Хүүхдийн мөнгийг 80 хувь нь олгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцсон.

Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан.

Гишүүдийн зүгээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр бэлэн мөнгө олгох санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн гаргасан Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11.-д заасан нийгмийн хамгааллын босго шугамын оноог шинэчлэх, хүүхдийн мөнгө аваагүйгээс хуримтлагдсан хөрөнгийг хүүхэд хөгжлийн сан байгуулж төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссан тул УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)