Хүүхдүүд төгсөлтийн баярын төлөөс болох учиргүй

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дөрөвдүгээр сарын 16-нд нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт хүргүүлсэн чиглэлүүдийн хамгийн эхэнд төгсөлтийн баяр тэмдэглэх зорилгоор хөдөө хээр, амралтын газар, зуслан, жуулчны бааз, цэнгээний газруудад амралт зугаалга зохион байгуулах, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглох тухай онцолжээ.

Мөн Эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрийдлээр сурагчдаас хуульд заагаагүй аливаа төлбөр хураамж авч болохгүй, тухайн багш өөрийн заадаг хичээлээрээ хүүхдүүдэд төлбөртэй давтлага өгөх, элдэв ном шахахгүй байх тухай ч энд цохон тэмдэглэсэн байх юм. Гэвч үүнээс ердөө 10 гаруйхан хоногийн дараа Дархан-Уул аймгийн XV сургуулийн тавдугаар ангийн 32 сурагч эцэг, эхчүүдийн хамт “Зулзагын гол” амралтад төгсөлтийн баяраа тэмдэглээд буцаж явахдаа осолдов.

32 хүүхэд, 12 том хүн автобусаар зорчиж яваад хүнд даацын ачааны машинтай мөргөлдсөний улмаас 10 хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд (тэдний дөрөв нь яаралтай хагалгаанд орсны дотор духны яс нь цөмөрсөн охин ч бий) эхнээсээ гарч буй аж. Золоор хүний амь эрсдээгүй ч хаврын хаварт иймэрхүү осол манайд гарсаар буйг зүгээр хараад суугаад байж даанч боломгүй.

Яаж ч бодсон арваадхан настай хүүхдүүд “Бид заавал амралтын газарт очиж, төгсөлтийн баяраа тэмдэглэнэ” гэж зөрүүдлэн зүтгээгүй байж таарна. Мөнөөх л эцэг, эхийн зөвлөлийнхний үүсгэл санаачилгаар тэд зугаалганд явсан тухай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга ярьжээ. “Бидэнд ч мэдэгдэлгүй, сургуульдаа ч дуулгалгүй, эцэг, эхчүүд хүүхдүүдээ аваад явчихсан байна билээ” хэмээн өөрсдөө зайлуулж, арьсаа хамгаалаад өнгөрөх асуудал энэ яавч биш.

Элдэв баяр ёслол, амралт зугаалганы далим гарвал угаас буцах дургүйдээ бие даан шийдвэр гаргах чадамжгүй хүүхдүүдийнхээ нэрийг барьсан эцэг, эхчүүд болоод тэдний санаачилгыг болиулахын оронд зугаалгаар өөрөө хамт явсан багш, “Явсныг нь мэдээгүй” гээд сууж байдаг захирал, эрхлэгч, төгсөлтийн баяртай холбоотой албан даалгаврыг ерөнхий боловсролын сургуулиуддаа хүргүүлж амжаагүй байсан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрынхан, яамныхан гээд томчууд бидний бүгдийнх нь буруу. Энэ тохиолдолд тэгээд хэн хариуцлага хүлээх вэ.

БСШУС-ын сайд жил болгон л “Төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм мэдлэг, авьяас чадвараа тайлагнах “Эрдмийн баяр” болгон тэмдэглэнэ” гэсэн албан даалгаврыг харьяа газрууд руугаа хүргүүлдэг. Гэвч хот, хөдөөгүй төгсөлтийн баяр тогтсон “уламжлалаараа” болж, эцэг, эхчүүдээс яаж ийгээд мөнгө хураан, багшдаа бэлэг авч өгдөг, амралт зугаалганд явдаг байдал үргэлжилсээр, хэл ам дагуулсаар буй.

Өнгөрсөн жил гэхэд л Сонгинохайрхан дүүргийн нэгэн сургуулийн есдүгээр ангийн төгсөгчид хонхны баяраараа зугаалгаар явж байгаад осолдож, нэг нь амиа алдсан. “Их засаг” сургуулийн оюутан хонхны баяраа тэмдэглэж яваад мөн л усанд осолдож эндсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь л энэ болохоос далд ийм осол хэчнээн гарч, хэдэн хүүхэд бэртэж гэмтдэгийг таашгүй. Наад зах нь, төгсөлтийн баярын үеэр өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох нь эрс өсдөгийг хууль хяналтын байгууллагынхан хүлээн зөвшөөрдөг.

Одоо бүр нэгдүгээр ангийн сурагчид үсэглэлийн баяраараа амралт зугаалганд явж, цэцэрлэгийн “бацаанууд”-ыг хүртэл төгсөхөд нь ресторанд тухлуулах энүүхэнд болсон тул боловсролын салбар дахь хэрээс хэтэрсэн завхарлыг арилгахын тулд дээрээс хоосон үүрэгдэх бус, дэргэдээс нь хяналт тавибал үр дүнтэй гэж үзжээ. Тиймээс төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотой албан даалгавар гаргах, түүндээ амралт зугаалга болон мөнгөн хураамж авахыг хориглох тухай зайлшгүй тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн байна.

Учир нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг шууд томилох, алдаа гаргасан тохиолдолд эргээд хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтан нь Засаг дарга юм. Гэтэл сайд чиглэл өгснөөс хойш сарын хугацаа өнгөрч байхад өнөөг хүртэл Боловсрол, соёл урлагийн газартаа, сургуулиудад албан даалгаврыг хүргүүлсэн, эсэх нь тодорхойгүй аймгууд байсаар буй гэнэ.

“Төгсөлтийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, амралт, зугаалга, элдэв шалтгаанаар суралцагчдаас мөнгө хурааж, эцэг, эхчүүдэд дарамт учруулахгүй байх гэсэн сайдын чиглэлийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар албан даалгавар гаргах учиртай. Гэвч тэд үүнд маш хойрго хандаж байна. Орон нутгийнхнаас Баянхонгор, Хөвсгөл аймгийн Засаг дарга нар одоо хүртэл албан даалгавар гаргаж, хүргүүлсэн тухай тайлан мэдээгээ бидэнд ирүүлээгүй.

Нийслэлийн Засаг дарга гэхэд л шахуулж, шаардуулж байж тавдугаар сарын 9-нд албан даалгавраа гаргасан. Үүнийг нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, соёл урлагийн газрынхан сургуулиуд руу хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих учиртай” хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ярилаа. Харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр шиг тоймгүй олон шат дамжлага уг нь байхгүй л санагдах.

Гэвч энэ хооронд зургаан настнуудын үсэглэлийн баяр хэдийнэ болоод өнгөрчихсөн, тавдугаар ангийнхан төгсөлтийн баяраа тэмдэглээд шувтрах тийшээ хандав бололтой. Ес, арванхоёрдугаар ангийнхны хонхны баярын бэлтгэл ч үндсэндээ хангагдаад, эцэг, эхчүүдээс мөнгө төгрөгөө хураагаад авчихсан. Хүүхдүүдийнхээ төгсөлтийн баярыг дурсамж дүүрэн, сайхан тэмдэглээд өгчих юм сан гэх сэтгэл аав, ээжүүдэд байдаг учраас мөнгө хураалгасныхаа төлөө дээшээ мэдэгдэн, хэл ам хийж сургуулийнхныг нь барьж өгөхийг түвддэггүй биз.

Миний л мэдэхээр нийслэлийн нэлээд хэдэн сургууль төгсөх ангийнхныхаа хонхны баярын мөнгийг хураахад тэр дотор нь амралтын газар зугаалгаар очих зардал нь багтчихсан байна билээ. Муу амлаж байгаа юм биш, Дархан-Уул аймагт болсон шиг зугаалгаар явсан хүүхдүүд осолддог ч юм уу, ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд энэ нь олон нийтэд ил болж, нийгэм даяар хэсэг шуугиад өнгөрнө. Тэгээд нийслэлийн Боловсролын газрын дарга тухайн сургуулийн захирал, багшид хариуцлага тооцож, торгох, ажлаас нь чөлөөлөх гэх мэт арга хэмжээ авна. Харин Эцэг, эхийн зөвлөлийнхөн санаачилсан нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулиар торгох, цаашлаад сахилгын арга хэмжээ авах юм билээ.

Аль ч тохиолдолд хэрэг явдал муугаар эргэж, эрдэнэт хүний амь эрсэдвэл “Манай Засаг дарга албан даалгавраа гаргалгүй удаасан учраас боловсролын газрынхан сургуулиуд руу хэл хүргүүлж, анхааруулж амжаагүй” гэдэг усан тайлбар хэлээд суух нэр, нүүр хэн хэнд нь үлдэхгүй. Үүнийг Дархан-Уул аймгийн XV сургуулийн тавдугаар ангийн 32 сурагч эрүүл мэндээрээ дэнчин тавиж байж бидэнд сэрэмжлүүлэв.

Тухайн үед эзтэй юм шиг яамныхан “Засаг даргын албан даалгавраа сургуулиуд руу хүргүүлсэн үү” хэмээн асууж шалгаахад аймгийн Боловсрол, соёл урлагийн газрынхан “Албан даалгавраас өмнө бид сахилгын дүрэм гаргаад, сургуулиуд руу хүргүүлж байгаа” гэжээ. Өөрөөр хэлбэл, Засаг даргын албан даалгавар сургуулиудад нь очоогүй байсан учраас сахилгын дүрэм гээч зүйлээр XV сургуулийн захирал, анги удирдсан багшид нь хариуцлага тооцох магадлалтай гэнэ. Харин цагдаагийнхан хэргийг шалгаад, эцэг, эхчүүдийн буруу байвал дээр хэлсэнчлэн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах юм байна.

Ингэхэд яагаад заавал үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах замыг сонгож байж төгсөлтийн баяр тэмдэглэх ёстой вэ. Тэгж байж л баяр тэмдэглэсэн болдог юм гэж үү. Аливаа баяр ёслолыг зөв зохистой тэмдэглэж хэвшээгүй, хэтрүүлэн баярладаг монгол зангаа үр хүүхдэдээ хар багаас нь “уламжлуулах” албагүй л баймаар.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)