Хүүхдийн хорт хавдар хөтөлбөр боловсруулахыг “шаардаж” байна

child cancer

Манай улсад одоогоос 20 гаруй жилийн өмнө хүүхдийн 1-2 төрлийн л хорт хавдар бүртгэгддэг байж. Харин өдгөө энэ тоо 10 дахин нэмэгдсэнийг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлэв. Монгол Улс саяхныг хүртэл хүүхдэд тохиолдож буй хавдрын талаар нэгдсэн судалгаа хийгээгүй, эмнэлгүүд үргэлж зөрүүтэй тоо хэлдэг байв. Харин ЭХЭМҮТ-ийнхөн үндэсний хэмжээнд 0-19 насны хүүхдийн хортой, хоргүй хавдрын тархалт, өвчний онош, төрлөөр анх удаа нарийн судалгаа хийжээ. Энэ нь хүүхдийн хавдартай тэмцэхэд чухал баримт бичиг болох учиртай.

2015 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар хавдартай хүүхдүүдийг эмчлэх үүргийг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн байдаг. Энэ нь хүүхдийн эмч нар уг өвчнийг илүү үр дүнтэй эмчилдэг гэх дэлхий нийтийн чиг хандлагыг дагасан хэрэг. ХБНГУ 20 жилийн турш энэ асуудлаар маргалдаж, дээрх шийдвэрт хүрсэн бол манайхан үүнээс гурав дахин богино хугацаа зарцуулжээ. Гэхдээ хүүхдийн тархины хавдрын мэс заслыг улсын хэмжээнд мэдрэл, зүрх, судасны нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг гэдгээрээ Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн гардан хийдэг. 1.5 сая хүнтэй хотод туяа эмчилгээг нэг доор төвлөрүү­лэх шаардлагатай гэж үздэг тул хавдрын энэ төрлийн үйлчилгээг ХСҮТ-д үзүүлдэг билээ. Эдгээрээс бусдыг нь буюу хүүхдэд тохиолдож буй бүх төрлийн хавдрын мэс засал, химийн, хөнгөвчлөх эмчилгээг ЭХЭМҮТ-д хийж байна. Тус төвийн захирал Ш.Энхтөр “Манайхан хүүхдийн хавдрын тархалтыг тогтооход хоёр жил зарцуулсан. Үндэсний статистикийн хороо, ХСҮТ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн болон манай тоо баримт хоорондоо асар зөрүүтэй байлаа. Энэ хэрээр нийгэмд бухимдал үүсгэдэг байв. Тухайлбал, зарим хүүхдийн овог, нэр, регистрийн дугаарын тоо, үсэг зөрснөөс болж 2-3 эмнэлэгт давхар бүртгэлтэй байсан. Иймэрхүү зөрүүтэй мэдээллийг цэгцлэхэд бүтэн жил зарцуулж, судалгаагаа боловсрууллаа. Улсын хэмжээнд 2014 онд 556 хүүхэд хавдартай байсан бол 2018 онд 702 болж нэмэгджээ. Цаашид нэмэгдэх хандлагатай нь судалгаагаар тогтоогдсон. Хоргүй хавдрын нэр, төрөл хортойгоосоо олон бүртгэгддэг ч аюул, хөнөөл багатай. Энэ төрлийн өвчний тохиолдол жил бүр ижил түвшинд оношлогдож байхад хорт хавдрынх 2014 онд 134, өнгөрсөн онд 260 болж өсжээ. Энэ бол аюул. Олон улсын аргачлалаар авч үзвэл 0-19 насны 10 000 хүн амд ногдох хавдрын өвчлөл сүүлийн таван жилд 5.1-5.5 болж нэмэгдсэн” гэлээ.

Хүүхдийн хавдар ганц Монголд бус, дэлхийн улс бүрийн тулгамдсан асуудал юм. Цэнхэр гараг дээр жил бүр 300 мянган хүүхэд хавдартай нь оношлогдож, үүний улмаас нас барсан багачуудын тоо олон улсын эрдэмтдийн санааг зовоох хэмжээнд хүрэв. Дэлхий дахинд хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд осол, гэмтэл ордог бол удаах байрт хавдрын өвчлөл жагсаж байгаа нь харамсалтай. ДЭМБ-ын Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг өнгөрсөн онд 185 улсад судалгаа хийхэд хүүхдийн хавдар Австралид хамгийн их оношлогддог бол үүнээс шалтгаалсан нас баралтаар Ази тив “тэргүүлж” байна.

Хэдийгээр хүүхдийн хавдрын тохиолдол цөөн ч насанд хүрэгчдийнхтэй харьцуулшгүй. Дэлхийн хүүхдийн хавдрын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар зонхилон тохиолддог хавдрын 95 хувийнх нь шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэхдээ ихэнхдээ удамшлын шалтгаантай үүсдэг ч хэзээ, яаж, хаана, яагаад ургасан нь “нууц”. Нөлөөлөх хүчин зүйлийн тоонд мэдээж агаар, орчны бохирдол, эцэг, эхийн хорт зуршил, хүнсний аюулгүй байдал “чухал үүрэгтэй”.

Сүүлийн жилүүдэд төр, засаг насанд хү­рэгчдэд зонхилон тохиолддог хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний аргыг илүү боловсронгуй болгохоор олон ажил хийж буй нь сайн хэрэг. Гэхдээ хүүхдүүдийн урдуур “хөшиг татаж” болохгүй. Үүний учрыг одоо сийрүүлье. 2015 оны тавдугаар сарын 18-26-нд ДЭМБ-ын 68 дугаар чуулган Швейцарын Женев хотод болсон бөгөөд хүүхдийн хавдрын асуудлыг анх удаа хөндсөн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Бүх улс оронд хүүхдийн хавдрын эмчилгээний загварыг илүү боловсронгуй болгох, эмийн хүртээмжийг сайжруулах, эрт оношлох, эмч, эмнэлгийн ажилтны ур чадварыг сайжруулах гэсэн дөрвөн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Өнгөрсөн онд мөн тус байгууллагаас улс, орнуудын Засгийн газарт хандан, хорт хавдрын тогтолцоог бэхжүүлэхэд удирдлагын болон техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр” гаргажээ. Үүний тэргүүн зорилго нь 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээшлүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавив.

Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн хавдрын эмчилгээний үр дүн 80-90 хувьтай байхад ядуу, буурай оронд энэ үзүүлэлт 3-4 дахин бага. АНУ 2021 он гэхэд шалтгаан нь тодорхой хавдрыг бүрэн эмчлэх зорилт дэвшүүлжээ. Манай улсын хувьд холбох ба бусад зөөлөн эдийн, яс ба үений мөгөөрсний, өөхөн эдийн, тархи ба төв мэдрэлийн тогтолцооны, бусад хэсгийн хоргүй хавдар зонхилж байна. Харин хортой хавдрын дотор тунгалгийн цус төлжүүлэх ба энэ төрлийн өмөн буюу цусных, нүд түүний дайвар, зөөлөн эдийнх, тархи, нугасных зонхилон тохиолдож байгааг “Монгол Улс дахь хүүхдийн хавдрын өвчлөл”-ийн судалгаанд онцолжээ. Ийм хавдартай хүүхдүүдийн амьдрах чадвар, эмчилгээний үр дүнг тус судалгаанд улаанаар тэмдэглэсэн байв. Цусны хорт хавдар дотроо 3-4 төрөл бөгөөд 70-80 хувь нь лимфолейкоз буюу цагаан эсийнх ихэвчлэн оношлогддог аж. Өвдсөн хүүхдийг хянах дундаж хугацаа 2.7 жил, амьдрах чадвар нь 69.6 хувьтай байна.

...Улсын хэмжээнд 2014 онд 556 хүүхэд хавдартай байсан бол 2018 онд 702 болж нэмэгджээ. Цаашид нэмэгдэх хандлагатай нь судалгаагаар тогтоогдсон...

Манайх шиг хөгжиж буй орны хувьд энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд ДЭМБ-ын 2030 онд хүрэх зорилтыг биелүүлэв. Гэхдээ үүнийг 90, 10 жилийн дараа 95 хувьд хүргэх боломжтой гэж ЭХЭМҮТ-ийнхөн үзсэн. Тэгвэл мезотел, зөөлөн эдийн хорт хавдартай хүүхдийг дунджаар 2.2 жил хянадаг бөгөөд эмчилгээний үр дүн 72.2 хувьтай байгаа аж. Тархи, нугасны хорт хавдрын үед 1.3 жил хяналтад байлгадаг. Харамсалтай нь, нийт тохиолдлын 53.3 хувь нь нас бардаг аж. Ш.Энхтөр захирал хэлэхдээ “Бидний нэн тэргүүнд анхаарах асуудал нь тархины хавдартай хүүхдийн эмчилгээний үр дүнг сайжруулах явдал. Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэнтэй нягт холбоотой ажиллах шаардлага тулгараад байна. Эхний ээлжид мэс заслын чанарыг нэмэгдүүлэх, эрт оношлох нь чухал. Зарим хавдар амьсгал, зүрхний төв буюу бага тархины ойролцоо байрласан нь цөөнгүй. Тархи руугаа мод шиг салаалж, ургасан нь ч бий. Энэ тохиолдолд мэс засал хийхэд төвөгтэй. Жил бүр хавдрын улмаас 44-60 орчим хүүхэд эндэж байна. Нэг ч гэсэн иргэнээ аврахын төлөө улс даяар зүтгэх ёстой. ЭХЭМҮТ хүүхдийн өвч­ний нарийн мэргэжлийн 24 төрлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд эхлээд хэд хэдэн асуудлыг ярьж, шийдэх хэрэгтэй. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2015 онд 1000 амьд төрөлтөд 18.3 байсан. Засгийн газрын “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т үүнийг 2020 онд 15, 10 жилийн дараа ес болгож цөөрүүлэх зорилт дэвшүүлсэн. Улсын хэмжээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дунджаар 1400 орчим бүртгэгддэг. 200 нь зам, тээврийн болон ахуйн осол, гэмтэл, 600 орчим нь жирэмсний явцад болон төрсний дараах, сэргийлж болох тохиолдлоор энддэг гэсэн судалгаа бий. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн болон эм­нэлгийн анхан шатны үйлчилгээг зөв зохион байгуулахаас эхлээд эцэг, эх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай” гэсэн юм.

Мөн тэрбээр “Манай эрдэмтэн, судлаачид хүн амын өсөлтийн төлөвийг олон улсын аргачлалаар тооцжээ. 2030 он гэхэд жилд дунджаар 200 орчим мянган эх амаржих төлөвтэй байна. Үүнд улс төр, нийгэм, эдийн засгийн байдал нөлөөлөх ч тоо нь тийм хол зөрөхгүй болов уу. Энэ бүхнийг нарийн тооцсоны үндсэн дээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зөв зохион байгуулах, хүний нөөц, хангамжийн асуудлаа яаж шийдвэрлэхээ бодож, төлөвлөх ёстой. ДЭМБ хүүхдийн хавдрын эм­чилгээний чанарыг хоёр дахин сайжруулахыг гишүүн орнууддаа зөвлөсөн. Хавдрыг эмчлэх дундаж хугацаа 2-3 жил байдаг. Гэтэл манайд зарим хүүхэд жилд таваас олон удаа хэвтэн эмчлүүлдэг. Эмчилгээний явцад хавдрын эс задрах, зүрхний булчингийн үрэвсэл, бөөрний дутагдал, уушгины хатгалгаа зэргээр өвчин нь хүндрэх тохиолдол цөөнгүй. Нөгөө талаар курс эмчилгээ хийлгэхийн тулд Баян-Өлгийгөөс нийслэлд ирээд 170-180 хонож байгаа хүүхэд, тэдний ар гэрийнхний сэтгэл зүй болоод эдийн засаг ямар байх вэ гэдгээс асуудлыг эхлэн ярих ёстой” хэмээв.

Төр, засаг хавдартай хүүхдүүдийг асарч, эмчлэх чадавхаа бүрдүүлэх шаардлага тулгарсныг дээрх тоо баримт гэрчилж байна. Нөөц, бололцоо нь бүрдсэнийг ч мэргэжлийнхэн хэлсэн. ЭХЭМҮТ Хүүхдийн эмнэлгийнхээ өргөтгөлийн 4-6 дугаар давхарт хавдартай хүүхдүү­дийг эмчилдэг. Оношилгооны хувьд 2014 онд Зүрхний ангиографи, катетрын лаборатори байгуулсан. 2016 онд 128 зүслэг хийх хүчин чадалтай СТ суурилуулсан, 2015-2016 онд Австрийн Засгийн газрын долоон сая долларын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө шинэ­чилсэн. Өдгөө 1.5 теслагийн хүчин чадалтай MRI аппарат суурилуулж байна. Энэ оны сүүлч гэхэд хүүхдийн хавдрыг эсийн түвшинд ялган оношилдог иммуногистохимийн бүрэн автомат анализатор суурилуулах гэнэ. Гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмжөөр хангагдаж буй нь сайн хэрэг ч “идэш тэжээл”-ийг төрөөс хангахгүй бол горьгүй.

Хавдрын эмчилгээ өндөр өртөгтэй. Эм, тариа, оношилгоо, шинжилгээний урвалжууд нь үнэтэй. Эмнэлгүүд 2020 оны төсвийн тодотголоо 2019 оны хавраас бэлтгэж, наадмын дараа ЭМЯ, ирэх есдүгээр сард Сангийн яаманд хүргүүлнэ. Шат, шатанд тануулж “явсаар” УИХ-аар батлуулдаг. Гэтэл 2020 онд хэчнээн хүүхэд хавдраар оношлогдох нь тодорхойгүй, төсвийг нь ч тусгадаггүй юм байна. Энэ бүхнийг шийдэх үр дүнтэй арга нь богино болон урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах. Үүнд өмнө нь дурдсан ДЭМБ-ын дөрвөн үндсэн зорилтыг тусгахаас гадна тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн суурь ба хүрэх түвшнийг тогтоох, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээний зардлын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх, тасралтгүй хангах, эмч, мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, хөшүүргийг бүрдүүлэх зэрэг томоохон зорилтыг багтаах аж.

Манайд жил бүр хүүхдийн хорт хавдрын 88 100 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 2018 онд нийт хорт хавдрын 47.3 хувь нь Улаанбаатар хотод оношлогджээ. Энэ бол түгшүүр. Улс, орны хөгжил, төрөөс зорилтот бүлгийнхэнд тавьж байгаа анхаарал, зарцуулж буй хөрөнгө зэргээс шалтгаалж хавдрын өвчлөлийг “хазаарлах” боломжтой гэж олон улсад үздэг. Түүнээс биш хоосон амлаад нэмэргүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)