхой хэлбэл, энд тэнд босгосон өнөөх үнэтэй “чулуунуудад” иргэд мөргөж, тос, хадгаар өргөл барьж, хүсэл, тачаалаа шивнэдэг тэнэглэл өнөөдөр жирийн үзэгдэл болжээ. Энэ ч гэсэн хөшөө олшрох, үргүй зардал гарах том шалтгаан буй за.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)