ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР ҮҮНИЙГ УНШ

Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Манай улс уг өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж ирсэн.

Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбодь, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг уламжлалтай.

Хүүхдүүдийн 48 хувь нь “Гэртээ зодуулж байсан” гэжээ

    “Хүүхдийг ивээх сан”-гаас хийсэн судалгаанд оролцсон хот, хөдөөгийн 1198 хүүхдийн 48 хувь нь “Гэртээ зодуулж байсан уу?” гэсэн асуултанд “Тийм” гэж хариулжээ. Эцэг, эхчүүдийг оролцуулсан өргөн хэмжээний судалгааны дүнгээс харахад хүүхдээ алгадсан таван эцэг, эхийн хоёр нь “арай хэтрүүлчихдэг” гэж хэлсэн байдаг. 

    Тулгамдсан нөхцөл байдалд хүний тархинд өөрчлөлт гарч, хэдий хэмжээний хүч хэрэглэж байгааг зөв тооцоолох чадвар алдагддаг бөгөөд, улмаар өөрийн бодож байснаас хүчтэй болдгийг Сэтгэл судлалын институт, Лондонгийн их сургуулиас хийсэн судалгааны дүн нотолсон байна. Тэгэхээр хүүхдээ зодож шийтгэх нь “Зөв хүмүүжүүлэхийн тулд” гэх үгээр хаацайлан зөвтгөж болох үйлдэл биш юм.

    Хүүхдээ зодвол юу болох вэ?

    Хүч хэрэглэж шийтгэдэг хүүхэд эргээд найз нөхөд, ах дүүдээ хүч хэрэглэх явдал ажиглагддаг. Насанд хүрсэн хойноо өөрийнхөө хүүхэд, хань ижлээ хүчирхийлэх явдал ч цөөнгүй байдаг байна.

    Сургуульд мөн багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд энэ төрлийн шийтгэлийн хэлбэрийг хэрэглэхгүй байх нь чухал юм. Учир нь хүүхэд үүнээс болж ямар ч хохирол амсаж болно. Тиймээс эцэг, эхчүүд багштай нь байнга холбоотой ажиллаж, болохгүй зүйлийг ярилцаж байх хэрэгтэй.

    • Өөртөө итгэх итгэлгүй болох
    • Сэтгэл санаагаар унах
    • Аз жаргалгүй болох
    • Эцэг, эхдээ дургүй болох, бүрэг ичимхий байх
    • Хурдан уйлдаг болох
    • Сэтгэл зүйн буруу үйлдэл гаргадаг зэрэг нь хүүхдэд буруу шийтгэлийн арга хэрэглэсний үр дагавар юм. 

    Хүүхэдтэйгээ ярилцах, өдрийн амттаны тооноос хасах, тоглох цагаас хасаж ном унших цагийг нэмэх, "өнөөдөр зурагт үзэхгүй, учир нь...", "Хичээлээ хийгээд орондоо орно, өнөөдөр тоглоом тоглохгүй, учир нь..." гэх мэтээр хүүхдэд бодох боломж олгож шийтгэх нь хамгийн үр дүнтэй байдаг. 


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (1)