Хүүхдүүд шударга бус болсонд томчууд буруутай

Дөнгөж 12, 13 настай бяцхан үрс минь худал хэлж, хуурамч зан гаргасаар буйг яагаад ч ойлгож чадахгүй нь. Тэд ангийн дарга, сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүн болохын тулд “хор найруулж” явдаг гэнэ. Хүүхдүүд худал хэлж, бусдыг хуурах тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгааг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас онцоллоо. Үртэй бүхний санаж бодож, чухалчлах сэдэв, анхаарах асуудал биш гэж үү.

Тус байгууллагынхан сүүлийн найман жилийн турш хүүхдийн шударга байдлыг үнэлсний үндсэн дээр, хүүхдүүд шударга бус, хуурамч болсныг тогтоожээ. Тодруулбал, АТГ-ынхан 2008 оноос хойш хүүхдийн шударга байдлын судалгааг есөн удаа хийжээ. 2019 оны судалгааг та бүхний өмнө дэлгэж байна. Хүүхдийн шударга бус байдлын судалгааг хийхдээ 12 асуулт тавьж, тухайн хүүхэд санал нийлж буй, эсэхийг тодруулжээ. Хариултыг нэгбүрчлэн 1-5 оноогоор үнэлсэн аж. Хүүхдийн шударга байдлын түвшин нэгт ойртох тусам шударга бус, тавд хүрэхэд шударга гэж үздэг олон улсын аргачлалыг судалгаандаа ашиглажээ.

21 аймгийн 7-12 дугаар ангийн хүүхдүүдээс түүврийн аргаар сонгож, судалгаанд хамруулжээ. Судалгаанд хамруулсан нийт 6576 сурагчийн 43.6 хувь нь хөвгүүн, 56.4 хувь нь охин. 2018 оныхтой харьцуулбал, 17 аймагт хүүхдийн шударга байдлын түвшин буурсан байна. Тухайлбал, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Сүмбэр, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурчээ. Харин Архангай, Говь-Алтай, Өмнөговь, Хэнтийн хүүхдүүдийн шударга байдлын түвшинд эсрэг үзүүлэлт гарсныг сайшаая. 

Олон удаагийн судалгааны үр дүнгээс харахад нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байсаар иржээ. Тэр ч бүү хэл төрийн өмчийн сургуульд суралцагсад өндөр төлбөртэй хувийн сургуулийн хүүхдүүдээс хавьгүй шударга гэдгийг АТГ-ын ажилтан хэлсэн. Тухайлбал, нийслэлийн нэгэн сургуульд сурдаг хүү багшдаа “Багш аа, ээж минь нас барчихсан. Би талийгаачийн газар дээр нь очиж, эргэх гэсэн юм. Чөлөө өгөөч” гэж хэлжээ. Багш уйлан хайлан гүйж, газарт өргөх сүү, будаа зэргийг бэлтгэж, таксины мөнгө өгчээ. Харамсалтай нь, хүү цахим тоглоомын төвд очихын тулд худлаа хэлсэн байж. Бага насныхан энэ мэтээр аливаа зүйлийг буруу хийхэд бид хэлж, ухааруулж ойлгуулахаасаа илүүтэй “Энэ чинь хүүхэд шүү дээ” гэж толгойг нь илэх дуртай. “Засарчихна даа” хэмээн өөрсдийгөө тайвшруулж, тэднийг зөнгөөр нь орхидог тал ч бий. 

Эсвэл ор тас анхаарахгүй, анхаарал хандуулахгүй “мартаж” орхидог. Тэр тусам хүүхэд даварч, бусдадаа буруу үлгэр дуурайл үзүүлдэг. Тиймээс хүүхэд худлаа хэлэх тохиолдол бүрийг эцэг эхчүүд анхаарах ёстой. Тэр ч бүү хэл энэхүү шударга бус үйлдлийнх нь талаар олон нийтэд мэдээлж, зэмлэж сануулах нь тустай гэнэ. Шударга байх тухай ярилцаж, шударга хандсаных төлөө сайшааж, зүй бус үйлдлийнх нь төлөө зэмлэвэл үр дүнтэйг судлаачид тогтоожээ. Гадаадад хүүхэд буруу хэрэг хийсэн бол “Энэ яагаад буруу вэ” гэдгийг томчууд заавал тайлбарладаг. Бүр сэтгэлзүйч рүү “чирэх” дуртайг АНУ-д олон жил ажиллаж, амьдарсан нэгэн танил минь ярив. Харин манай улсад бүх зүйл эсрэгээрээ. Хүүхэд буруу зүйл хийвэл нэг бол алганы амт үзүүлнэ, үгүй бол тоодоггүй. Тэдэнтэй ярилцах тухай ойлголт бараг байдаггүй. Сайндаа л “Чи өндөр төлбөртэй сургуульд сурч байгаа. Заавал амжилттай сур”, “Яаж ийж байгаад А үнэлгээ ав, тэгвэл гадаадад аялуулна”, “Жолооны курст сургана” гэх мэтээр эелдэг ханддаг. Үгүй бол улаан хэрүүл хийж, дайн зарладаг аж. Зарим нь бүр гар хүрдэг гэх. Энэ мэтээр нийт эцэг, эхийн хандлагаас болж, хүүхдийн шударга байдлын түвшин дээшлэхгүй байгааг судлаачид онцолсон.

Үүнээс гадна аяга угаах 200, хог шүүрдэх 100, шал угаах 500, дүүгээ харахад 1000 төгрөг гэхчлэн томчууд хүүхдэдээ өдөр тутам шан харамж өгөх нь элбэг ажээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад насаараа ажилласан, ахмад багш Б.Тогоо “Хүүхдийг мөнгөөр урамшуулахаас илүү сэтгэл санааг нь өндөрт өргөж, магтах чухал. Хүүхдийг магт. Цаг үргэлж сайшаа. Хүн урмаар урагшилдаг болохоос үгийн мууг сонсоод сэхээрдэггүй юм. Шан харамж өгөхийн оронд тоос арчвал нэг, хогоо хогийн саванд хийвэл хоёр, ахмад настанд суудал тавьж өгвөл таван оноо гэхчлэн урамшуулж, сайхан үг хэлж, тэдэнтэй ярилцах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн билээ. Түүний хэлснээр сурагчид бүү хэл цэцэрлэгийн хүүхдүүд ч санаатайгаар худлаа хэлэх тохиолдол ихэссэн байна.

...Нийслэлийн нэгэн сургуульд сурдаг хүү багшдаа “Багш аа, ээж минь нас барчихсан. Би талийгаачийн газар дээр нь очиж, эргэх гэсэн юм. Чөлөө өгөөч” гэж хэлжээ. Багш уйлан хайлан гүйж, газарт өргөх сүү, будаа зэргийг бэлтгэж, таксины мөнгө өгчээ. Харамсалтай нь, хүү цахим тоглоомын төвд очихын тулд худлаа хэлсэн байж...

Ийм байдалд хүрсэн нь томчуудын буруу гэж АТГ-ынхан хэлсэн. Яагаад гэж үү. Тэд гэртээ байхдаа хүүхдийнхээ хажууд “Гэрээсээ гарчихсан явж байна”, “Зам дээр такси барихаар хүлээж зогсоно”, “Би гэртээ байхгүй, орон нутагт ирчихлээ” гэх мэтээр худлаа ярьдаг аж. Эсвэл “Найзаа энэ ажлыг бүтээгээд өгчихвөл, мөнгөнийх нь 10 хувийг өгнө”, “Манай хүүхдийг цэцэрлэгт оруулаад өг” гэх зэргээр хүүхдэдээ буруу үлгэр дуурайл үзүүлдэг. Мөн хүүхдэдээ утсаа өгөөд “Аав утсаа мартаад явчихсан”, “Ээж эзгүй байна”, “Дүү эмнэлэгт хэвтсэн, аав сахиж байгаа” гэхчлэн худал хэлүүлдэг нь тэд үнэнч бус болсны гол шалгаан гэнэ. “Хүүхдүүд яагаад шударга бус болоод байна вэ” гэх асуултад минь сэтгэлзүйч ч “Томчууд буруу үлгэрлэсэн учраас, тэд өөрсдөө худлаа хэлдэг болохоор, насанд хүрсэн хэрнээ хариуцлага хүлээдэггүй тул хүүхэд хуурамч болдог, ганцаардал руу тэмүүлдэг. Тийм хэрнээ томчууд хүүхдийг хорьдог, цагддаг” гэх хариултыг өгсөн. АТГ-аас жил бүр хүүхдийн шударга байдлын судалгаа хийж, үр дүнг нь сургуулиудын удирдлагад танилцуулж, яриа хэлэлцүүлэг өрнүүлээд ч төдийлөн ахиц гарахгүй байгаа аж. 

Судалгааны дүнгээр хүүхдийн шударга байдлын түвшин жил ирэх бүр, анги дэвших тусам буурч буй. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд үнэнч бус байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Энэ жил гэхэд хүүхдийн шударга байдлын түвшин 3.91 гарчээ. Угаас авлигатай тэмцэх нь ганц АТГ-ын ажил биш юм. Хүүхдийг зөв төлөвшүүлж, авлигаас ангид байлгах нь боловсролын байгууллага, аав, ээж, ах, эгч, ойр дотнын хүн бүрийн үүрэг хариуцлага гэдгийг тус байгууллагынхан онцолсон. Өдөр тутам худал хуурмаг дунд өсөж торниж буй хүүхдүүд ирээдүйд хэн болох бол. Энэ асуултыг эцэг, эх бүр өөртөө тавиад үзээрэй. Хүүхдийн шударга бус байдлын түвшин жил ирэх тусам буурсаар байгаа нь маш том анхаарлын тэмдэг. Харамсаж, халаглахаасаа илүү энэ асуултын тэмдгийн ард хэрхэн гарах вэ гэдэг нь чухал.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)