Хөврөл шилжүүлэн суулгавал нэг үнээ таван жилд 50-60 тугал гаргана

Богино хугацаанд өндөр ашиг шим бүхий төл гарган авах зорилгоор embryo transfer буюу хөврөл шилжүүлэн суулгах технологи олон улсад ашиглаж байна. Монгол Улсад тус технологийг хөгжүүлэх хүрээнд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Амьтны биотехнологийн профессорын баг, инновацын төслөөс “Хөврөл шилжүүлэн суулгах технологи Монголд” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр зохион байгууллаа.

Монгол, БНСУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид үүнд оролцсон юм. Монгол Улс 1987 оноос хойш тус салбарыг хөгжүүлж эхэлсэн бөгөөд өдий хүртэл ямар амжилт гаргасан, цаашид юу хийх талаар хурлын үеэр хэлэлцлээ. Манай улсад сүүлийн гурван жилийн турш хөврөл шилжүүлэн суулгах туршилт хийж 50 гаруй тугал гаргаж авчээ. Одоогоор Булган, Сэлэнгэ, Төв аймагт туршилт хийж байгаа аж.

Цаашид мах, сүүний чиглэлийн үхрээс гадна хонь, ямаанд хөврөл шилжүүлэн суулгах юм байна. Энгийн үнээ жилд дунджаар 9000 литр сүү өгдөг бол хөврөл шилжүүлэн суулгах технологоор гарган авсан нь 18 000 литр сүү өгдөг байна. Энэ аргыг хэрэглэснээр нэг үнээ таван жилийн дотор тав биш, 50-60 тугал гаргах боломжтой гэнэ.

“Монгол Улсад цаашид энэ салбарт ажиллах залуу боловсон хүчин, санхүүжилтийн асуудал тулгамдаж байна. Төрөөс нэгдсэн журмаар тусламж үзүүлбэл богино хугацаанд хүрээгээ тэлэх боломжтой” хэмээн Хангёны үндэсний их сургуулийн профессор Юүн Жун Тэйк энэ үеэр өгүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)