Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлээ

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг өчигдөр нээлээ. Тус үйлчилгээ нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэднийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” төрийн бус байгууллагынхан автобустай явж, иргэдэд үйлчилнэ. Уг үйлчилгээг нийслэлд төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг эхлүүлж буй аж. Тэд олон нийтэд хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох нь. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх мэдээллийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээс гадна хүүхдийн эрхийг хангах үүрэг бүхий мэргэжилтнүүдийг чадавхжуулах гэнэ. Тус автобус зогссон газар бүр “Хүүхэд хамгааллын цэг” болно гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Автобусыг хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг, эхчүүд, залуу хосуудад мэдээлэл өгөхөөр тохижуулж, ном, гарын авлага, сэтгэл зүйн болон эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөөг ч бэлджээ. Түүнчлэн эцэг, эхчүүдийн нөхөн үржихүйн асуудал, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)