Хүүхдийн мөнгийг 60 хувьд бэлнээр, 40 хувьд нь хуримтлалаар 2019 онд бөөнд нь алагчлалгүй олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэтбат энэ сарын 6-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллалаа. Энэ нь түүний хувьд  Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа томилолтоор ажиллаж буй тав дахь аймаг бөгөөд тэрээр маргаашаас Булган, Хөвсгөл аймагт ажиллах юм. Энэ үеэрээ аймгийн иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд сонирхсон асуултад нь хариуллаа.

Ахмадын тэтгэвэр, оюутны далан мянган төгрөг, хүүхдийн мөнгөний талаар асуусан иргэдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

О.Содбилэг гишүүн бид хоёр “Ач санах тухай буюу насны хишиг тэтгэврийн тухай хуулийг өнгөрсөн парламентийн үед санаачилсан ч УИХ-аар хэлэлцээгүй. Шинэ Засгийн газар энэ төслийг Ахмад настны тухай хууль болгож хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсанд баяртай байгаа. Хамтын тэтгэврийн хуульд 7 мянган ахмад л хамрагдах байсан бол “Насны хишиг” тэтгэврийг 78 мянган хүн хүртэх юм. Эдийн засаг сайжрахын хэрээр жилд хоёр удаа биш дөрвөн удаа буюу улирал тутам “Насны хишиг” олгохоор төлөвлөсөн гэлээ.

Мөн зээлийн хүүг бууруулах аргачлалыг боловсруулсан, цалингийн зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллана гэв.

Залуучуудын хөгжлийн тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийг боловсруулж, УИХ-д хэлэлцүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Манай Засгийн газар Хүүхэд, залуучуудын агентлагийг байгуулсан гэдгийг хэллээ.

Оюутны 70 мянгыг зогсоосон, 70 мянга авах гэж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурах хүмүүс олон байна. МСҮТ-ийг менежментийн хувьчлалаар багш нарт нь хувьчлахаар эрх зүйн зохицуулалтыг хийхээр болж байгаа. Оюутны 70 мянгыг зогсоож, оюутны сургалтын төлбөрийн зээлийг бий болголоо.

Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно. Ингэхдээ 60 хувьд бэлнээр, 40 хувьд нь хуримтлалаар 2019 онд бөөнд нь олгоно гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)