Хүүхдийн тусламжийн 108 утсыг сурталчлах аян зохион байгуулагдлаа

Олон улсын хүүхдийн тусламжийн өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Mongolian Hummer club" хамтран "Хүүхдийн тусламжийн 108" утсыг сурталчлах, бусдад таниулах сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийт "Олон улсын Хүүхдийн Тусламжийн Утасны өдөр" болгон тэмдэглэх болжээ.

Аяны хүрээнд хаммертай залуус хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн уриа лоозон, туг далбаа хийсгэн цуваа болж замын хөдөлгөөнд оролцжээ. Мөн хүүхдүүдэд үнэгүй амны хаалт тарааж, цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.

Олон Улсын хүүхдийн тусламжийн утасны сүлжээ Child Helpline International нь 1989 онд байгуулагдсан. Өнөөгийн байдлаар  хүүхдийн тусламжийн утасны сүлжээнд 145 орон гишүүнээр элсэж, ойролцоогоор 126 сая дуудлага хүлээн аваад байна. 

Монгол Улсын хувьд 2006 онд Олон Улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээнд элсэн орж, 2008 онд гишүүнчлэлийн статустай болсноос хойш Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, аян болон бусад арга хэмжээ зохион байгуулсаар иржээ.

Арга хэмжээний төгсгөлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал С.Отгонсүрэн "Хүүхдийн утас байгуулагдсаны 6 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын хүрээнд нийгэмд Хүүхдийн тусламжийн 108 утсыг таниулах зорилготой нөлөөллийн ажил маань амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг дэмжин ажилласан "Mongolian Hummer club"-ын хамт олондоо талархал илэрхийлье" гэлээ.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь 0-18 насны хүүхдийн хамгаалал хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн талаархи мэдээллийг хүлээн авч мэргэжлийн үйлчилгээнд холбон зуучлах, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээнд холбон зуучлах, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн мэдээллийг хүргэх, хүүхдийн дуу хоолойг сонсон хүүхдэд хамааралтай асуудалд шийдвэр гаргахад болон хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог хангах, оролцоонд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх,  хүүхэд хамгаалалд төрийн болон ТББ, бизнесийн аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)