Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр төлөвлөжээ

Г.Жавхлан

“Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөн” болж Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежмент зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монгол орны хөх сувд гэгдэх Хөвсгөл нуурын цогцолбор газарт жил бүр гадаадын 15-16 мянган жуулчин тогтмол ирдэг бөгөөд тэдэнд үйлчилгээ үзүүлэх эрхтэй 118 аж ахуйн нэгж, иргэн бий гэнэ. Тэдний 55 нь морин, явган, дугуйн, усан замын аялал хийх, шувуу ажиглах, цаа үзүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг бол 28 нь жуулчны баазаа дөнгөж барьж байгаа, үлдсэн нь газар эзэмших эрхтэй ч ямар нэг үйлчилгээ эрхэлдэггүй юм байна.

Тусгай хамгаалалттай бүс нутагт үйлчилгээ эрхлэгчид олшрох хэрээр гадаадын жуулчдын тоо нэмэгдсэн. Аялагч, жуулчдын хөлд экологи доройтож буй тул БОАЖ-ын сайдын тушаалаар нүхэн жорлонгоос татгалзаж, эко ариун цэврийн байгууламж хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр энэ цогцолборт хэрэгжиж байгаа. Тиймээс Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэх, Ханх сумд худалдааны чөлөөт бүс байгуулах, дотоодын бүсчлэлийг шинэчлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр уг зөвлөлийг зохион байгуулсан гэж Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр хэллээ. Ингэснээр тус бүс нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлал хөгжинө гэж мэргэжилтнүүд үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)