Хүүхдийн эмнэлгийн барилгад энэ онд нэг тэрбум 400 сая төгрөг төсөвлөлөө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны Газрын дарга, улсын томоохон эмнэлгийн удирдлагууд амралтын өдрүүдээр Орхон, аймагт ажиллалаа. Уг ажлын хүрээнд ЭМГ, БОЭТ, “Медипас” оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна  БОЭТ-д ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ пургон маркийн 2 ширхэг түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө. Мөн  аймаг, орон нутгийн зүгээс энэ үеэр Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт ашиглаж байсан LAND CRUISER-70 загварын нэг машиныг  алсын дуудлагад ашиглуулахаар бэлэглэлээ. Энэ нь Орхон аймгийн Засаг даргын баримталж буй бодлогын хүрээнд Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусламжийг шуурхай болгох зорилтын хүрээнд хотын доторхи түргэн тусламжийн дуудлагад 20 минутын дотор хүрч үйлчилдэг болоход ойртсон бас нэг алхам болж байгаа юм.

Хүүхдийн эмнэлгийн барилгад энэ онд нэг тэрбум 400 сая төгрөг төсөвлөлөө

Орхон аймгийн БОЭТ нь зөвхөн Эрдэнэт хотын төдийгүй Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зэрэг хангайн бүсийн аймгуудын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг тул хүчин чадлаасаа хэд дахин илүү ачаалалтай ажилладаг. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүдийг байгуулж БОЭТ-ийн ачааллыг багасгах бодлогыг  баримталж буй орон нутгийн удирдлагуудыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайшаасан юм. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БОЭТ-д өвчтөний амьсгалыг дэмжих, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх аппарат бэлэглэлээ. Хүүхдийн тасгийн өргөтгөлийн барилгад дутагдаад байсан 1 тэрбум 400 сая төгрөгийг 2017 оны төсөвт суулгаж өгснөөр энэ барилга түргэн хугацаанд ашиглалтад орох бололцоо бүрдэж байгааг уулзалтын дашрамд дуулгалаа. Түүнээс гадна  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 70 орчим тэрбум төгрөгөөр баригдаж, Японы техник технологиор бүрэн тоноглогдсон “Медипас” эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлснээр энгийн иргэд үйлчилгээ авах боломжгүй байгаа асуудлыг Орхон аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон иргэд хэллээ. Иймд уг асуудлыг нарийн судалж боломжит хувилбарыг гаргахаар боллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)