Хүүхдүүд хэвлийдээ амь тавьсаар

Сүүлийн жилүүдэд ураг өсөлтгүй болох, зулбах, дутуу болон амьгүй төрөх нь олширсон. Зөвхөн зулбаж, амьгүй төрснийг аваад үзвэл хэдэн зуугаараа тоологдож байна. Үүн дээр өсөлтгүй жирэмсэн, дутуу төрөлт, үр хөндүүлснийг нэмж тооцвол жил бүр хэдэн мянган иргэнээ бид энэ хорвоод хөл тавиулалгүй буцаадаг аж.

Эдгээрээс хамгийн анхаарал татаж буй нь хүүхэд амьгүй төрөх нь олширсон явдал юм. Эрүүл саруул бойжиж байснаа гэнэтхэн зүрх нь зогсож, хэвлийдээ бүтчихэж буй нь олон шалтгаантай аж. Энэ сэдвээр Нийгэм, шуурхай мэдээллийн албаны сурвалжлагч О.Бат-Ундрах, Эрэн сурвалжлах мэдээллийн албаны сурвалжлагч Ч.Болортуяа нар ярилцлаа.

О.Б: -Он гарсаар улсын хэмжээнд 400 гаруй хүүхэд амьгүй төрсөн байна. Шат дараатай арга хэмжээ авахгүй л бол энэ тоо цөөрөхгүй, улам нэмэгдэнэ гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа. Одоогоор амьгүй төрөгсдийг бүртгэхээс өөр хийсэн ажил алга.

Ч.Б: -Тийм шүү. Айл бүрт л ийм асуудал гарч буй гэхэд хилсдэхгүй. Саяхан нэг танил маань гурван сартай жирэмсэн (анхны) байхдаа хүүхдээ өсөлтгүй болсныг мэдсэн юм. Нэг өдөр эмч “Хүүхдийн чинь зүрхний цохилт сонсогдохгүй байна. Яаралтай хот яв” гэсэн байна.

Танил маань хувийн эмнэлгийн ЭХО-д харуултал “Хүүхэд амьгүй болсон байна, цэвэрлүүл” гэх нь тэр. Тэрбээр энэ мэс ажилбарыг хийлгэхийн тулд 400 орчим мянган төгрөг зарцуулсан гэсэн. Ураг яагаад амьгүй болсныг эмчээс асуухад тодорхой юм хэлээгүй юм билээ. Түүнийг эмнэлэгт байхад яг ийм шалтгаанаар 5-6 эмэгтэй (өдөрт) ирсэн гэнэ.

О.Б: -Уг нь ураг амьгүй болсон үед аль ч эмнэлэг яаралтай тусламж үзүүлэх заалттай юм билээ. Тэгэхээр амаржих газруудад ийм хагалгааг үнэгүй хийх ёстой. Хүүхэд тээсэн хугацаанаас хамаараад 12 дахь долоо хоногийн дотор ураг амьгүй болбол өсөлтгүй жирэмслэлт, 22 дахь долоо хоног хүртэлхийг амьгүй зулбалт, түүнээс дээш бол амьгүй төрөлт гэж нэрлэдэг аж.

Ураг зулбах, эсвэл өсөлтгүй болсон үед умайн хүзүүг цэвэрлэх мэс ажилбар хийдэг бол хүүхэд амьгүй болсон тохиолдолд амаржих газруудад хэвтүүлэн, төрөх үйл явцыг сэдээж, жамаар нь, эсвэл хийсвэрээр төрүүлдэг гэж ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, хүний их эмч Г.Баттулга ярьсан.

Ч.Б: -Мэргэжлийн эмч нартай уулзахад өсөлтгүй жирэмсэн, амьгүй төрөлт нь хоёр өөр ойлголт гэсэн. “Амгалан” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд “Эмнэлгийн байгууллагаас гадна эцэг, эхийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан, ураг амьгүй төрөх нь бий.

Хүмүүсийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшин доогуур болсонтой холбоотойгоор халдварт өвчин ихсэж байна. Тухайлбал, сүрьеэтэй эмэгтэйчүүдээс амьгүй хүүхэд төрөх нь цөөнгүй. Элэгний вирус, бэлгийн замын халдварт өвчнүүдээс гадна жирэмсний хяналт муу байгаа нь үүнд нөлөөлж байна.

Мөн агаарын бохирдол, стресс, хоол, хүнсний аюулгүй байдал, эхийн суурь өвчнөөс болж, ураг өсөхгүй хэвлийдээ эндэх нь нэмэгдсэн” гэж ярьсан юм. Эмэгтэйчүүд жирэмсний хяналтад эрт орсноор энэ мэт эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болов уу?

О.Б: -Жирэмсний хяналт сайн байвал аливаа хүндрэлээс сэргийлж чадна. Гэвч манайд жирэмсний хяналтын үзлэг хангалтгүй, чанартай болгох шаардлагатайг Г.Баттулга захирал ярьсан юм. Тэрбээр “Жирэмсний хугацаанд эх зургаан удаа, ямар нэгэн эмгэгтэй бол найм, түүнээс олон удаа үзүүлэх ёстой. Гэтэл манай эмч нар даралт, жинг нь үзээд л явуулдаг.

Тухайн хүнд эмгэг өөрчлөлт бий, эсэхийг илрүүлэх асуумжаа сайн авдаггүй, удам зүй талаас нь лавладаггүй, зөвхөн багажийн шинжилгээгээр өнгөцхөн үзэж байна. Эрүүл жирэмсэн эхийг Өрхийн эрүүл мэндийн төвд, “асуудалтайг” нь дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хяналтад байлгадаг. Хүүхэд нь амьгүй төрсөн эхчүүдийн олонх нь үрэвслийн гаралтай өвчтэй байна.

Тухайлбал, бөөр, шээс, бэлгийн замын өвчин жирэмсэн үед хүндрэл үүсгэх шалтгааныг тэргүүлдэг. Үүнийгээ эмчлүүлсний дараа жирэмслэх, хүүхэдтэй болсон үедээ өвчин сэдрэхээс сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж хэлсэн.

2015 онд 80.643 эмэгтэй жирэмсний хяналтад орсны гурван хувьд нь тэмбүү, 1.5 хувьд нь заг хүйтэн, 1.9 хувьд нь трихомониаз илэрсэн байна. Бэлгийн замын өвчтэй эхчүүд хүүхдээ бүрэн тээх боломж багатай байдаг юм билээ.

Ч.Б: -Тэр ч бүү хэл, аман дээр нь олон дахин хомхой гардаг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Хомхой байнга гардаг хоёр хүн тутмын нэгийнх нь хүүхэд амьгүй болох магадлал өндөр байдаг гэж С.Ганболд эмч ярьсан. Улаанбаатар хотын томоохон эмнэлэг, лабораториор улаанууд, хомхой, тэмбүү зэрэг таван өвчний вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байгаа.

Жирэмсэн үедээ вирус авсан уу, өмнө нь өвчилсөн үү гэдгийг үүгээр мэдэх боломжтой юм билээ. Тиймээс эмэгтэйчүүд жилдээ 1-2 удаа шинжилгээ хийлгэж байгаарай. Нэг танил эгч маань өнгөрсөн жил жирэмсэн болоод ЭХО-д харуулахад “Өсөлтгүй жирэмсэн байж магадгүй” гэсэн байна.

Өөр олон газар шинжилгээ хийлгэтэл бүгд л адилхан хариу хэлж, “Харьяа төрөх эмнэлэгтээ очиж, цэвэрлүүл” гэсэн байгаа юм. Өсөлтгүй болсон гэх ямар нэгэн шинж тэмдэг түүний биед илрээгүй учраас ЭХО-д харуулж л мэдсэн байна. “Өргөө” амаржихад очиход Хүлээн авах тасагт нь өсөлтгүй жирэмсэн гэсэн оноштой 3-4 эмэгтэй байж. Ер нь хүүхэд хэвлийдээ амьгүй болж буйг таних шинж тэмдгийн талаар мэдээлэл өгвөл яасан юм бэ.

О.Б: -ЭХЭМҮТ-ийн эх баригч нарын ярьж буйгаар жирэмсний 22 долоо хоногийн дотор хүүхдийн хөдөлгөөн төдийлөн мэдрэгддэггүй тул хэвлийгээр өвдөх, доошоо юм гарах зэрэг нь ураг амьгүй болж буйн тэмдэг юм байна. Жирэмсний 22-34 долоо хоногтойд бол хүүхэд өдөрт 10-аас олон удаа хөдлөх ёстой. Хөдөлгөөн цөөрвөл эмчид яаралтай хандаарай. Харин 34 долоо хоногоос эхлээд хөдөлгөөн нь багасчихдаг тул хүүхдийнхээ зүрхний цохилтыг хянах хэрэгтэй.

Олон удаа үр хөндүүлэх нь хүүхэд амьгүй төрөхөд нөлөөлдөг гэж байсан. Энэ талаар эмч нараас асуув уу?

Ч.Б: -“Юнимед интернейшнл” эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч Г.Нарантуяатай уулзахад “Сүүлийн үед нийт жирэмсэн эхчүүдийн 15- 20 хувийнх нь ураг зулбаж, өсөлт нь зогсон, амьгүй төрж байна. Манайхаар үйлчлүүлэгчдийн 20-30 хувь нь ийм асуудалтай байдаг. Өдөрт 2-3 эмэгтэй өсөлтгүй жирэмсэн, зулбасан гэсэн онош сонсдог бол жилд 100-150 хүн ийм шалтгаанаар эмчлүүлдэг” гэсэн юм.

Ураг өсөлтгүй, амьгүй болох шалтгаан хүн болгонд янз бүр байдаг юм билээ. Эхийн эрүүл мэнд, агаар, хөрсний бохирдол, мөн хромосомын эмгэг өөрчлөлтийн үед үр хөврөл цаашид хөгжиж чадахгүй, амьгүй болдог гэж тэрбээр хэлсэн юм. Үр хөндүүлэх нь ч үүнд хамгийн их нөлөөлдөг.

Жилд 1-2 удаа хүүхдээ авахуулдаг эмэгтэйчүүдийн умайн салстын эрүүл байдал алдагдан, үр тогтоох чадвар нь бууран, үр хөврөл тэжээлээ бүрэн авч чадахгүйгээс өсөлтгүй жирэмслэлт үүсдэг. Цаашид энэ төрлийн судалгааг “Юнимед интернейшнл” эмнэлгийнхэн хийх юм байна.

О.Б: -Он гарсаар жирэмсний хүндрэл, эхийн эндэгдэл, дутуу болон амьгүй төрөлт нэмэгдсэн байна. Эрүүл эмэгтэй 3-5 жилийн зайтай төрөх нь эх, хүүхдэд сайн байдаг. Нөгөөтэйгүүр эцэг, эхийн цусны тохироо таараагүйгээс цөөн тохиолдолд хүүхэд амьгүй төрдөг гэнэ.

Тиймээс өмнө нь амьгүй хүүхэд төрүүлж байсан бол удам зүйн эмчид заавал үзүүлэхийг зөвлөе. Мөн хүүхэд амьгүй төрөх, эндэх эрсдэлтэй тул гэртээ төрөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Амьгүй төрөлтийн дараа цус алдах, умайгаа авахуулах, дахиж жирэмслэхгүй болох, цаашлаад эх эндэх аюултай.

Ч.Б: -Энэ янзаараа эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахгүй бол хүүхдүүд хэдэн зуугаараа хэвлийдээ амь тавьсаар байх нь. “Амгалан” амаржихад гэхэд өнгөрсөн аравдугаар сард 62 эх өсөлтгүй жирэмсэн гэсэн оноштой, эмчлүүлжээ. Хугацаа алдвал эхэд маш аюултай.

Тиймээс амьгүй төрөлт, өсөлтгүй жирэмслэлтээс хойш дор хаяж зургаан сарын дараа хүүхэдтэй болох тухай бодох хэрэгтэй гэсэн шүү. Энэ хугацаанд суурь өвчнөө эмчлүүлэн, умайн салст болон үр хүлээн авах чадвараа сайжруулах үрэвслийн эсрэг физик эмчилгээг эмтэй хослуулан хэрэглэхийг Г.Нарантуяа эмч зөвлөсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)