Хүүхдүүддээ хүүхэд насыг нь үлдээе

Оросын хошин урлагийн од Е.Петросян, түүний гэргий, хамтран тоглодог Е.Степаненко нарын “Цагаан толгой” хэмээх алдартай харилцан яриа хэлбэрийн бүтээл байдаг. Евгений Ваганович өвөө, харин гэргий нь ач охины дүрд тоглодог. Жаахан охин таван нас хүрсэн тул өвөө нь цагаан толгойтой танилцуулж, үсэг нүдлүүлж байх хэрэгтэй гэж үзээд, хичээл эхлэх гэнэ. Өвөө “Энд А-Я” хүртэлх үсэгнүд байдаг юм. А-гаар эхэлсэн олон гоё үг байдаг гэж ирээд л зааж эхлэх гэхэд охин “Мэднэ ээ, жишээ нь А-гаар эхэлдэг Анфиса Чехова гэдэг үг бий” гэхэд өвөөгийн нүд орой дээрээ гарна. Зурагтаар шөнийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн дотно харилцааны тухай нэвтрүүлэг хөтөлдөг том хөхтэй бүсгүйн нэрийг яаж мэддэгийг асуухад бяцхан хүүхэд нь “Аав дандаа үздэг. Томчууд та нарыг унтаж байх хооронд бид зурагтаа гялс асаагаад үзчихдэг юм” гэдэг. Өвөөгийн толгой манараад л явчихна.

Өвөө “Д үсгээр эхэлсэн гоё үгнүүд бас бий. Жишээ нь, би чиний хувьд хэн билээ” гэж асуухад “Дурак старый” гээд, эмээ нь тэгж хэлдэг тухай хэнэг ч үгүй шулганадаг. Дедушка гэдэг үг хүлээж малилзаж зогссон өвөө нь сэтгэлээр унахад охин “Аав харин таныг тэнэг биш, хамгийн ухаантай гэсэн. Яагаад гэвэл эмээг хүүхдүүд рүүгээ явуулчихаад гэртээ ганцаараа зоргоороо жаргаж суудаг өвгөн” гэж хэлсэн хэмээхэд өвөөгийн сэтгэл ихэд зовнино.

“П үсгээр эхэлсэн хүүхэд бүрийн дуртай гоё үг бий, хэл дээ” гэхэд охин нүдээ эргэлдүүлэн тээнэгэлзэж байснаа аяархнаар “Пётр Петрович” гээд чимээгүй болно. Өвөө тэр нь хэн болохыг асуухад “Манай хөрш айлын хүн. Ээж түүнийг, эвдэрч хэмхэрснийг засаж өгдөг, үргэлж тусалж байдаг” гээд дандаа магтдаг. Ээжийн яриагаар бол хөрш ах манайд амьдардаг илжигнээс хамаагүй дээр гэсэн” гэхэд өвөө “Тэр илжиг нь хэн юм” гэхэд охин “Мэдэхгүй ээ, манайд нэг илжиг байдаг л гэсэн” гэхэд хүүг нь хэлж байгааг ойлгосон өвөө тэгсгээд дуугүй болдог. Энэ мэтчилэн өвөө, ач охин хоёр цагаан толгойн үсэг бүрийн тоогоор тааруухан утгатай үгнүүд хэлж, хэлэлцэх аядаж үзэгчдийг инээлгэдэг юм. Жаахан охин өвөөдөө “Та хүүхэд хаанаас гардаг тухай манай цэцэрлэгийн багш шиг худлаа ярив даа. Би сексийн тухай мэднэ шүү” гэж хэлэхэд өвөө нь эгээ л ухаан алдахаа шахна.

Энэ нь хэдийгээр хошин шог, зохиогчийн бичсэн харилцан яриа хэлбэрийн бүтээл ч гэлээ амьдралын тусгал билээ. Өнөөдөр аль ч үндэстний өдөр тутмын амьдрал, томчууд, хүүхдүүдийн бодол санаа, сэтгэлгээ ойролцоо. Монгол хүүхдүүд ч гэсэн томчуудынхаа үг, үйлдэл бүрийг хүлээж авснаараа, үг, хэллэг, үйлдлээрээ дамжуулан “гадагшлуулдаг”. Зарим нь шууд биш, жаахан ч гэсэн бодож, “боловсруулаад” гаргана.

Тэдний яриа хөөрөө, тоглож наадаж байгаагаас томчууд бид өөрсдийгөө харж болохоор. Ийм орчин, нөхцөлд эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд юу заах, хэлж өгөх, үзүүлж харуулахаа сайтар бодож, болох, болохгүйн заагийг тодорхой ялгаж өгөх цаг үеийн шаардлага тулгарч байна. Томчуудын биеэ авч яваа байдал, хийж буй үйлдэл, бүтээж байгаа үйлсээс хүүхдүүдийн минь ирээдүй шууд хамаарах нь. Аль ч нийгэмд ийм байсан байх. Гэхдээ төрөл бүрийн бизнес, технологийн дэвшил, цаг завын хомсдол, мэдээллийн хязгааргүй орон зай зэрэгтэй шууд хамааралтай XXI зууны орчин, ахуйд энэ шаардлага өмнө байгаагүйгээр тулгамдаж буй.

Томчууд аа, хүүхдүүд тань юу хийж, сурч, ямар үг хэллэгээр ярьж байгааг анзаарсан уу. Интернэт орчинд юу үзэж харж буйг нь мэддэг үү. Аав, ээжүүд ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ. Хааяа өөрсдөөсөө асууж байхгүй бол нэг мэдэхэд та охиноо, хүүгээ танихаа больчихсон байж мэдэхээр цаг үе иржээ.

Өмнө “Дээд айлын хүүхдүүд пижгэнэж л байг уу” хэмээх нийтлэл бичсэн. Тэр айлын хүүхдүүд одоо ч өнөө янзаараа. Жаалуудаас асуухад “Манай ээж гүйж харайж бай, өдөржин дэвхэрсэн биш” гэдэг юм” гэж урьд нь сонссоныг давтан хэлсэн. Ингэж хэлэхдээ тэд харцаа буруулж байна билээ. Ямар нэг хэмжээгээр буруугаа ойлгоод байх шиг. Гэтэл ээж нь гүйж, харай, доод айлынхан юу гэх нь ямар хамаатай юм гэсэн бололтой.

Дахин орж ярилцъя гэж бодож байтал нэгэн амралтын өдөр өнөө хүүхэн орцоор нэг сонсогдтол хашхирав аа. Нөхөр нь хөдөө ажилладаг, сардаа хоёр удаа ирээд буцдаг юм байна. Хүүхний ээж болон хадмуудад нь хувааж өгөх мөнгөнөөс болж асуудал үүсчээ. Нэлээд хашхирч байгаад утсаа тавив бололтой, гэртээ байгаа хүмүүс рүү цамнаж эхлэв. Хүүхэд нь уйллаа. Ийм хүнд “Хүүхдээ дээрээс битгий пижгэнүүлээд бай” гэж хэлэх нь үр дүнд хүрэхгүйг ойлгоод орохоо бүр больсон. Энэ ээжийг хүүхдэдээ ямар үлгэр дуурайл үзүүлж байна гэх вэ. Үүн шиг жишээ олон.

“Бяруу болоогүй байж бухын баасаар баах”, “Аавдаа авгай авахыг заах” гэхчилэн олныг нуршилгүй, учирласан ардын зүйр үгнүүд бий. Сүүлийн үед манай хүүхдүүд хаана, хэн зааж өгөв гэхээр муу муухай үг хэлдэг болжээ. Мэдээллийн хэрэгсэл, интернэтийн нөлөө байх гэж бодох ч, аав ээжийнхээ яриа, уур бухимдлаас олж авсан нь илт үг, өгүүлбэр амнаасаа унагахыг олонтаа сонсож байна. Хүүхдийн сэтгэл хиргүй тунгалаг, гэгээхэн сэн. Гэтэл долоон настай цэцэг цэврүү шиг цэмцгэр охин гурван настай дүүгээ “Хөөе, мал аа, нуруу нугас хугаллаа, цаашаа бай” хэмээн тээршааж байхыг сонсох хэчнээн эвгүй юм бэ. Тэр хүүхэд хэн нэгэн том хүн ингэж ярихыг сонсоод, ойлгосон ч бай, үгүй ч бай дүүдээ уурлахдаа ингэж хэлэв. Нэг удаа ингэж хэлж байгаа хүүхэд нэжгээд удаа давтаж таарна.

Найм, ес, арван настайдаа юу гэж хараах болж байна вэ. Мөн орчин үеийн хүүхдүүдийн санаа гэж “явчихсан”. Хөдөөний, сургууль завсардсан, 15-тай хүү архинаас хамааралтай болсон аавыгаа ойр зуурын ажилд “зарцлаад” ажлын хөлсийг нь их ч, бага ч өөрөө авдаг болохыг мэдэв. Эцэг нь ууж иддэг зуршлаасаа болоод хүүдээ ажлын хөлсөө өгч байя гэж зөвшөөрсөн юм байна л даа. Гэтэл өнөө ажлын чадвартай, харахад 20 хүрч байгаа гэхээр биерхүү хүү нь дугуй унаж дэмий сэлгүүцэнгээ хөлсөө дуслуулан нүх ухаж буй аавынхаа ажлыг байн байн очиж шалгана. Зүй нь бол аавдаа хайртай хүүхэд ажлаас нь хийлцэж тусалмаар. Эх нь эцгээс нь салсан нэртэй, охинтойгоо хотод амьдардаг юм билээ.

Энэ хүүг аав ээжийнхээ таарамжгүй байдлын золиос гэж ойлгохыг хичээх гэвч улс даяар ийм хүүхэд хэр олон байгаа бол гэж бодохоор Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань амьдралын, ялангуяа оюун санааны ямаршуу нөхцөл, орчинд өсөж өндийж байна даа гэж бодогдохоор. Саяын жишээнүүд бол томчуудаас дутахааргүй эрт “хөгширсөн” хүүхдүүдийн тухай байлаа.

Гэтэл томчууд хүүхдийг хувийн хэрэг явдал, нэр хүндээ өсгөх сонирхолдоо ашиглах гэсэн, ашиглаж байгаа жишээ мундахгүй. Хүүхдийг улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл ч болгох болов. Хамгийн сүүлд л гэхэд Орхон аймгийн харьяат, 10-хан настай Л.Бранижал охиныг “Хүүхдийн мөнгө авдаггүй” гэж хэлүүлэн, уйлж буй дүрсийг нь олон нийтэд цацлаа. Энэ нь АН-аас Орхон аймагт зохион байгуулсан “Монголоо сонсъё” өдөрлөгийн үеэр болсон явдал бөгөөд охиныг худлаа хэлж, уйлахад хүргэсэн ямар арга хэрэглэсэн нь анхаарал татаж байгаа юм. Учир нь охин худлаа ярьсан.

Түүнийг 2012 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжид тасралтгүй хамрагдаж байгаа, 2016 онд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд дараа оных нь нэгдүгээр сараас уг тэтгэврийг авч эхэлсэн тухай тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан тоот гэрчилж байгаа юм. Үүнийг эрх баригчдын үйл ажиллагааг харлуулах гэсэн, ард олноос юухан хээхнээр ч болов оноо авах гэсэн сөрөг хүчний ядарсан арга гэж үзье.

Гэтэл улсын Ерөнхий сайд хүртэл хүүхэдтэй холбоотой асуудлаар алдаа гаргасныг дурдалгүй өнгөрч боломгүй. Ард олноо, тэр дундаа багачуудаа нүдний цэцгий мэт хайрлах үүрэгтэй тэрбээр хүүхдүүдийг бүтэн өнчнөөр нь дуудаж, байр олголоо гэж орон даяар мэдээлсэн. Засгийн газрын тэргүүний түвшинд бүү хэл, хороо, дүүрэг, сургууль, цэцэрлэгт хүүхдийг хагас ч бай, бүтэн ч бай өнчнөөр нь дуудахаа больё гэсэн эерэг санаачилга гаргаад байхад ингэх ч гэж дээ гэж бодогдов.

Хувь заяаны төөргөөр эцэг, эхгүй, аль эсвэл хэн нэгэнгүйгээр нь өсөж өндийж буй хүүхэд олон бөгөөд тэднийг түмний дунд дутуу, дундуураар нь дуудах нь сэтгэл зүй, ёс зүйн хувьд зохисгүй, хүмүүнлэг бус үйлдэл. Энэ мэтчилэн хүүхдэд хайхрамжгүй хандах, хайраар дутаах бүрийд багачууд тэр хэрээр оюун сэтгэл, ухаан бодол, хүмүүжлийн хувьд дулимаг, хүмүүст яаж дутуу харагдаж, үнэлэгдсэн шигээ дундуур сэтгэлтэн болж төлөвших бус уу. Сэтгүүлчид мэдэрснээ бичих нэг хэрэг. Сэтгэлзүйчид, нийгэм судлаачид гээд энэ чиглэлд судалдаг, бодож, боловсруулдаг хүмүүс үүнд анхаарлаа хандуулах цаг болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)