Хүүхэд хамгаалал гэж хий хоосон ярьсаар суух уу

Хүүхдийн анхдагч орчин болсон гэр оронд хайр, халамж, хариуцлага, ухамсар хамгийн өндөр байх учиртай. Гэтэл монгол хүүхэд, багачууд гэртээ амиа алдаж, бэртэж, насан туршдаа сэтгэлийн шархтай явах муу зүйлд өртөж, хүчирхийллийн золиос болсон хар мэдээ тасрахгүй байсаар. Монголд бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх осол нийгмийн үзэгдэл болсон. Томчуудын хайнга, дүйнгэ байдлаас болж “чанагдаж, хуйхлагдсан” үрсийг “халуун тогооны хүүхдүүд” гэхчлэн муухайгаар “томьёолчихсон”. Харамсалтай нь, ийм золгүй явдал жилд хэдэн зуугаар тоологдож байна.

Бага насны хүүхдүүдээс хараа салгахгүй асран хамгаалах учиртайг хүмүүс мэддэг ч хайхрамж, болгоомжгүйн улмаас алдах нь бий. Цай уунгаа элдвийг ярьж суусан ээж, эмээ нь балчир хүүхдээ боорцогт хахаж амьсгал хураасныг анзаараагүй тохиолдол өнгөрсөн онд гарсан. Хэд хоногийн өмнө ч чихэрт хахсан ой, найман сартай бяцхан зүрх зогслоо.

2018 оны зургаа, долдугаар сард гэр, сургуулийнхаа орчинд тоглож байсан гурван хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдахад нийгмээрээ шуугьж, хүчээ нэгтгэн, хяналтаа сайжруулж ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа зүтгэнэ гэж “чанга” дуугарч байлаа. Монголын хууль гурван хоног гэдэгчлэн гурван хөвүүний амь бидэнд хэсэг хугацаанд ярианы сэдэв болоод өнгөрсөн нь туйлын харамсалтай. Энэ бол хариуцлагагүйн балаг. Тэгвэл яг эл шалтгаанаар нэг айлын гурван сайхан цэцэг өнгөрсөн долоо хоногт гэртээ амьсгал хураачихлаа. Өнөөдөр нийгэм даяараа энэ талаар мөн л шуугисаар байна. Магадгүй энэ удаа ч хэд хоног яриад л мартана.

Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хүүхэдтэй холбоотой 1500 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн нь бүгд эцэг, эх, насанд хүрэгчдийн хариуцлагагүйгээс улбаатай байх юм. Тэдгээр хэрэг явдлын бараг 200 нь ахуйд буюу гэр оронд нь гарчээ.

Зүрх зүсэм түгшүүртэй ийм мэдээ энх цагийн Монголд цаг, минут бүрт сонсогдож, бид ярихаас цаашгүй байгаа нь жинхэнэ мунхаглал буй за. Хамгийн гол нь “хийсэж ирээд” наалдчихдаг өвчин биш, эцэг, эх асран хамгаалагчдын хариуцлагагүй, тоомжиргүй, донгио байдлаас болж багачуудын амь, эрүүл мэнд, гоо үзэмж хөсөр хаягдаж байгаа нь гачлантай.

Хүүхэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заажээ. Гэтэл бодит байдал, манай нийгмийн үнэн төрх ийм л байна.

Гэртээ цоожлогдон хоцорч, хариуцлагагүй, сэтгэлгүй ажил гүйцэтгэгчдийн балгаар хорвоогоос явчихсан гурван охины ээж шиг олон эмэгтэй өнөөдөр манай нийгэмд бий. Тэд гэр “шоронд” үлдээсэн хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зовж, ажлаа амар тайван хийж чадахгүй байгаа нь эхчүүд, хүүхдүүдэд хандсан дорвитой бодлогогүйн гай гэж үзэх хүн олон байна. Хүүхдийн асуудал нийгмийн, ирээдүйн асуудал хэмээн дэлхийн улс орнууд нэн чухалчилдаг. Тиймдээ хүүхдэд чиглэсэн бодлогоо бүх салбартай уялдуулан гаргадаг аж. Тухайлбал, Дархан-Уул аймагт болсон шиг золгүй явдал Герман, Норвег, Швед гэхчлэн зөв нийгэмд гарсан бол ээж, аавыг нь “боорлохоосоо” өмнө хүүхдүүд гэртээ цоожлуулах болсон шалтгаан, цахилгаанд цохиулсан учир үндсийг нь олж, хариуцлага тооцно. Гэтэл өнөөдөр манайд барилга нэртэй сарай барьж, иргэдийг эдийн засаг, сэтгэл зүй, цаашлаад амиар нь ингэж хохироочихоод байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгааг ойлгох арга алга. Нөгөөтээгүүр, вирусийн гаралтай халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон хэрнээ хэрэгжилтэд нь хяналт тавиагүйнхээ төлөө төр, засгийнхан ч хариуцлага үүрэх учиртай. Ингэж хаана хаанаа хариуцлагатай байж гэмээн нийгмийн өмнө тулгараад байгаа олон асуудлыг цэгцэлж чадна. Тэр цагт хүүхдийн асуудал яагаад нийгмийн эд, эс бүхэнд хамаатайг мэдрэх буй за.

БАЙР СУУРЬ

Манай улсад хүүхдийн эрх зөрчигдөх асуудал хэр их гардаг, асран хамгаалагчид ямар арга хэмжээ авдаг талаар иргэд болон мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.

ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙГ ТОГТМОЛ ХЯНАДАГ

Д.ОЮУН (НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч):

-Бага насны хүүхдүүд эцэг эхийн буруутай үйлдлээс болж ахуйн осол, бусад хэрэг, зөрчилд өртөж хохирох тохиолдол байдаг. Үүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар эцэг, эхэд арга хэмжээ тооцдог. Энэ онд гэмт хэргийн улмаас 134 хүүхэд хохирч, 18 нь нас барж, 38 нь гэмтжээ. Нас барсан тохиолдол өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн. Хоногт дунджаар 2-3 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, зарим тохиолдолд амиа алдаж байна. Иймд зөвхөн эцэг, эхийн хараа хяналтаас гадна байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогодоо анхаарах шаардлагатай.

Гэрийн нөхцөлд цахилгааны эх үүсвэрт холбогдсон зүйлийг барих, амандаа зуух, өндрөөс унах, халуун ус, хоолонд түлэгдэх, хүйтний улиралд хөлдөж осгох, зуны улиралд голын усанд живэх гээд хүүхдэд эрсдэл их бий. Эцэг, эхчүүд хүүхдийн өсөж буй орчинд болон гэрээс сургууль хүрэх замд аюулгүй байдлыг нь хангахад анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдийг хүүхдээр харуулдаг тохиолдол бий. Бидний анхааралгүй байдлаас болж хүүхэд эрүүл мэндээрээ хэсэг хугацаанд болон насан туршдаа хохирч бүр цаашлаад амиа алдаж байна.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй эрсдэл бүхий өрхийг тогтмол хянах болсон. “Хүүхэд хамгаалагч”, “Өсвөрийн сэргийлэгч” гэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүүхдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил түлхүү хийхээр төлөвлөж байна.

ЦАХИМ ОРЧИНД ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ӨДӨР БҮР МЭДЭЭЛДЭГ НЬ ХАРАМСАЛТАЙ

Б.УРАНГОО (Чингэлтэй дүүргийн иргэн):

-Манайх 15 настай хүү, зургаатай охинтой. Хүүхдүүдээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч бай гэж үргэлж захидаг юм. Мөн оройтвол тосож авдаг. Яг одоо халдварт өвчнөөс сэргийлж, гэрийн хорионд байлгаж байгаа. Гарыг нь тогтмол угаалгаж, гэгээлэг сайхан ном уншуулахыг хичээдэг. Гал, цахилгаан хэрэгсэл, хутга зэрэг аюултай зүйлээс хол байлгаж, осолтой гэдгийг нь ойлгуулдаг. Охин минь жаахан учир би ажлаасаа гарч, сургуульд нь байнга хүргэж өгөн, орой хичээлээ тарахад нь очиж авдаг болсон. Ер нь хүүхдийг гэрт ганцааранг нь орхиж болохгүй. Хүүхэд найман нас хүрсэн ч биеэ дааж сураагүй байдаг. Үүнд улсаас дэмжлэг өгч байх ёстой болов уу.

Олон жилийн өмнө хөрш айлын эхнэр, нөхөр архи ууж, сургууль, цэцэрлэгт явдаг охидоо хайхардаггүй байсан. Тун удалгүй аав нь шоронд явж, ээж нь цаг бусаар нас барсан гэдэг. Дараа нь хоёр охиныг эгч нь аваад явсан. Иймд эцэг, эхчүүд дор бүрнээ хариуцлагатай байж хүүхдээ зөв өсгөвөл Монгол Улсын ирээдүйд ч сайнаар нөлөөлнө шүү дээ. Сүүлийн үед цахим орчинд хүүхдийн хүчирхийллийн тухай өдөр бүр мэдээлдэг болсон нь харамсалтай.

АРВАН ЭЦЭГ, ЭХИЙН НЭГ НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ БАЙНА

Б.ЖАВЗАНХҮҮ (“Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын захирал):

-Төрийн бус байгууллагууд хүүхдийн эрхийн конвенцыг дагаж хүүхдийг байгаа орчинд нь хамгаалж, урьдчилан сэргийлэн, хохирол учирсан бол нөхөн сэргээх зэрэг арга хэмжээ авдаг. Мөн багш, эцэг, эхчүүдэд болон олон нийтэд хүүхдийн эрхийг хамгаалах тухай сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр 200 гаруй байгууллага бүртгэлтэй. Эдгээрээс 40-50 нь л магадлан итгэмжлэгдсэн, хууль, журмын дагуу ажиллагаа явуулдаг гэсэн үг. Төр, засаг хүүхэд, эх нялхсын аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарч ажиллах ёстой хэдий ч тэгж чаддаггүй. Монгол Улсад хүүхдийн эрх маш их зөрчигддөг. Ер нь ядуу буурай орнуудад хүүхдийн эрх зөрчих тохиолдол их. Үүнд төр, эцэг, эхчүүдийн боловсрол болон эдийн засгийн чадамж нөлөөлдөг.

2018 онд хүүхдийн бие махбодыг өвтгөсөн 1383, бэлгийн хүчирхийллийн шинжтэй 300 дуудлага хуулийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна дуудлага өгөөгүй ч хэр олон хүүхэд хүчирхийлэлд өртөж, аюулгүй байдал нь алдагдсан билээ гэдгийг тунгаан бодоход илүүдэхгүй. Үндэсний статистикийн хорооноос 2010, 2013, 2018 онд авсан судалгааны дүнд эцэг, эхчүүдийн 25-28 хувь нь хүүхдэдээ гар хүрдэг, 30-40 хувь нь сэтгэл санааны дарамт үзүүлдэг гэж тогтоогдсон. Манай оронд хүүхдийн эрхийг хангаж ажиллах мэргэжилтний хүрэлцээ муу. Иймд бүх хүнийг энэ талын мэдлэгтэй болгох нь чухал. Мөн мэргэжлийн сэтгэлзүйчийг цагдаагийн байгууллага, сургуульд ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ МЭДЛЭГ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Б.БАТЧИМЭГ (Баянгол дүүргийн 46 дугаар сургуулийн багш):

-Манай сургуульд Хүүхэд хамгаалах зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа. Хүүхдийг ангидаа байх хугацаанд аюулгүй байдлыг нь багш 100 хувь хариуцан ажилладаг. Ямар нэг байдлаар гэмтэж, бэртсэн сурагчид анхаарал тавьж, шалтгааныг нь асууж тодруулах зэрэг арга хэмжээ авна. Мөн зан араншин өөрчлөгдөж буй хүүхдийг ажиглан, түүнтэй ярилцах шаардлагатай бол эцэг, эхтэй нь уулздаг.

Ер нь аав, ээжүүд хүүхдийг зөв хүмүүжүүлэх тал дээр хайнга ханддаг болсон. Энэ байдлыг би багшийн болон эх хүний хувьд хэлж анхааруулдаг юм. Гэвч эцэг, эхчүүд “Ажилтай учир амжихгүй байна” гэх зэрэг шалтаг тоочдог. Хичээл амрахад багш нар эцэг, эхэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөгөө өгч, гарын үсэг зуруулдаг. Хэрэв зөвлөмж өгөөгүй, хүүхэд ямар нэг асуудалд орвол бидэнд хариуцлага тооцно. Сүүлийн үед хүүхдүүд зурагт их үздэг болсон учир зөвлөмж сануулгыг түүгээр дамжуулах боломжтой. Мөн асран хамгаалагч нарт ахуйн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг олгох ажлыг хэрэгжүүлэх нь чухал.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

“Цана, чарганаас унаж, гэмтэх тохиолдол цөөнгүй байна”

Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийг зорилоо. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг үүдний хэсгийнх нь хананд байршуулж, иргэдийн биеийн халууныг хэмжин, дотогш нэвтрүүлж байв. ГССҮТ хүүхдийн хоёр тасагтай. Үүнд тархины болон үе мөчний гэмтэл, согогтой хүүхдүүд эмчлүүлдэг юм байна. Харин бусад төрлийн гэмтэлтэй бол тухайн чиглэлийнхээ тасагт эмчлүүлдэг аж. ГССҮТ-д өдөрт ойролцоогоор 300 иргэн ирдгээс 100 орчим нь хүүхэд байдаг гэнэ. Энэ талаар тус төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эмч Б.Батзориг “Хүүхдүүд амралтын өдрүүдэд бэртэж, гэмтэх нь ихэслээ. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулан амралтын өдрүүдээр агаар, салхинд гарахдаа зориулалтын бус газарт цана, чангаар гулгаж, аюулгүй байдлыг нь хангаагүйгээс унах, машинтай мөргөлдөх зэргээр бэртэж, гэмтдэг. Цана, чарганаас унаж, гэмтэх тохиолдол цөөнгүй байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосноос хойш манайхыг зорьж ирэх хүүхдүүдийн тоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдээ хараа, хяналтгүй орхиж болохгүй. Одоогоор манай төвийн Хүүхдийн I, II тасагт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 10 орчим хүүхдэд мэс засал (гэмтсэн болон согогтой хүүхдэд) хийж буй. Мөн түлэнхийн болон бусад тасагт хүүхдүүд эмчлүүлж байгаа. Бэртэл, гэмтлийн ихэнхийг нь унах, түүнээс болж, гар, хөлөө хугалсан тохиолдол эзэлж байна. Зун буюу сургууль, цэцэрлэг амарсан үеэр хүүхдүүд бэртэж, гэмтэх нь ихэсдэг. Сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж байгаа үед бол зам, тээврийн осолд өртөх нь их. Ойрын өдрүүдэд энэ тохиолдол буурсан” гэв.

ГССҮТ-ийн Хүүхдийн I, II тасгийн үүдний хэсгийн ханыг үлгэрийн баатруудын дүрээр зурагжуулж, гэгээлэг орчин бүрдүүлжээ. Тус хоёр тасаг нь 70 ортой гэнэ. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд сахиургүй байх нь ховор аж. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу 16 (ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18) нас хүртэлх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төр хариуцах тухай самбарт нь бичжээ. Түүнчлэн өртөг өндөртэй мэс заслын хэрэгслийн төлбөрийн ихэнх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, багахан хэсгийг даатгуулагч өөрөө гаргах зохицуулалтайг тайлбарласан байв. Түлэгдсэний дараа түрхдэг мөнгөжүүлсэн тос нь өртөг өндөртэй бөгөөд ховор гэнэ. Тиймээс заримдаа хүүхдийн гэр бүлийнхнээр нь авхуулах шаардлагатай болдог ч иргэд дургүйцэх тохиолдол гардгийг эмч нь хэлэв. Эрүү, нүүр, чих, хамар, хоолойн гэмтэлтэй хүүхэд энд ирвэл анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэн, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв (ЭХЭМҮТ) рүү явуулдаг аж. Энэ төрлийн гэмтэл ховор учир ГССҮТ-д нарийн мэргэжлийнх нь эмч байхгүй гэнэ.

Охин нь өнгөрсөн зун халуун тогоотой ус руу унаж, түлэгдсэн ч мэс засалд орж, эдгэн, өдгөө хяналтад байж, эмчдээ үзүүлж буй нэгэн аавтай таарав. Тэрбээр “Эхнэр бид хоёрын хэнэггүй байдлаас болж охин минь түлэгдсэн. Үнэхээр харамсдаг. Тухайн үед охиноо аваръя гэж л бодож, бүхнээ зориулсан. Сайн эмч нарын буянд ч эдгэсэн. Гэхдээ сорви нь арилдаггүй юм байна” гэв.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч, хөгжих, боловсрол эзэмших эрхтэй. Гэвч эцэг, эхчүүдийн хариуцлагагүй байдлаас болж, хүүхдүүд нь гэмтэж, бэртэж, бүр амиа алдах тохиолдол цөөнгүй гарч буй. Гэмтэж, бэртсэн хүүхдүүдийн олонх нь сургууль, цэцэрлэгтээ бус, гэртээ байхдаа ийнхүү “осолддог”-ийг Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эмч Б.Батзориг хэлсэн.

Засгийн газрын шийдвэрээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Тиймээс зарим эцэг, эхээс хүүхдүүддээ хэрхэн анхаарал тавьж, халамжилж буйг тодруулав. Сүхбаатар дүүргийн XVII хорооны иргэн Ө.Батцэцэг “Би гурван охинтой. Хоёр нь сургуульд, нэг нь цэцэрлэгт явдаг. Сургууль, цэцэрлэг хааснаас хойш хүүхдүүдээ өвөөгийнд нь хүргэж өгсөн. Ажилдаа явсан хойгуур бэртэж, гэмтэх эрсдэлтэй тул эмээд нь харуулж байна. Том охин минь 10 настай ч дүү нараа сайн харж, халамжилж чадахгүй шүү дээ” хэмээв. Баянгол дүүргийн I хорооны иргэн Б.Бадамцэцэг “Ах, дүү, төрөл төрөгсдөөс аль зав чөлөөтэйг нь гэртээ дуудаж, хүүхдээ харуулж байна. Би гоо сайхны бараа, бүтээгдэхүүн худалддаг. Заримдаа хүүхдүүдээ ажил руугаа дагуулж явдаг, эсвэл эгчийндээ хүргэдэг” гэв. Эцэг, эхчүүдийн ихэнх нь ажилтай тул хүүхдээ хамаатан садныдаа орхих, хөдөө явуулах, асрагч хөлслөх, эсвэл ээж нь ажлаасаа чөлөө авч, харах зэргээр зохицуулж буй аж.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

М.ЭНХ-АМАР: Хүүхэд хамгааллын эрх зүйн орчин сайн бүрдсэн

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амартай хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд төр, иргэн, хуулийн этгээдийн хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, үүрэг, оролцоог тодорхой тусгасан. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай хуульд гэр бүлийн орчин, боловсролын салбар, эрүүл мэндийн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг зохицуулснаас гадна эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх зургаан шатлалт хамгааллыг хуульчилсан. Хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан, Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулсан. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо бүрдсэн. Дагалдах дүрэм, журам, хүүхэд хамгааллын үйлчилгээний стандарт, арга аргачлалаа ч боловсрууллаа. Эрсдэлт бүлгийн хүүхдийг хаана хүргэх, тэд хэнд хандах, хэрхэн асран хамгаалах нь тодорхой болсон. Манай агентлагийн харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд өдөрт дунджаар 250-400 дуудлага, мэдээлэл ирдэг. Нийт дуудлагын 20 орчим хувийг хүүхэд хамгааллын мэдээлэл эзэлдэг юм. Өнгөрсөн онд түр хамгаалах 19 байр, нэг цэгийн үйлчилгээний 11 төв 0-18 хүртэлх насны 2020 хүүхдэд аюулгүй байдлын болон хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн. Энэ нь 2018 оныхтой харьцуулахад 47.5 хувиар өссөн. Үүнээс манай агентлагийн харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалах байрныхан 2019 онд 996 хүүхдийг хамгаалсан нь нийт ачааллын 80.2 хувийг эзэлж буй. Улсын хэмжээнд хүүхэд хамгаалах асрамж, халамжийн 31 төвд 1067 хүүхэд амьдарч байна.

-Гэртээ очсон хүүхэд эргэж ирэх тохиолдол байдаг уу?

-Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн нийт хүүхдийн 86.9 хувийг гэр бүлд нь эргүүлэн нэгтгэж, харьяа аймаг, дүүргийн хамтарсан багийн хяналтад шилжүүлсэн. 86 хүүхэд буюу 4.2 хувийг асрамж, халамжийн төвд зуучилж, 57 буюу 2.8 хувийг нь бусад түр хамгаалах газарт холбон, үйлчилгээнд 100 хувь хамруулсан. Зөвхөн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, түр хамгаалах байраар дамжуулан 110 хүүхдэд хоёр буюу түүнээс дээш удаа тусламж үзүүлжээ. Эдгээр хүүхдийн олонхынх нь эцэг, эх, асран хамгаалагч архины хамааралтай бөгөөд үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртдөг.

-Хүүхэд хамгааллын хууль, тогтоомжийн хэрэгжилт хэр байгаа бол?

-Хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах төсвийг нэмснээр тэдний эсрэг хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг үндэсний хэмжээнд тогтмол зохион байгуулж байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан. Үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлж, тэднийг хөгжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд салбар дундын зохицуулалт болон эцэг, эхийн дэмжлэг авч байна. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, холбогдох дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр 18 ажил зохион байгууллаа. Ингэснээр 181 890 хүүхдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ, 9662 хүүхдэд бодит тусламж үзүүлж, тодорхой үр дүн гарсан. Энэ мэтээр өмнөх жилүүдэд хуулиа сурталчилж, ажилласан бол одоо хүүхдийн эсрэг зөрчлийг үгүй болгох төлөвлөгөөтэй. Хүүхдийг хөгжүүлэх, зан заншил, уламжлалаа таниулах, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн ажил 2020 онд түлхүү зохион байгуулна. Орчин үеийн арга барилд түшиглэн хүүхдэд эх оронч төлөвшил олгох зорилт тавьсан.

-2018 оны арванхоёрдугаар сард албан байгууллагуудын дэргэд Эцэг, эхийн зөвлөл байгуулах шийдвэр гарсан. Үүнийг хэрэгжүүлж байгаа юу?

-Хүүхэд хамгаалал зөвхөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эсвэл аав, ээж, багшийн асуудал биш. Оролцогч тал буюу салбар дундын зохицуулалт чухал. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан салбар дундын үйл ажиллагааг зохицуулсан ажлын хэсэг гэж бий. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс бүх аж ахуйн нэгжийн дэргэд Эцэг, эхийн зөвлөл байгуулах 03 тоот тогтоол баталсан. Үүний хүрээнд 2019 онд 13 яам, 27 агентлаг, 447 сургууль, хувийн хэвшлийн 200 орчим байгууллага, аж ахуйн нэгж Эцэг, эхийн зөвлөл байгуулж, байгууллагын дэргэд ажилтан, албан хаагчдын хүүхдэд зориулсан өдөр өнжүүлэх болон хүүхэд хөгжлийн төв байгуулжээ. Эцэг, эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдийг хамгаалах юм. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас байгууллага бүрт зөвлөмж хүргүүлэн удирдамжаар хангадаг. Хувь хүн, байгууллагууд хүүхэд хамгааллын асуудал бидэнд хамаатай шүү гэдгийг мэддэг боллоо. Зарим нь манлайлан оролцох болж. Товчхондоо олон нийт мэдээлэлтэй болсон. Байгууллагууд энэ жил эцэг, эхчүүдийг цахимаар ажил хийх боломж олгож байна. 0-10 насны олон хүүхэдтэй бол цалинтай чөлөө өгч эхэлжээ. Эцэг, эхийн зөвлөл нь байгууллагын гэр бүлийн судалгаатай учир удирдлагад асуудал тавиад, бага цагаар ажиллуулах болж. Зарим байгууллага хүүхэд, тоглох, гэрийн даалгавар хийх өрөө тасалгаа бэлтгэсэн байсан. Багачуудын дунд гар зургийн уралдаан зохион байгуулдаг, хүүхдийнх нь төрсөн өдрөөр чөлөө олгодог байгууллага ч бий. Эцэг, эхийн зөвлөлтэй газрууд нэг талдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, нөгөө талдаа хөгжүүлж эхэлсэн. Манай агентлаг гэхэд Эцэг, эхийн зөвлөлийнхөө өгсөн мэдээлэлд тулгуурлан 4-5 хүнд цалинтай чөлөө олголоо.

-Эрсдэлтэй хүүхдийг бүртгэж, тусламж үзүүлэх ажил аль шатанд “явна” вэ?

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн нэгдсэн санг жил бүр хөгжүүлж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй, хурдан морь унадаг, архины хамааралтай эцэг, эхтэй, эмзэг, эрсдэлт бүлгийн хүүхдийн судалгааг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд гаргалаа. Давхар асрамж халамжид байдаг, үрчлэгдсэн хүүхдийн судалгааг санд оруулсан. Өндөр болон дундаас дээш эрсдэлтэй хүүхдүүдэд хувийн хэрэг нээн, даатгалд хамруулж эхэлсэн. 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд даатгалын компаниудтай хамтран хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ нэвтрүүллээ. Хүүхдийн даатгалын нөхөн олговрын хэмжээ таван сая, даатгалын хураамж 7500 төгрөг байдаг. Даатгалын нөхцөлд хууль, эрх зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, эмчилгээний зардал, хүүхдийг эрэн хайх, тээвэрлэх ажиллагаа зэрэг үйлчилгээг хамруулсан. 2019 онд Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн нэгдсэн санд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 20 400 хүүхдээс 5156-г нь даатгууллаа.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Нэг ч секунд хараа хяналтгүй орхих ёсгүй

Хүүхэд гэр, гудамж, тоглоомын талбай, цэцэрлэг, ой, дэлгүүр, үзвэрийн газар гээд янз бүрийн орчинд өсөж, суралцдаг. Дөрөв хүртэлх насны хүүхдэд гэр нь хамгийн “аюултай”. Түлэгдэх, унаж бэртэх, эм, ахуйн бодист хордох гээд золгүй тохиолдлыг тоочоод баршгүй. Эл бүгдээс хамгийн сайн хамгаалах арга бол хүүхдийг нэг ч секунд хараа хяналтгүй орхихгүй байх явдал юм.

Скандинавын орнуудад орнуудад хүүхдийг бурханчлан үзэж, алдаа гаргавал эцэг, эх нь эвээр хэлж өгдөг. Хүүхдийг аль болох чөлөөтэй байлгахдаа аюулгүй орчныг бүрдүүлэх гол зарчмыг баримталдаг. Ингэхдээ хүүхдээ багаас нь насаар ялгаварлахгүй, эрх тэгш байлгах, эрх, үүрэг тэнцүү байдгийг ойлгуулдаг. Тоглоомын аргаар хүүхдийг сургахдаа нийгэмд биеэ хэрхэн авч явахыг зан байдлын тодорхой жишээн дээр үзүүлдэг. Тус бүс нутгийн орнуудаас хүүхдэд хамгийн их анхаардаг Финландад олон нийтийн газар бүрт багачуудын хэрэгцээг хангах хэрэгсэл бий. Тухайлбал, хүүхэд хөхүүлэх, саатуулж тоглуулах газар, зоогийн газарт тэдэнд зориулсан хоолны цэс, бас нас, биед нь тохирсон ширээ, сандалтай байдаг.

Францад хүмүүжсэн хүүхэд эрт бие даадаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэртээ ганцаараа байж, сургуульдаа харгалзах хүнгүй явж, дэлгүүрт худалдаа хийхийг зөвшөөрдөг. Залуу эхчүүд ихэвчлэн хүүхдээ цэцэрлэгт өгөөд, ажилдаа явдаг. Дуртай зүйлийг нь хязгаарлахаас өөр шийтгэл дуулгаваргүй хүүхдэд оноодоггүй.

Германд хүүхдийг гурван нас хүртэл гэрт нь хүмүүжүүлдэг. Дараа нь цэцэрлэгт өгөхийн өмнө эцэг, эхчүүд хүүхдээ долоо хоногт нэг удаа хөгжлийн төвийн сургалтад хамруулна. Энд хүүхэд үе тэнгийнхэн, нийгэмшихэд туслах багштайгаа тоглож дасдаг. Үүний дараа хүүхэд цэцэрлэгт явж, хэдийн олж авсан туршлагаа хөгжүүлдэг гэнэ. Тус улсад хамгийн гол нь хүүхэд эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй болж хүмүүжих ёстой аж.

Италид хүүхдийг байнга магтаж, урамшуулах ёстой гэсэн зарчим баримталдаг. Ихэвчлэн өнөр өтгөн гэр бүлтэй учир тус улсад хүүхэд цэцэрлэгт явна гэсэн ойлголт бараг байхгүй. Тэгвэл Британийн хүүхдүүд биеэ сайн авч явахад голчлон анхаардаг. Хоёр наснаас ширээнд сууж, олны дунд биеэ зөв авч явах, сэтгэл хөдлөлөө барихад сургадаг. 30-40 насанд гэр бүлээ төлөвлөдөг британичууд хайрлаж байгаагаа ил үзүүлэхгүй, хүүхдэд том хүн шиг шаардлага тавьдгаараа онцлогтой.

Азийн орнуудын тухайд гэвэл манай урд хөршид хүүхдийг хөхнөөс эрт гаргаж, бараг л төрсөн цагаас нь цэцэрлэгт явуулдаг. Тэнд хооллох, тоглох, унтах гээд нарийн дэгт суралцдаг. Ахмадаа хүндэтгэж, хамт олон дунд биеэ зөв авч явах, харилцан тусалдаг, сахилгатай байх, хөдөлмөрт дуртай, хүлээцтэй болоход суралцахыг хамгийн чухалд тооцдог. Японд эцэг, эхийн боловсролын түвшнийг чухалчилдаг. Энэ нь хүүхэд амжилттай суралцах гол үндэс гэж үздэг. Тиймээс уншиж, бичихийг хүүхдэд багш бус, ээж нь заадаг. Хүүхэд өвдөхөд ээж нь хичээлд нь сууж, дараа нь заадаг. Хүүхдийн өрөө ихэвчлэн хоёрдугаар давхарт байдаг ч тэнд нь тусламж дуудах товчлуур, эсвэл утас заавал байлгадаг. Сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг, эхэд зориулсан 50 орчим сэтгүүл тус улсад хэвлэдэг. Бага насны хүүхэдтэй эхчүүдийг аль болох ажил хийлгэдэггүй уламжлал Японд эртнээс тогтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)