"Хүүхдийн эмгэг судлалын тасаг, сургалтын танхим" нээлтээ хийнэ

Монгол Улсын анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Түүний мэндэлсний 90 жилийн ойд зориулж, Эмгэг судлалын үндэсний төвөөс “Эх, хүүхдийн эмгэг судлал” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр ЭХЭМҮТ-ийн гуравдугаар байранд зохион байгуулна. Мөн тус өдөр эмгэг судлаач эмч Базарын Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг, сургалтын танхимын нээлтийн ёслолын ажиллагаа болох юм. Тус үйл ажиллагаанд Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга, ХБНГУ-ын профессор Иохем Алфер, Ахмад эмгэг судлаач эмч Г.Сүхээ, О.Норов болон Б.Гомбо агсны үр хүүхдүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцоно.

Анагаах ухааны доктор Б.Гомбо нь багш, эрдэмтэн, эрүүлийг хамгаалахын нэрт зохион байгуулагч хүн байсан бөгөөд тэрээр 1955 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн хүн эмнэлгийн анги дүүргэж, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар очжээ. Түүнчлэн доктор Б.Гомбо нь Улаанбаатар хотын Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт эмгэг судлаач, лабораторийн эрхлэгч, ерөнхий эмч зэрэг албан тушаалыг хашахын зэрэгцээ Анагаах ухааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, секторын эрхлэгч, эмгэг судлалын лабораторийн удирдагчаар ажиллаж байсан байна.

Монголын анхны эмгэг судлаач Б.Гомбо нь анагаах ухааны докторын зэргээ “Улаанбаатар хотын хөхүүл болон бага насны хүүхдийн гэдэс ходоодны өвчний үед гэдсэнд гарах патоморфологийн өөрчлөлт” сэдвээр Москва хотод хамгаалсан бөгөөд “Хүүхдийн уушгины үрэвсэл, зарим гажиг хөгжил”, “Хүүхдийн төрөлхийн гажиг хөгжил” зэрэг ном бүтээл туурвисны зэрэгцээ 13 өгүүлэл, 34 илтгэл хэвлүүлж, эмнэлгийн практикт нэвтрүүлсэн дөрвөн ажилдаа оновчтой саналын гэрчилгээг гардан авч байсан юм. Түүний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж, “Эрүүлийг хамгаалахын тэргүүн ажилтан”, Засгийн газрын хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж урамшуулсан бөгөөд 1987 онд Польш улсын Рабкагийн диплом, Я.Рудникийн хүрэл медалийг хүртэж байсан гавьяатай билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)