Хөгжиж буй орнуудын ДНБ агшиж, ам.долларын ханш чангарах төлөвтэй

Бөмбөрцгийн эдийн засаг өмнөх онд хэдэн хувиар өссөн талаарх тоо хараахан тодорхой болоогүй байна. Шинжээчдийн зүгээс дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 оныхоос буурсан хэмээн үзэж буй. Хамгийн том эдийн засагтай АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан үүнд хамгийн их нөлөөлсөн нь мэдээж. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Төвбанкууд бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн. Тэгвэл 2020 онд дэлхийн эдийн засаг хэрхэх бол? Лондон дахь “IHS markit” компани үүнийг хэрхэн таамагласныг сонирхуулъя.

1. АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХОЁР ХУВЬ БАЙНА

Ажиллах хүчний тоо, үйлдвэрлэл нь тогтвортой нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзээд АНУ-ын эдийн засгийг энэ онд хоёр орчим хувиар өснө гэж таамаглажээ. Тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор бодлогын зарим “сюрприз” (эерэг болон сөрөг) барьж магадгүй агаад энэ нь эдийн засагт нь нөлөөлөх магадлалтай.

2. ЕВРОПЫН ОРНУУДЫНХ ТОГТВОРЖИХ НЬ

Евро бүсийн, томд тооцогдох, тухайлбал, Герман, Италийн эдийн засаг 2019 онд “тааруу” байсан. Зарим эдийн засагч хямралд ойрхон байсан ч гэж буй. Тэгвэл энэ жил тус бүсийн эдийн засаг “илаарших” хэд хэдэн дохио бий бөгөөд өсөлт нь тогтворжиж, 0.9 орчим хувьд хүрэх тооцоо гарчээ. Британийн ДНБ энэ жил нэг орчим хувиар тэлэх таамаг бий аж.

3. АРЛЫН ОРНЫ ДНБ-ИЙГ 0.3 ХУВИАР ТЭЛНЭ ГЭЖ ҮЗЖЭЭ

Япон Улсын эдийн засгийг энэ жил 0.3, 2021 онд 0.5 хувиар өснө хэмээн тооцжээ. Арлын орны эдийн засаг 2019 онд хэдэн хувиар өссөн нь өдгөө тодорхой болоогүй байна. Зарим эдийн засагчийн үзэж буйгаар дээрх тоо 1.1 хувь байх магадлалтай.

4. БНХАУ-ЫНХ ЗУРГААН ХУВИАС ДООГУУР БАЙХ ТӨЛӨВТЭЙ

Урд хөршийн эдийн засгийн өсөлт зургаан хувиас доогуур байх магадлалтай гэнэ. Хэрэв уг таамаг биелбэл 1990 оноос хойш анхны тохиолдол болох нь. Мэдээж АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан үүнд нөлөөлөх нь тодорхой. Өмнөд хөршийн удирдлага эдийн засгаа тэлэхэд анхаарч байгаа ч энэ жил 5.7, 2021 онд 5.6 хувиар өснө гэж таамаглажээ.

5. ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛТЭЙ ОРНУУДАД СОРИЛТ ТУЛГАРАХ УУ

Хөгжиж буй зах зээлтэй орнуудын ДНБ агшихад хамгийн ихээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нөлөөлж байгаа гэнэ. Үүнээс гадна ийм зах зээлтэй орнуудын эдийн засагт таваарын ханш буурах зэрэг нь өрийнх нь хэмжээ нэмэгдэхэд нөлөөлөх гэх мэт эрсдэл дагуулах аж.

6. ТАВААРУУДЫН ХАНШ ХЯМДАРНА

Тавааруудын эрэлтийн өсөлт 2018 оны эхнээс удааширч, өмнөх жил үйлдвэрлэл нь багассан бол энэ онд үнэ нь хямдрах таамаг бий гэнэ. Ялангуяа эхний хоёр улиралд ханш нь багасах таамаг гарчээ. Гэхдээ үүний дараа тогтворжиж, зарим таваарын үнэ жилийн хоёр дахь хагасаас өсөх магадлалтай юм байна.

7. ИНФЛЯЦ “СУЛ” ХЭВЭЭР БАЙНА

Улс орнуудын инфляцад үнэ ханшийн өсөлт болон газрын тос, бусад таваарынх ихээхэн нөлөөлж буй. Цалингийн өсөлтөөс шалтгаалж инфляц нэмэгдэж магадгүй гэсэн таамаг бий. Гэхдээ тийм ч өндөр хувиар биш гэнэ. Энэ онд улс орнуудын (дэлхийн) инфляц ердөө 2.7 хувь байх тооцоо гарчээ.

8. МӨНГӨНИЙ ЗӨӨЛӨН БОДЛОГОО ЭЦЭСЛЭЖ МЭДНЭ

2019 онд Холбооны нөөцийн сан болон бусад Төвбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн. Зарим шинжээчийн үзэж байгаагаар АНУ бодлогын хүүгээ дахин бууруулах шаардлага энэ онд төдийлөн гарахгүй гэнэ. Европын Төвбанкны хувьд цөөнгүй сорилттой нүүр тулахаар байгаа аж.

9. “НОГООН”-Ы ХАНШ БАГА ЗЭРЭГ ЧАНГАРАХ НЬ

Хөгжсөн бусад орныхтой харьцуулахад АНУ-ын эдийн засаг хурдацтай өсөж байгаа, найдвартай гэх тодотгол нь хэвээр буй тул ам.долларын ханш энэ онд бага зэрэг чангарах төлөвтэй гэнэ. Сонирхуулахад, Японы иен, Швейцарын франк мөн ийм тодотголтой байгаа билээ. Энэ болон ирэх жил ам.долларын ханш нийт гурван хувиар өсөх таамаг гарчээ.

10. БОДЛОГЫН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ НЭМЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ

Улс орнууд хоорондын бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж, эдийн засагт эрсдэлүүд тулгарсан хэвээр. Дунд хугацаанд хөгжсөн болон хөгжиж буй зах зээлтэй орнуудад компаниудын өрийн хэмжээ нэмэгдэх, АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан үргэлжлэх зэргийг энд дурдаж болох нь. Ямартай ч хямрал нүүрлэх таамаглал тийм ч их биш аж.

Цэнхэр гаргийн эдийн засагт голлон нөлөөлөх хүчин зүйл нь хамгийн том эдийн засагтай хоёр орны худалдааны маргаан гэдэг нь дээрхээс харагдаж буй. Юутай ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын эцсээр “БНХАУ-тай байгуулах хэлэлцээрийн эхний үе шат болох баримт бичигт нэгдүгээр сарын 15-нд Цагаан ордонд гарын үсэг зурна” гэж мэдэгдсэн. Үүний дараа тэрбээр Бээжинд очиж, хоёр дахь шатны яриа хэлэлцээг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэнийг зарим хэвлэл дамжуулаад байна. Ташрамд дурдахад, “Bloomberg”-ийн тоймч Нараяна Кочерлакота “Хүн амын өсөлт, цаг агаарын өөрчлөлт зэрэг нь эдийн засагт маш их нөлөөлөх болно” хэмээн тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар АНУ-ын инфляц зорилтот түвшин болох хоёр хувиас энэ онд, бас дараа жил ч доогуур байх төлөвтэй аж. Энэ нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт бага буйг илэрхийлж байна гэжээ.

Дээр дурдсан, ДНБ-ий хэмжээгээр томд тооцогдох орнуудын нөхцөл байдал, ойлголцол, геополитик зэрэг нь бөмбөрцгийн эдийн засгийн “хурд”-д нөлөөлөх нь. Өнгөрсөн долоо хоногийн эцэст АНУ, Ираны хооронд таамаглаагүй нөхцөл байдал үүссэн нь 2020 оны эхэнд зах зээлд хүчтэй нөлөөллөө. Тэдний харилцаа цаашид урт хугацаанд хурцдаж магадгүй гэх таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна. Тэгэхээр эдийн засаг, зах зээл хэрхэхийг яг таг таамаглах нь төвөгтэй.

Бэлтгэсэн: Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)