Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 90 хувьд олгоход төсвөөс 61 тэрбум төгрөг нэмж гаргана

УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэлээ.

Тиймээс хууль санаачлагч хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй гэж үзэж уг төслийг боловсруулсан байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж, төсвөөс 41.04 тэрбум төгрөг нэмж гаргах шаардлагатай болж байгаа. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж, 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй гэсэн судалгаа бий бөгөөд иймд хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөх саналтай байгаа аж. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан тул тогтоолын уг төслийг боловсруулсан гэлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байгаад анхаарах, халамжид зарцуулдаг төсвийн хөрөнгийг эдийн засагт үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалтад зарцуулж, ажлын байр бий болгож айл өрхийн орлогыг дээшлүүлж болох учраас энэ асуудлаар улс төрийн намууд зөвшилцөх хэрэгтэй, цаашид байгалийн баялгаар бүтээгдэж байгаа мөнгө эргээд баялаг болох ёстойг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)