Хүүхэд хүүхдэдээ бус, хууль замчлах учиртай цахим орчин


Нэрийг нь дурдаад яах вэ, хошин урлагийн нэгэн продакшны жүжигчин залуу “хүчиндэх” гэх мэт үг, хэллэг бүхий бичлэгээ нүүр хуудсаараа хуваалцсаныг та үзсэн байж магадгүй.

Уг бичлэгийг үзсэн 15 настай охины эгч хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаж, дүү нь тэдгээр ёс бус үг, хэллэг чухам ямар утгатай болохыг тайлбарлаж өгөхийг хүсэн, өөрийг нь “зовоож” байгаа талаар учирлажээ.

Ер нь 108 утсанд ирсэн гомдол, саналын дийлэнх нь цахим орчин дахь зүй бус мэдээлэлтэй холбоотой байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнээс сонслоо.

Манай улсын цахим хэрэглээнд “фэйсбүүкчдийн арми” хамгийн том байр суурь эзэлдэг. 2017 онд 1.7 сая байсан тэд энэ оны хоёрдугаар сарын байдлаар 2.1 сая болж, 25 хувиар өссөнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас гаргасан тайланд дурдсан байна.

Мөн фэйсбүүкийг өдөрт ашиглах нэг хэрэглэгчийн хугацаа 77 минут байгаа нь бусад орны дундаж (53 минут)-аас давсан үзүүлэлт болох нь харагдаж буй биз ээ.

Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд улсын хэмжээнд явуулж, 11-17 насны 2200 гаруй хүүхэд, 10-аас дээш насны хүүхэдтэй 400 орчим эцэг эх, мөн тооны багш, нийгмийн ажилтныг хамруулсан “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааны дүнгээр манай нийт хүүхдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байна.

Гэтэл тэдний 85 хувь нь цахим орчныг хэрхэн ашиглахаа өөрөө бие даан, эсвэл найз, нөхдөөсөө суралцжээ. Өвөө, эмээ, аав, ээжийнхээ ухаалаг утсыг барьчихаад, хүүхэлдэйн кино үзэн, тоглож суугаа бяцхануудыг томчууд “Гар утсыг надаас л илүү ашиглаж, мэдээд байгаа юм даа.

Хүүхэлдэйн кино, тоглоом яаж гаргахыг би лав зааж өгөөгүй, мэдэх ч үгүй юм чинь” хэмээн өхөөрдөх, магтахын завсар хэлдэг нь үүний нэг илэрхийлэл гэлтэй.

Уг нь фэйсбүүк, инстаграм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13. Гэтэл дээрх судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фэйсбүүк, зургаан хувь нь инстаграмыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд нийгмийн эдгээр сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж, “залилдаг” гэсэн үг.

Ингээд зогсохгүй тэдний гуравны нэг орчим нь фэйсбүүкийн хоёр, эсвэл гурван хаягтай гэдгээ хэлжээ. Таван хүүхэд тутмын нэг нь үл таних нэгнээс ирүүлсэн найзлах хүсэлтийг хүлээн авдгаа ч нуусангүй.

Тухайлбал, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн гуравны нэг орчим нь цахим орчинд танихгүй хүнтэй танилцаж, чаталж байснаа хэлсэн байгаа юм. Ингэхдээ хүүхдүүд ихэвчлэн ухаалаг гар утас ашиглаж буй. Манай нийт хүн амын 99.7 хувь нь гар утастай.

Дээр дурдсан тоо бүр нь олон улсын түвшинтэй харьцуулахад өндөрт тооцогдож буйг анхааруулъя. Тухайлбал, хүүхдүүд цахим орчинд хэнээс туслалцаа авч байна вэ гэдэг үзүүлэлтээр дэлхийд хамгийн өндөр нь Хондурас. Тус улсын хүүхдүүдийн 62 хувь нь өөрсдөө цахим хэрэглээнд суралцаж буй бол манайд эл үзүүлэлт 85 хувьтай гарсан. Томчууд ч самгарддаг, хохирдог цахим ертөнцөд хүүхэд хүүхдэдээ замчилж, зөнгөөрөө “урсаж” явна. Харамсалтай нь, тэд үнэн, худал нь үл ялгагдах мэдээллүүдэд “хүчирхийлүүлж” буйгаа ухаардаггүй. Бие махбод, сэтгэл зүйгээрээ ховсдуулж, нэр төр, амь насаа алдах эрсдэл дундуур туучиж буйгаа мэддэггүй. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн улмаас хохирч байгаа хүүхдийн тоо манайд өнгөрсөн жилийнхээс 40 хувиар өссөн таагүй мэдээ байна.

Үнэндээ энэ бол нэн шинэ сэдэв, асуудал биш. Цахим орчинд хүний эрх, хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдгийг хэдийн ярьж эхэлсэн. Нэгэнт цахим орчин өнөө цагийн хүүхдүүдийн хөгжиж, боловсрох боломжит талбар гэдгийг үгүйсгэж чадахгүй учраас хэрэглээний зөв зохистой байдлыг нь хангах л чухал болоод буй. Ямар сайндаа л Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 276 дугаар тогтоолоор сургууль, цэцэрлэгийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг энэ сарын 1-нээс хязгаарласан. Гэвч миний л ойр дотнын хүүхэд, сурагчид хичээлдээ гар утастайгаа явдаг хэвээрээ. Шууд хязгаарласан, хориглосон арга хэмжээ хүссэнээр хэрэгжихгүй байгааг хэлэх хүн олон бий.

Хүүхдээ, иргэнээ цахим орчинд аюулгүй байлгах нь Монголын төр, засгийн тасралтгүй хэрэгжүүлэх, суурь бодлого байх учиртай. Өдгөө бидний туулж буй энэ зовлонг бусад орон ч дайрч гарсан. Ингэхдээ тэд тусгайлсан хууль баталж, төрийн бодлогын түвшинд анхаарал хандуулж иржээ. Тухайлбал, АНУ-ын Конгресс 1990 онд Интернэтийн хортой контентоос хүүхдийг хамгаалах хууль баталж, улмаар Хориглосон контентын шүүлтүүрийн тухай хуультай болсон байна. 2015 онд Австралид Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулах хууль батлан, Цахим аюулгүй байдлын зөвлөлтэй болжээ. Тус зөвлөл нь цахим орчинд хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой баримт, материалыг мөрдөн шалгах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэйгээр ажилладаг аж.

Мөн Итали улс 2017 онд Цахим дарамтын эсрэг хуулийг баталснаар хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн гэж үздэг юм байна. Бас Францад цахим орчинд хулгайн гэмт хэрэг үйлдвэл нэг жил хорих хүртэл шийтгэл ногдуулдаг гэнэ. Түүнчлэн тус улсад хүүхдийн порно зургийг цахим орчинд тараавал дотоод хэрэг хариуцсан яамнаас нь интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийг шалгаж, холбогдох цахим хуудсыг хаах хүртэл арга хэмжээ авахыг хуулиар зааж өгсөн байна. Цаашлаад хүчирхийлэл, садар самуун агуулгатай мессежийг хүүхдэд үзүүлэх, илгээх, улмаар тэднийг даган дуурайх замаар амь биеэ хохироох хүртэл өдөөн турхирвал гурван жил хорих ялаар шийтгэдэг юм байна.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ын бүтцэд яг таван сарын өмнө байгуулсан Цахим бодлогын түр хороо хамгийн олон гишүүнтэй. “Отгон” нь ч гэлээ олон гишүүний бүрэлдэхүүнтэй уг хороо одоогоор ажлын алба гэх зүйлгүй ажиллаж байгаа юм билээ. Он гарангуут тодорхой төсөв, зохион байгуулалттайгаар ажиллах юм гэсэн. Гэхдээ түр хорооноос дөрвөн чиглэлээр ажлын хэсэг байгуулан, холбогдох бодлого, хууль, эрх зүйн орчныг нь судалж, шаардлагатай бол боловсронгуй болгох төсөл боловсруулахаар ажиллаж байгаа аж. Эдгээр ажлын хэсгийн нэг нь олон нийтийн сүлжээнд хүний, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар бодлого баримтлах, хууль, эрх зүйн орчныг нь хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрч буй юм байна.

Тодруулбал, УИХ-ын даргаас чиглэл болгосны дагуу хүүхдийг тэдний эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөх мэдээллээс хамгаалах, бие даасан хууль батлахаар төслийг нь боловсруулжээ. Гэхдээ үүнийг дан ганц цахим орчин гэлтгүй хүүхэд, багачуудад ямар ч шүүлтүүр, цензургүйгээр хүрч буй өргөн нэвтрүүлэг, телевизийн сувгаар дамжуулж буй бүхий л контентын хүрээнд хяналт тавьж, зохицуулах зорилготойгоор боловсруулсан юм билээ. УИХ-д хараахан өргөн бариагүй ч цахим орчны иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр тусгайлсан хуультай байхыг олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд бүхий л талаар дэмжих учиртай. “Толгой” хуультай болчихвол цахим орчин, түүнд ямар эрсдэл нуугдаж байдгийг нийтээрээ мэдэж, томчууд бид хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл үзүүлж чадна. Улмаар ухаалаг хэрэгслүүдэд насны хязгаар тогтоох, хүүхэд хамгаалах тохиргоонуудыг технологийн хувьд үр дүнтэй суулгаж, туршин, нийтийн хэрэглээ болгох суурь бүрдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)