Хүүхдээ бүтэхгүй зүйл ярьсан ч бүү шүүмжил

Найман настай Сара “Аав намайг хуульч, ээж эмч болгох дуртай. Харин өвөө өөртэйгөө адилхан багш болгохыг хүсдэг бол эмээ бүжигчин бол хамгийн сайхан мэргэжил хэмээн баталдаг. Тэдний хүслийг биелүүлнэ гэвэл би галзуурах байх” гэсэн жишээг нэгэн гүн ухаантан номдоо дурдсан байдаг. Үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлж, сайхан амьдрал бэлэглэн, ирээдүйг нь хамтран бүтээхийг хичээх нь эцэг, эхчүүдийн хүсэл. Магадгүй үндсэн үүрэг нь. Үүнийг л биелүүлэх гэж аав, ээжүүд хичээнгүйлэн ажиллаж, ахуй амьдралаа өдрөөс өдөрт сайжруулахыг зорьдог гэвэл буруудахгүй. Эл алхам бүрээ томчууд хүүхдүүдийнхээ төлөө хэмээн тунхагладаг. “Таван төгрөг олох гэж сунатлаа ажиллаж байна, чиний төлөө шүү” гэх үгсийг дуулаагүй хүүхэд ховор болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ орчин үед хүүхдэдээ тавих эцэг, эхчүүдийн анхаарал суларч, өөрсдийн бодлыг хүчээр тулгах, хувийн асуудалд нь хэт оролцох, эсвэл тэдэнтэйгээ ярилцахаа больсныг мэргэжилтнүүд хэлж байна. 

Нэг жишээ татъя. 16 настай Г охин жирэмсэн болжээ. Үүнээс болж аав, ээждээ зодуулж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн харьяа, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвд ирсэн байна. Бэлгийн болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн охиныг хорооных нь цагдаа тус төвд хүргэжээ. Шөнөжин шахам охиноо уйлуулж, хашхирч, зодсоныг сонссон хөрш нь цагдаад мэдэгдсэн аж. Охиноо “шийтгэсэн” аав, ээж хоёр хүүхдийн эцгийг нь олохоор шүүх, цагдаад ханджээ. 24 настай, хөгжлийн бэрхшээлтэй залуу “баатраар” тодорсон гэнэ. Тэр залуу нь “Г-г 16 настай гэж мэдээгүй. 21 настай гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд ч бид харилцан тохирсны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон” хэмээн учирлажээ. Охин ч үүнийг хүлээн зөвшөөрсөн аж. Айлын ганц охин Г-д сэтгэлээ нээж ярилцах, өөрийг нь хайрлах, ойлгох хүн хэрэгтэй байсан тул интернэтээр нэг залуутай танилцан, улмаар дотносожээ. “Сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, намайг ойлгодог цорын ганц хүн, түүнгүйгээр амьдрах сонирхол алга” хэмээн Г уйлан ярьсан байна, сэтгэлзүйчид. Архинд дуртай аав, охиндоо төдийлөн анхаарал тавьдаггүй ээжээс болж ийм байдал үүссэн. Г-гийн ээж “Нөхөр минь архи уудаг ч бид хоёрыг юугаар ч дутаадаггүй. Охиноо сургалт сайтай, хувийн сургуульд явуулж, хэрэгтэй бүхнийг нь авч өгдөг. Харин тэр сургууль нь хүүхдийг сайн хүмүүжүүлдэггүй, нийгэмшүүлдэггүй, аливаа зүйлийн сайн, муугийн талаар зааж, зөвлөдөггүй юм байна. Хүүхэд ийм байдалд хүрсэнд багш нар буруутай” хэмээн цамнажээ. 

Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихаа шинэ хувцас, эд зүйл авч өгөх, ямар дүн авсныг нь асууж шалгаах, халаасны мөнгөөр таслахгүй байх, хэрэгцээг нь хангах төдийгөөр хязгаарладгийн жишээ энэ. Ийм байдал хавтгайрсныг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн сэтгэл судлаач, нийгмийн ажилтан Б.Энхчимэг хэлсэн юм. Тэрбээр “13-18 насны хүүхдүүдэд тохиолддог нийтлэг бэрхшээл бол ганцаардал. Тэд энэ насандаа том хүн болсон мэт мэдэрч, эцэг, эхээсээ “хөндийрдөг”. Мөн бэлгийн бойжилт нь эхэлдэг тул ямар ч асуудалд эмзэг, соргог хандаж, сонирхол нь нэмэгддэг. Эцэг, эхчүүд эл сэдвийг нь хөнддөггүй “тойруулдаг”. Охидод “Жирэмсэлж болохгүй”, хөвгүүдэд “Айлын охиныг жирэмсэн болгов” гэж анхааруулахаас өөр зүйл бараг хэлдэггүй. Энэ бол маш буруу. Хүүхэд татгалзаж, зайлсхийж байсан ч ямар нэг аргаар харилцан ярилцах хэрэгтэй. Энгийн жишээ авч, бага багаар ярилцсаар сайн ойлголцдог болно. Хамгийн гол нь илэн далангүй байх хэрэгтэй” хэмээв. Үүнээс гадна хүүхэд бүрт хүсэл, мөрөөдөл бийг ойлгохыг хичээх ёстойг тэрбээр сануулсан. Зарим охин эрт гэр бүл зохиож, ээж болохыг хүсдэг. Энэ нь тэд багадаа хайр халамж дутуу, аав, эсвэл ээжгүй өссөнтэй нь холбоотой гэнэ. Ийм орчинд өссөн охид насанд хүрээгүй байхдаа эр хүнд татагдах, яаран сонголт хийх хандлагатай байдаг аж. Ингэснээр хүчирхийллийн золиос болох, тааламжгүй амьдралд хөл тавих, сэтгэл гутралд өртөх магадлалтай гэнэ. Эндээс харахад, нэг хүний хүмүүжил, боловсрол, хариуцлага, төлөвшил нэлээд олон хүний хувь заяанд нөлөөлж, сайн, муу үр дагаврыг он удаан жил дагуулдгийг ойлгож болно. 

17 настай Х гэрээсээ “зугтаад” гурван долоо хоножээ. “Надад энд байх хүсэл алга. Та нар миний бодлыг хэзээ ч сонсдоггүй, намайг дэмждэггүй” гэсэн зурвас ээждээ илгээгээд явсан байна. Аргаа барсан ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэн, эрж хайсан ч олсонгүй. Багагүй хугацааны дараа жижигхэн зочид буудалд архи, тамхи хэрэглэн, хоног төөрүүлж байсан түүнийг найзуудынх нь тусламжтайгаар олсон гэнэ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн лицейд амжилттай сурч “алтан” гартай эмч болох нь хэмээн магтуулж байсан хүү нэг л өдөр эл мэргэжилд дургүйгээ хэлжээ. Аав, ээж нь маш их уурлаж, эмчийн ажлын сайхныг ухуулж ядсан байна. Хүүгийнх нь сонгох мэргэжил байгаль хамгаалагч байсанд урам нь хугарсан тэд түүний боловсролд, хамруулсан дугуйлан, дамжаанд зарцуулсан мөнгө, цаг хугацааг дурдан халагласан юм байх. Ийм тохиолдлыг сэтгэлзүйч үнэлэхдээ “Хүүхдээ хичээл давтахыг хэт их шаардах, олон дамжаанд хамрагдахыг санал болгох, ямар мэргэжил эзэмших талаар өөрийнх нь бодлыг асуухгүй байх нь тэднийг сэтгэл зүйн дарамтад оруулдаг. Хүүхэд бүрт өөрийн хүсэл, сонирхол бий. Ойлгож, сонсож, бүтэхгүй юм ярьсан ч загнах бус хүлээх нь зөв. Хүүхэд тань алдаа гаргасан ч шүүмжлэлгүй байж, ойлгуулах нь чухал. Түүнчлэн ямар мэргэжил эзэмшвэл хэрэгтэй, эсэхийг биш, хэн болбол аз жаргалтай, сэтгэл хангалуун байх талаар ярилцаж, зөвшилцөж, сонирхлынхоо дагуу хөгжихөд нь туслах хэрэгтэй. Хүүхэд бүрт хүсэл бий, түүнийг нь хүндэтгээрэй” хэмээн ярив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)