Хүүхдүүд тоглож, хөгшид тухалж, залуус зугаалах газартай боллоо

Жанжин Сүхбаатарын талбайн өмнөх Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажил дуусаж, уржигдар орой туршилтын журмаар усан оргилуурыг ажиллуулав. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил нь анх эхлэхдээ л нэлээд шүүмжлэл дагуулж, олны анхаарлын төвд байсан энэхүү бүтээн байгуулалт өдгөө нийслэлчүүдийн нүд, сэтгэлийг хэрхэн баясгаж буйг цахим орчин дахь сэтгэгдлүүдээс бэлээхэн харж болохоор байна. “Монголд ийм усан оргилуур байдаг юм уу. Хэзээ очиж үзэх вэ” хэмээн хүүхэд багачууд ээж, аавыгаа хэдийн шалаад эхэлчихэж. Хонхтой цэцэрлэгт хүрээлэн урьд нь ямар байсныг нийслэлчүүд надаар хэлүүлэлтгүй мэднэ.

Цэцэрлэгт хүрээлэн хэмээх нэр нь сайхан болохоос биш, булан тохой бүрийг нь орон гэргүй тэнэмэл иргэд эзэгнэсэн, архины шил, хог шороондоо дарагдсан, жорлонгийн өмхий самхай нэвт ханхалсан газарт хүүхдүүд тоглож, хөгшид нарлан тухалж, залуус зугаалах гэж очдоггүй байв. Улсынхаа төв талбайд очно гээд хөдөө гадаанаас зориод ирсэн хүмүүс дэмий л Сүхбаатарын хөшөө хавиар эргэлдэж, арслантай гинжин дээр нь суулаа гэж харуул хамгаалалтынханд хөөгдөн, хаачихаа мэдэхгүй холхидог байсан цаг ердөө саяхных. Тэгвэл өдгөө 84 метр урт таван сан бүхий хөгжимт усан оргилуур, 450 ам метр талбайтай задгай театр, 338 метр урт дугуйн зам, явган хүний боржин чулуун зам, гэрэлтүүлэг, шинээр зүлэгжүүлсэн хөрс, усалгааны системтэйгээ, хашлага сандал, орчин үеийн стандартад нийцсэн нийтийн бие засах газар хоёрыг ч байгуулж, тэр нь дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тусгай өрөөтэй болжээ.

Төрийн дууллын хөшөө, “World peace bell” болон хонхтой сүүдрэвчийг хүртэл сэргээн засварласнаар сая нэг цэцэрлэгт хүрээлэн нэрэндээ тохирохуйц болсон хэрэг. Дөрвөн улирлын турш ашиглаж болох учраас энд зөвхөн усан оргилуурын тухай асуудал яригдахгүй. Хүүхэд, залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орой үдэш гэр бүл, найз нөхдөөрөө салхилж зугаалах ая тухтай газар, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн манайд үгүйлэгддэг нь нууц биш. Хотын иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй, тохь тухтай орчинд ажиллаж, амьдарч, амрах боломж нөхцөлөөр хангахад хот нийтийн аж ахуйн бүтээн байгуулалтын ажлын гол утга учир оршдог. Тэр тусмаа улсынх нь хүн амын тал хувь нь аж төрж буй Улаанбаатар шиг хотод аж ахуйн ажил хэзээд мундахгүй. Халдварт коронавирусийн дэгдэлтийн үе байлаа гээд хотын аж ахуйн ажил зогсоно гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Тэгвэл нийслэлчүүд хогондоо дарагдаж, бохиртоо утуулж, халдвар тархах эрсдэлийг бүр ч илүү нэмэгдүүлэх аюултай. Тэр тусмаа төв талбайн цэцэрлэгт хүрээлэндээ наад захын стандартын шаардлага хангахгүй жорлон тавьчихаад, өмхий самхай ханхлуулж ирсэн нийслэлчүүд бид өнөөгийн эрсдэлт нөхцөлд нэгийг бодож хоёрыг тунгаамаар санагддаг.

1.4 сая хол давсан хүн амтай, тэдний 65 хувийг 0-35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлдэг нийслэл хотын төв талбайд энэ зэргийн ганц бүтээн байгуулалт хийгдэх эрхтэй билээ. Эрхтэй ч гэж, бүр аль эрт хийх ёстой байсан юм. Гэвч өнөөг хүртэл хийгээгүйн учир нь Сүхбаатарын талбайн урд хэсгийн энэхүү 2.5 га газрыг 2006 онд “Ю Би констракшн” компанид орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилгын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байв. Аль 14 жилийн өмнө орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур байгуулахаар авсан юм бол яагаад бүтээн байгуулалт хийгээгүй юм бэ гэсэн асуулт ургаж таарна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төв талбайдаа жигтэйхэн гоё усан оргилуур байгуулж өгнө гэсэн нь үлгэр болоод зогсохгүй, авто зогсоол болгон ашиглаж олсон мөнгөнөөсөө нийслэлд нэг ч төгрөгийн татвар төлөлгүй өдий хүрсэн тул нийслэлийн Засаг дарга өнгөрсөн жил “Ю Би констракшн” компанийн газар эзэмших эрхийг цуцалж, хот мэдэлдээ авсан билээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны тэр өдрийг хүртэл үнэндээ нийслэлчүүд төдийгүй нийт монголчууд Сүхбаатарын талбайнхаа өмнөх 2.5 га газрыг хувийн компанийн эзэмшилд байдгийг мэдэхгүй, тэр бүү хэл, 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьсныг ч дуулаагүй явсан нь үнэн.

2006 онд тус газрыг эзэмшилдээ авснаас хойш тав дахь хотын даргынхаа нүүр үзэхэд ийм “айхавтар юм”-тай тааралгүй, баргийн хүнийг аргалаад болоод байсан компанийнхан ч барьц алдан сандрахдаа өнгөрсөн хугацаанд хотын захирагчийг багагүй элдэвлэсэн. Зөвхөн Сүхбаатарын талбайгаар зогсохгүй, ТЕГ-ын урд талын Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын өмнөх Цэдэнбалын хөшөөт талбай, “Улаанбаатар” зочид буудлын урд талын Монгол, Туркийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ийн хоёрдугаар байрны өмнөх Оюутны талбай гээд хотын төвийн өнгөтэй өөдтэй газар бүхнийг нэг эзэнтэй компани эзэмшилдээ авсан байсныг тэрбээр олон нийтэд илчилж, газрын зөвшөөрлийг нь цуцлан, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор нийтийн эдэлбэр газарт шилжүүлсэн учраас арга ч үгүй биз.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил өнгөрсөн жилээс төлөвлөгөөнд орж, зураг төсөл, төсөв мөнгө нь батлагдан, дөрөвдүгээр сард бүтээн байгуулалт эхлэхэд хамгийн их улстөржүүлэн дэвэргэж, мушгин гуйвуулж байсан хүмүүс ч хаанаас угшилтай нь ойлгомжтой байв. Тиймээс энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдэг байр суурин дээрээ бат зогссон хүн бол хотын захирагч. Сонгууль ойртсон эмзэг, эрсдэлтэй цагт тийм шийдвэр гаргах зориг, зүрхтэй хүн үнэндээ ховор.

Дэлхий нийтээрээ эдийн засаг уруудах тийш хандаж, амьдрал амаргүй, орлого хүрэхгүй болж эхэлж байгаа нь үнэн. Гэвч нийслэл хот эрх үүргийнхээ хүрээнд хийх ёстой ажлуудаа шуурхай хийж байгааг бид бэлхнээ харж буй. Харин коронавирусээс ч хорлонтой бас нэгэн “цар тахал” манайд дэгдсэн нь 2020 оны УИХ-ын сонгуулиас улбаатай улстөржилт болоод байна. Угтаа сонгууль ч дуусаж, коронавирус ч арилж, Улаанбаатар хотын, Монгол Улсын ажил, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх нь жам билээ.

Бэлтгэсэн: Б.Магнай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)