Хүүхдийн өвчний дуудлага ихэсжээ

Хүйтний эрч чангарснаас хойш хүүхдийн өвчлөлийн яаралтай тусламжийн дуудлага нэмэгдсэнийг ЭМЯ-наас өчигдөр мэдээллээ. Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд энэ сарын 12-13- нд 2067 дуудлага ирснээс 460-д нь тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол бусдад нь зөвлөгөө өгсөн аж. Нийт дуудлагын дийлэнх хувийг осол, гэмтлийн болон хүүхдийн өвчнийх байжээ. Улсын хэмжээнд өдгөө томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна. Өвчлөл 10 000 хүн тутамд 18 байгаа бөгөөд оргил ачааллын үеэр уг үзүүлэлт 110 хүрдэг юм.

Улирлын томууг угтуулж 509 500 хүн/тун вакцинаар зорилтот бүлгийнхнийг дархлаажуулах 10 хоногийн аяныг энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Одоогоор дээрх бүлгийнхнийг бүрэн хамруулж дуусаагүй, дархлаажуулалтыг үргэлжлүүлж буйгаа албаныхан хэллээ. Ханиад, томуу нь хүний эрүүл мэнд болон улсын эдийн засагт жил бүр асар их дарамт учруулдгийг графикт үзүүлэв. Тиймээс хүүхэд, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийттэй харилцдаг ажил, мэргэжлийнхэн өвчлөлд өртөмтгий байдаг тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Бэлтгэсэн: О.Оргилох 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)