ХҮҮХДИЙН ШҮД үнэгүй эмчилнэ хэмээх “шоу”

Хорхойтсон шүднээсээ болж хүүхдүүд эрүүгээ тайруулахад хүрч байгаа энэ цаг үед “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгтэй. Бүр маш их хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд манай улс хүүхдийн шүдний өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд явна. 

болсныг тус тасгийнхан хэлэв.

Шүд цоорох өвчний хор хөнөөлийг хүмүүс тэр бүр мэддэггүйг дээрх баримт гэрчилж байна. Улсын хэмжээнд 18 хүртэлх насныхны 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй, 5-6 настай багачуудын 94 хувийнх нь шүд хорхойтой гэсэн судалгааг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан гаргасан. Эдгээр тоо баримтад үндэслэн, 2018 оны наймдугаар сард “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, 2019 оноос улс даяар хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн билээ. 50 тэрбум төгрөгийн “үнэтэй” эл хөтөлбөр эхнээсээ л хэл ам таталж ирсэн нь нууц биш. “Хүүхдийн шүд эмчлэх нэрийдлээр 50 тэрбум төгрөг салхинд хийсгэх нь” хэмээн хардах хүмүүс байхад “Чихэр, ундааны төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахгүй бол 100 тэрбум төгрөг цацаад ч үр дүнд хүрэхгүй. Монгол Улс хэрэгцээнээсээ 10 дахин их чихэр импортолдог. Үр дагавар биш, шалтгаантай нь тэмцмээр байна” гэх хэсэг бүлэг ч байсан юм.

Энэ сарын 8-наас орон даяар хэрэгжүүлж эхэлсэн “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн үнэн төрхийг тольдох гээд оролдъё. Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй “Улсаас хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж эхэллээ” гэх мэдээ байв. “Мэдээ” гэж тодотгосон учир нь дээрх хөтөлбөр сайд, дарга нарын яриад байгаа шиг тийм ч тодорхой биш аж. “Нэг хүүхдийн шүдийг 60 мянган төгрөгөөр эмчлэхээр тооцож, хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулсан” хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас мэдээлсэн. Гэвч зарим хувийн эмнэлгийн удирдлага, эмч нар “Бидэнтэй гэрээ байгуулаагүй. Материал нь тэнцсэн 199 эмнэлэг бий. Хөтөлбөрөө хэрэгжүүлэх тушаал, журмыг тодорхой болгоогүй байж сайд, дарга нар яаран мэдээлж, “Хүүхдийн шүдийг эмчлэх зардлыг улсаас 100 хувь санхүүжүүлнэ” гэж иргэдийг төөрөгдүүллээ. Эцэг, эхчүүд эмнэлгүүд рүү зогсоо, зайгүй утасдаж байна. Хүүхдийнхээ шүдийг бүгдийг үнэгүй эмчлүүлнэ гээд ойлгочихож” хэмээсэн.

Улсын хэмжээнд 18 хүртэлх насны нэг сая орчим хүүхэд бий. Тэдний дундаас 2-12 насныхныг сонгон, “соёлын довтолгоон”-д хамруулах юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл, шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэхдээ 2-12 насны 725 000 хүүхдийн шүдийг бүгдийг эмчилнэ. Үр дүнд нь шүд цоорох өвчний тархалтыг 30 хувь бууруулна” гэж ярьсан. Тэгвэл АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан гаргасан судалгаанаас үзвэл “хорхойтой” хүүхдүүдийн олонхынх нь 6-8 шүд цоорсон. Үүнээс болж байнгын шүд нь орсгой, хазгай ургаж, зуултын гажиг үүсгэх болсон байна. Хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлнэ гэвэл шүдийг нь бүрэн эмчлэх ёстой. Гэтэл 6-8 шүд нь хорхойтой хүүхдүүдийг яах вэ.

Энэ хөтөлбөрөөр битгий шоудаач, сайд, дарга нар аа. Асуудалд ул суурьтай хандмаар байна. 50 тэрбум төгрөг татвар төлөгчдийнх. Бас нэг хөтөлбөрийг самарч, үр дүнгүй болгох нь уу. Хүүхэд ганцхан удаа хамрагдах эрхтэй “тэнгэрийн” эл хөтөлбөрөө хөрсөнд буулгах хэрэгтэй болжээ. “Улсын хэмжээнд 1100 гаруй шүдний эмч бий гэх ч тэдний 80 гаруй хувь нь хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажилладаг. Ингээд зогсохгүй хүүхдийн мэргэшсэн эмч тэдний дунд бараг байхгүй тул энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх шаардлагатай” гэж ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга хэлж байлаа.

Нэг хүүхдийн эмчилгээний зардал буюу 60 мянган төгрөгт урьдчилан сэргийлэх үзлэг, шүдний сувгийн эмчилгээ, ломбо тавих, цоорлоос хамгаалах болон зогсоох түрхлэг, шүд авах зэрэг үйлчилгээг багтаасан нь эмнэлгүүдэд хүнд тусаж байгаа аж. Тиймдээ ч зарим нь эл хөтөлбөрөөс татгалзаж эхэлсэн сурагтай. Учир нь 60 мянган төгрөг нь хүүхдийн ганц л шүдийг эмчлэхэд дөнгөж хүрэлцэх аж. Үүнд нь хэт авиан олон удаагийн оношилгоо, сувгийн эмчилгээ, ломбо тавих зэрэг үйлчилгээ багтдаг байна.

725 000 хүүхдийн шүдийг нэг жилд үзэж, эмчилж дөнгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс өнөө жил улсын төсвөөс дөрвөн тэрбум гаруй төгрөг гаргаж, 2-6 настай хүүхдүүдийн нэг шүдийг л эмчлэх юм. Шаардлагатай бол 7-12 насныхны шүдийг эрүүлжүүлэх уян хатан нөхцөлтэй гэнэ билээ.

Д.Сарангэрэл сайд “Хөтөлбөрийн хүрээнд 2-12 настай хүүхдийн шүдний цоорлыг бүрэн эмчлэх зорилт тавьсан. Мөн бүх насныханд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгож, зөв дадал хэвшилд сургана. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Хэрэгжилтийг цахимаар хянана. Улаанбаатар хотод 115, орон нутагт 84 эмнэлэг шүдний үзлэг, эмчилгээ хийнэ” гэж мэдээлсэн. ЭМДЕГ-ынхан “Урьдчилан сэргийлэх үзлэг, цоорлын эсрэг түрхлэг түрхүүлсэн байлаа ч тухайн хүүхдийн зардалд 60 000 төгрөгийг үйлчлүүлсэн эмнэлэг рүү нь шилжүүлнэ. Тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээнээс илүү гарсан мөнгийг 2-3 шүд нь өвчилсөн бусад хүүхдэд зарцуулна” гэсэн юм.

Гэвч “Эмчилгээний удирдамжид хувийн эмнэлгүүд хэрхэн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаарх мэдээлэл бүрхэг. “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрт заасны дагуу эмчилгээнд хэрэглэх материалыг нь нарийвчлан зааж өгөөгүй, үйлчлүүлэгч эмнэлгээ сонгохгүй, харьяа дүүргийнхээ гэрээ бүхий эмнэлэгт хандана. Тухайн хүүхдийн эмчилгээний давтамжийг сайн тодорхойлох, жишээ нь, цоорлоос хамгаалах түрхлэг гэхэд сайн нь 9000 төгрөг. Үүнийг гурван сар тутамд түрхүүлэх ёстой. Бусад зардлыг нэмэхээр юу болох вэ. Эмнэлгүүд төсөвтөө тааруулах гэж чанаргүй, муу материал сонгох магадлал өндөр байна” хэмээн хувийн эмнэлгийнхэн ярьсан.

Эрүүл мэндийн салбарт үр дүнгүй шахам болсон төсөл, хөтөлбөр нэг биш. Тэдний нэгэн адил замхарчих вий гэх болгоомжлол олны дунд бий болжээ. Салбарын мэргэжилтнүүд хөтөлбөрт шаардлагатай 50 тэрбум төгрөгийг 2-12 насны 725 000 хүүхдийн тоонд хуваагаад зардлыг нь тооцчихсон бололтой. Хүүхдүүдийн нэг, нэг шүдийг эмчлэх нийт зардал 43.5 тэрбум төгрөг болж байна. Үлдэгдэл мөнгөөр нь ирэх таван жилд иргэдийг амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлд төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа хийх, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ шүдээ угаах орчин нөхцөл бүрдүүлэх гэнэ. Мөн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулахад зарцуулах аж.

Хүүхэд бүрийг эл хөтөлбөрт хамруулах гэж хэт улайрч байхаар эмчилгээ, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай буюу олон ам бүлтэй, хагас, бүтэн өнчин, өрх толгойлсон, амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд нэн тэргүүнд анхаармаар байна. Тэдний нэг биш, өвчилсөн бүх шүдийг утгаар нь эмчилбэл хөтөлбөр үр дүнд хүрэх нь гарцаагүй. Эрүүл мэндийн мэдлэгтэй, боломжийн болон түүнээс дээш амьдралтай хүмүүс хүүхдийнхээ шүдийг эмтрэх төдийд эмчлүүлчихдэг юм билээ. Бусадтайгаа нэг их барьцаад байхгүй л болов уу.

Шүд цоорох өвчин хүндрэхээрээ эрүү, нүүрэнд гажиг үүсгээд зогсохгүй зүрх, бөөр зэрэг амин чухал эрхтнийг гэмтээдэг. Тиймээс “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол ирээдүйд шүдний цоорлоос үүдэлтэй дотор эрхтний өвчтэй нэгэн шинэ үе төрөх нь, та минь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)