Хөвсгөл нуур орчмын эко систем алдагдаж байна

Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурын ус их хэмжээгээр бохирдох болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорих болсон жуулчдын тоо эрс нэмэгдэх болсноор нуурын бохирдол үүсэхэд нөлөөлжээ. Энэ талаар "Хөвсгөл далайн эзэд" ТББ-ын тэргүүн Б.Баярмаагаас холбогдон тодрууллаа.

Тэрбээр "Хөвсгөл нуурын ус сүүлийн нэг жилд гурав дахин бохирдсон гэх судалгаа үндэслэлгүй. Энэ талын судалгааг хийдэг байгаль орчны байгууллага тэнд ажиллахгүй байна. Гэхдээ их хэмжээний бохирдол үүсэж байгаа нь үнэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, нуурын эрэг орчимд бие засах газрууд их цөөн байна. Энэ нь хөрсний бохирдол үүсгэж байгаа юм. Мөн нуурын эрэг дагуух авто замын тоосонцроос үүдэн усны мандал дээр их хэмжээний тоос, тоосонцор буух боллоо. Манай Засгийн газраас нөөц хөрөнгө гаргаад хамгаалалтын бодлогоо чангаруулж, дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас нуурын бохирдол жил ирэх бүр нэмэгдэх болоод байна" гэлээ. 

Мөн судалгаагүй газар олголтоос үүдэн Хөвсгөл нуур орчмын эко систем алдагдаж байгаа гэнэ. Иймд тус нуурыг Байгаль нуурын араас Дэлхийн өвд нэмэлтээр бүртгүүлэх тал дээр "Хөвсгөл далайн эзэд" ТББ-аас арга хэмжээ авч ажиллаж байна. Учир нь Байгаль нуурын усны нөөцийн нэлээдгүй хэсгийг Хөвсгөл нуур бүрдүүлдэг хэмээн судлаачид үздэг аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)