Хүүхдээ шоронд ХООЛЛОЁ

Ерөөс хүүхдүүдээ шоронд хооллоё. Цэцэрлэгт оруулахын тулд өчнөөн хоног өнжин дугаарлаж, сугалаа шодон байж арайхийн албатай болгож байснаас л амар юм шиг санагдлаа. Сугалаа, эсвэл хандив, хахууль байх нь хамаагүй ээ.

13 мэх хэрэглэж байгаад хүү, охиноо улсын цэцэрлэгт оруулчихлаа гэж бодоход хүүхдүүд тэнд өдрийг өлөн зэлмүүн аргацаадаг гэж бодохоор яалт ч үгүй “төмөр тор” нь дээр байгаа биз. Шоронд хоригдож буй ялтнууд хоногт ядаж л 12000 орчим төгрөгийн хоол идэж байгаа. Улсын хэмжээнд ял эдэлж буй 7000-8000 хоригдол шинээр барьсан хорих ангиудын нэг өрөөнд ганц хоёроороо “тухалж”, жилд дунджаар 8-9 тэрбум төгрөг улсаас “аваад” сууж байдаг.

Гэтэл гурав, дөрөвхөн настай бяцхан жаалуудыг 50, 60-аар нь ямар ч агааржуулалтгүй, зай талбай хүрэлцээгүй орчинд, гадаа ч гаргахгүй хашиж байгаа нь төрөөс тэдний эрүүл мэндэд санаатайгаар заналхийлж буйгаас ялгаа алга.

Цэцэрлэгийн насны нэг хүүхдэд 2.5, 25 хүүхэдтэй нэг бүлэг дор хаяж 62.5 ам метр талбайтай байх ёстой. Энэ нь зөвхөн хүүхдийн тоглох, хичээл хийхэд зориулсан тасалгааны хэмжээ юм. Унтлагын өрөө нь тусдаа байх ёстой гэсэн үг. Гэтэл өдгөө багахан зай талбайг нь хуванцраар хийсэн тавиур, сандал, ширээ, шүүгээ тоглоом эзэлж, эдгээрээс химийн хортой бодис ялгаран, багачуудыг хордуулж байхад хэн ч тоохгүй өдий хүрснийг нь санаатай үйлдэл гэмээр.

Тэгэхээр хүүхдүүдээ өлсгөхгүй, агаар хүрэлцээтэй, гэдэс цатгалан байлгахын тулд “нарсанд” хүмүүжүүлэх санал гаргаж байна, ямар вэ. Улсын маань Ерөнхийлөгчийн нэг өдрийн хоолны төсөв 1.3 сая төгрөг, шоронгийн хоригдлуудынх 11650, харин цэцэрлэгийн хүүхдүүдийн хоногийн хоолны мөнгө 1650 төгрөг байгаа нь ингэж хэлэхэд хүргэсэн хэрэг.

Ерөнхийлөгч нь 800 орчим, хүн алж, хүрээ талсан нөхөд болохоор 10 хүүхдийн хоолны мөнгийг өдөрт нь “идчихдэг” гэхээр аймшигтай ялгаварлан гадуурхалт, эрүүл бус тогтоцоо биш гэж үү.

Та бодоод үз дээ. Хүүхдээ албанаас нь аваад харих замд цэцэрлэг-дэлгүүр-гэр гэсэн “маршрут” яалт ч үгүй бий болдгийг эцэг эхчүүд сайн мэднэ дээ. Дэлгүүрээс хүүхдийнхээ нэхсэн амттаныг авч өгөөд тооцоо хийхэд хэдэн төгрөг болдог билээ. Тэгтэл нэг ширхэг шоколад ч авч хүрэхгүй мөнгөөр хүүхдүүдийг хуураад 8-10 цаг өлсгөж байна.

Улсын цэцэрлэгүүд хүүхдүүдэд өглөөний цай уулгасан болоод 12.30 цагт үдийн хоол өгдөг. Ингээд 15.00 цаг хүртэл унтуулчихна. Сэрснийх нь дараа гар, нүүр, шүдийг нь угаалгаж байна гэсээр хичээл тарах цаг болж хүүхдүүд аяга сүү, атга пичень идсэн болоод тардаг жишиг бүх цэцэрлэгт л бий. “Хүүхэд маань өлсөж байна. Орой ирээд хоол нэхэх юм. Хоолондоо цадахгүй байна” гэсэн эцэг эхчүүдэд багш нар нь “Тийм л сайн юм бол хүүхдээ гаргаад, хувийн цэцэрлэгт оруулахгүй юү.

"Хэл ам гаргавал хөөнө” гэж дарамтална. Энэ хүмүүс юу идэж, уусан гэхээрээ ийм үзэл сурталтай болчихдог юм. Гэтэл дэлхийн олон улс өөрийн иргэнийг багаас нь хөгжүүлэх зорилгоор эхийн хэвлийд байхаас нь л хүүхэд хөгжүүлэх газрууд байгуулж байна.

Тухайлбал, АНУ-д Глен Доманы “Хүний оюуны чадавхийг хөгжүүлэх эрдэм шинжилгээний институт”, ОХУ-д М.Л.Лазеровын “Сонатал төв”, Япон, Индонез, БНХАУ, Европын орнууд эрүүл саруул, ухаантай иргэнтэй болохын тулд багаас нь шинжлэх ухаанчаар хөгжүүлж, хүмүүжүүлж байхад харин бид үр хойчоо шорон дахь ялтнуудаасаа ч дорд үзэх нь гашуудмаар.

2009 оны нэгдүгээр сараас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс 100 хувь даахаар болсон. Өмнө нь улсаас 329, эцэг эхчүүд 480 гээд нийт 809 төгрөгөөр хүүхдүүд бор хоног аргацааж байсныг сүүлд 1100 төгрөг болгож, нэмсэн юм. Харин 2012 онд хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг шинэчлэн тогтоож, 8-10 цаг ажилладаг улсын цэцэрлэгт явдаг нэг хүүхдэд өдөрт 1650, 24 цагийнхыг 2400 болгож нэмсэн.

Харамсалтай нь энэ мөнгө хүүхдийн хоол хүнснээс авах ёстой шимт бодист яагаад ч хүрэхгүй. “2012 онд төгрөгийн ханш чанга байхад 1100 төгрөг бас ч гэж гайгүй байсан” хэмээн зарим цэцэрлэгийн эрхлэгч нар ярьж байсан. Гэтэл одоо ам.долларын ханш бараг 2000 төгрөгтэй тэнцэж, өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ “тэнгэрт” тулчихаад байхад хэдий болтол өнгөрснөөрөө амьдарч, алаг үрсээ “өлсгөлөнд нэрвэгдүүлсээр” байх вэ.

Өнөө жил улсын хэмжээнд 257 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах байснаас 220 орчим мянга нь албатай болжээ. Өмнөх жилүүдээ бодвол цэцэрлэгийн хүрэлцээ сайжирсан юм байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 126.500 хүүхдээс 88 мянга нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм билээ. Эрүүл мэндийн болон БСШУ-ы сайдын 2005 оны хамтарсан тушаалаар 1-3 насны хүүхэд хоногт 1569.2, 4-6 настай бол 1770.1 ккал илчлэг авах ёстой аж.

Энэ тушаалыг бүх цэцэрлэг өдий хүртэл мөрдөж ажилладаг бөгөөд хүүхэд хоногт хэрэглэвэл зохих илчлэгийн хэмжээнийхээ 75-80 хувийг цэцэрлэгийн хоолноосоо авах шаардлагатай гэнэ. Ингэхдээ өглөөний хоолноос 20, бага үдийн цайнаас 10-15, үдийн хоолноос 35-40, их үдийн цайнаас 10-15 хувийн илчлэг тус тус авахаар тооцсон байна. Гэтэл 1650 төгрөгөөр ийм хэмжээний илчлэг, шимт бодисыг хүүхдүүд хүртэж чаддаггүй.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн хоолны мөнгийг 3000 төгрөг болгон нэмэгдүүлж, зөрүүг нь өөрсдөө гаргая гэсэн саналыг БСШУЯ-нд уламжилсан гэнэ лээ. Болохгүй бол ингэхээс өөрөөр яах билээ. Хятад, Сингапур, Америк, БНСУ, Орос, Дани, Чех зэрэг олон улсад цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлын хагасыг эцэг эхчүүд нь төлдөг учраас хаа хаанаа хариуцлагатай ханддаг. Төр хүүхдүүдийг ингэж өлсгөх байсан юм бол анхнаасаа хоолны мөнгийг нь даах хэрэггүй байсан юм шүү дээ.

Дээрээс нь муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны зургадугаар сард 207 тоот тушаал гаргаж, цэцэрлэгийн хүүхдийн хоногт авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, шимт бодис, илчлэгийг хасчихсан.

Ингэхдээ 1-3 настай хүүхэд өдөрт мах 110, будаа, гурилан бүтээгдэхүүн 135, ногоо 220, сүү, тараг 400, жимс 120, цөцгийн тос 15 граммыг идвэл шаардлагатай шимт бодисоо авдаг байсныг хүчингүй болгож, мах 32, ногоо 95, цагаан идээ 335, жимсийг 30 граммаар тус тус хумсалснаар багачууд бүр ч ихээр “харангадах” болсон. Өмнө нь 1569.2 ккал илчлэг хоолноосоо авдаг байсан 1-3 настнууд одоо 1100 ккал, харин 4-6 настнуудынх 670 ккал-оор багассан байна лээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн гаргасан “Гэр” зөвлөмжид балчир болон цэцэрлэгийн насныхан үр тариа, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү, цагааан идээ, жимс, жимсгэнэ гэсэн таван төрлийн бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай гэж заасан байдаг ч цэцэрлэгүүд тэр бүр үүнийг дагаж мөрддөггүй. Тэгэхээр бүгдээрээ хүүхдүүдээ шоронд өдрөөр өгч, 11650 төгрөгийн хоол идүүлбэл хавьгүй дээр юм биш үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)