Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөс уриалга гаргалаа

Налайх дүүргийн "Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл" өнөөдөр хуралдаж, хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа хэлэлцлээ. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Хүүхэд хамгаалал болон цаг үеийн талаар хуралд оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм.

Тэрбээр мэдээлэлдээ ая тухтай орчин нөхцөлийг хангах бүтээн байгуулалтын ажлыг дүүргийн зүгээс эрчимтэй хийж хэрэгжүүлж байгаа хэдий ч хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол зэрэг асуудалд онцгойлон анхаарч бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Нэн ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд ямар нэг хэлбэрээр золиос болох ёсгүй гэдгийг дурдаад гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд хүүхэд хамгааллын байртай болж байгаа талаар болон бусад ажлуудаа танилцуулсан юм.

Мөн Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн тамгын газраас "Хүүхэд холбогдсон гэр бүлийн маргаантай хэргийн шийдвэрлэлт", Прокурорын газраас "Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл", Онцгой байдлын хэлтсээс "Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ", Цагдаагийн хэлтсээс "Хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралт" зэрэг чухал сэдвүүдийг хөндөн, мэдээлэл солилцлоо.

Налайх дүүргийн "Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл"-өөс "ИРЭЭДҮЙГЭЭ-ХАЙРЛАЯ, ХАМГААЛЬЯ, ХӨГЖҮҮЛЬЕ" гэсэн уриалга гаргаж, бүх шатанд төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг уриаллаа гэж нийслэлийн Налай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)